Манай рок попын ертөнцөд охидын гэх цөөхөн хамтлаг байдаг. Энэ орон зайг мэдэрч гарсан “Anemone” хамтлагийнхан богино хугацаанд өөрсдийн гэсэн сонсогч, фенүүдтэй болж чадсан юм.

Тэд стиль имиж, хоолойн чадлаараа ялгарч, дуу бүр нь олны хүртээл болдог. Тэдний дууг сонсож, даган дуулдаг охид цөөнгүй бий.  

Анх 25-р суваг телевизийн “Making the band” шоу нэвтрүүлгийн 300 гаруй авъяаслаг охидоос ялгарч, шалгарсан тэдний продюсераар хөгжмийн зохиолч Ц.Чулуунбаатар ажилладаг. Хамтлагийн охидод уран бүтээлийн зөвлөгөө, уран бүтээлч байхад юуг анхаарах, тайзан дээр хэрхэн биеэ авч явах гээд бүхий л зүйлийг зааж сургадаг гэнэ.  Тэдний “Хаврын хайр”, “Төрсөн өдрийн мэнд хүргье ээжээ”, “Надад мөрөөдөл бий”, “Чи яг дурлал шиг” уран бүтээлүүд нь сонсогчидод хүрсэн чанартай уран бүтээл болсон юм.

Хамтлагийн гишүүн Оно буюу Оюунтуяа урлагийн чиглэлээр суралцахаар арлын орныг зорьсон. Харин хамтлагийн гишүүд болох  Жулдыз, Жанна, Цэнгэлэн, Халиун нар шинэ гишүүн авалгүй уран бүтээлээ үргэлжлүүлэхээр шийдэн, ажиллаж байгаа юм.

Б.Хорлоо