Өчигдөр Бразилийн Рио де Жанейро хотноо 2013 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн билээ.

Энэ тэмцээний эхний өдөр манай шигшээ багийн тамирчид гараагаа амжилт дүүрэн эхэлсэн бөгөөд эмэгтэйчүүдийн 48 кг-д өрсөлдсөн ОХУМ М.Уранцэцэг жиндээ аваргалж, Монгол улс анх удаагаа жудогийн дэлхийн аварга эмэгтэй жудочтой боллоо.

Тэрээр 48 кг-ын жинд В хэсэгт сугалаа татаж, эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Украйны жүдоч Марина Кротыг цэвэр, дараагийн барилдаандаа Колумбын Эблин Лукумиг мөн цэвэр, улмаар Кубын тамирчин Мария Селия Лабордег дахин цэвэр ялснаар хэсгийн аварга болжээ. Ингээд дараагийн барилдаанаа  Бразилийн жүдоч Сара Менезестэй хийж, олимпийн аварга тамирчныг нутгийнх нь дэвжээнд сөхрүүлснээр аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болжээ. Аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд М.Уранцэцэг 2010 оны дэлхийн аварга, Японы тамирчин Харуна Асамитай барилдаж, 2:18 минутад цэвэр ялж, Монголын спортын түүхэнд цоо шинэ хуудас нэмж, шинэ амжилтын эзэн боллоо. 

Жудогийн дэлхийн аваргаас авч буй 2 дахь алтан медаль нь энэ болж байгаа бөгөөд 2009 онд Х.Цагаанбаатар анхны алтан медалийг хүртэж байсан билээ.

Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос баталсан шинэ дүрмийн дагуу болж буй. Өнөө жилийн тэмцээнд өрсөлдөхөөр дэлхийн 123 орны 680 тамирчин ирэх олимпийн "нийслэл" хотноо чуулаад байна.