Монгол Улсын иргэн Т.Аятунгаа нь 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Хүний эрхийн Үндэсний Комисст хандаж өөрийн төрсөн охин Ч.Тэргэлсарыг 5 сартай байхад нь Филиппин улсад төрсөн эцэгт нь алдсан, хүүхдээ олж авч чадахгүй байгаа тул  хүүхдээ олоход туслалцаа үзүүлэхийг хүссэн гомдол гаргасан юм.

Тухайн иргэний гомдлын дагуу ХЭҮК-оос шаардлагатай ажиллагааг явуулж, Гадаад харилцааны яам, Эрүүгийн цагдаагийн газар, Филиппин улсын Хүний эрхийн Үндэсний Комисс зэрэг байгууллагатай хамтран ажиллаж байна.

Хүүхэд хулгайлагдсан байж болзошгүй асуудлыг холбогдох байгууллагууд шалгаж байгаа эгзэгтэй үед иргэн Т.Аятунгаагийн нэр төр, алдар хүндэд халдсан, сэтгэл зүйн дарамтад давхар оруулсан мэдээлэл цацахгүй байхыг хэвлэл мэдээллийн бүх байгууллагад хандан ХЭҮК-оос уриалж байна.

Ингээд түүнээс авсан ярилцлагыг хүргэж байна.

Загвар өмсөгч Т.Аятунгааг хүүхэд хулгайлсан хэргээр Интерполоор эрэн сурвалжилж байгаа. Энэ талаар Т.Аятунгаатай ярилцлаа.

-Таныг Интерполоор эрэн сурвалжилж байна. Энэ тухай тайлбар өгөхгүй юу?

-Миний тухай ор үндэсгүй худал мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдлаа. Энэ нь намайг маш их гомдоож эмзэглүүлж байна. Гэхдээ энэ бол тавхан сартай охиноо алдсаны хажууд юу ч биш. Би Филиппин улс руу таван сар гарантай охиноо дагуулаад охиныхоо аавтай амьдрахаар ээжтэйгээ Филиппин улс руу явсан. Тэгээд тэнд амьдарч байгаад хөхнөөсөө ч гараагүй байсан охиноо хулгайд алдчихлаа.

-Яг хэзээ алдсан юм бэ?

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 5-нд алдсан. Охиноо алдаад 106 хонож байна. Охиноо эрүүл, амьд байгаа эсэхийг ч мэдэхгүй байна. Намайг тэнд очиход охины маань эцэг миний гадаад паспортыг, бусад холбоо барих хэрэгслийг байхгүй болгосон. Тэгээд би Монголын өргөмжит консулын газар хандаж, мөн Филиппиний үндэсний цагдаагийн газар хамтарч охиныг маань хайсан боловч олдолгүй байсаар миний визний хугацаа дууссан. Тэгээд би тус сарынхаа 30-нд буцах түр үнэмлэхээр Монголд ээжтэйгээ хамт ирсэн.

-Хүүхдийг чинь яг яаж хулгайлсан юм бэ?

-Бид гурав гэртээ байж байхад хүүхдийн маань эцэг гарчихаад ирье гээд охиноо тэврээд гарсан. Тэгээд тэр өдрөөс хойш дахиж ирээгүй. Тэгээд би хуулийнханд хандаад охиноо олоод авчих болов уу гэж зөндөө хүлээсэн.

-Өөр байгууллагуудад хандав уу?

-Гадаад харилцааны яам, Улсын мөрдөн байцаах газар, Хүний эрхийн үндэсний комисс, төрийн бус байгууллагуудад хандсан байгаа. Гэхдээ охины маань талаар нэг ч сураг гараагүй байна. Тийм байхад би өөрөө хилс хэрэгт гүтгэгдээд нэр хүнд маань доромжлогдож байна. Ийм мэдээлэл цацагдаж байгаа нь намайг хүчгүйдүүлэх гэсэн арга байх гэж би бодож байгаа. Би хүүхдээ олж авахаас нааш хайх ажиллагаагаа зогсоохгүй.

-Нөхөр чинь ямар учраас хүүхдийг чинь хулгайлсан юм бол. Таарамжгүй харилцаатай байв уу?

-Бид хоёрын харилцаа хэвийн байсан. Би өөрөө ч гайхаж байна. Хүүхдээ өөрөө өсгөөд хүмүүжүүлээд явмаар байгаа бол яагаад монголд байхад тэгээгүй юм. Заавал харь оронд очоод биднийг тийм байдалд оруулж байгаа юм бол. Хуулийнх нь дагуу яваад хүүхдээ авч болоогүй юм уу гэж гайхаж байна. 

-Нөхөр чинь аль улсын иргэн юм бэ?

-Би хүүхдийнхээ эцгийн талаар болон өөрийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгмөөргүй байна. Яг аль улс нь тодорхойгүй. Олон улсын иргэншилтэй.

-Тэгээд хүүхдийг чинь хулгайлсан байхад өөрийг чинь Интерполоор сурвалжилж байгаа нь сонин байна л даа?

-Хүүхдийг маань хулгайлсан хэрэгт албан ёсоор эрүүгийн хэрэг үүсчихсэн байгаа. Би Интерполоор сурвалжлагдах ёсгүй. Харин ч хохирогчоор тогтоогдсон. Хуулийн дагуу шалгаж байна. Манай найз над руу утасдаад чамайг Интерполоор эрэн сурвалжилж байгаа тухай фейсбүүкээр яваад байна гэсэн. Тэгээд би маш их гайхсан. Өөрөө би хохирогч байж, хэвлэлээр гүтгүүлж, эрэн сурвалжлагдаж байгаад. Гэхдээ бодоод байхад би хүүхдээ олж авахын тулд эргээд Филиппин рүү явах болно. Тиймээс намайг хилээр гаргахгүйн тулд хүүхдийн маань эцэг ийм зүйл хийсэн болов уу.

-Интерполоор эрэн сурвалжилж байгаа талаар хуулийнхан тантай холбогдсон уу?

-Монголын консулын газар, Сингапур дах Элчин сайдын яамнаас албан ёсоор мэдэгдсэн. Гэхдээ надад тайлбарлахдаа прокурорын газраас гаргасан анхан шатны хүсэмжлэл гэж хэлсэн. Яг албан ёсоор энэ хүн ийм хэрэг хийгээд энэ хэргийнх нь дагуу эрэн сурвалжилж байна гэсэн үг биш гэсэн албан тоот ирсэн.

-Ээжийг тань ч гэсэн эрэн сурвалжилж байгаа гэж дуулсан?

-Тийм. Гэхдээ би ерөөсөө Интерполын вэб хуудас руу орж хараагүй байна. Яагаад ийм мэдээлэл цацагдаж байгааг хуулийн байгууллага шалгаж тогтоох байх.

-Нөхөртэйгээ хуурамчаар гэрлэсэн гэсэн. Энэ талаар тайлбар өгөөч?

-Албан ёсны гэрлэлт бол гэрчилгээ өгдөг. Бид хоёрын хувьд зүгээр л ёслол хийгээд өнгөрсөн.

-Нөхөр чинь юу хийдэг байсан юм бэ. Монголд бизнес хийдэг байсан гэх юм?

-Тэр хүний хувийн бизнесийн талаар би сайн мэдэхгүй байна. Яагаад гэхээр тэр хүн надаас ихэнх зүйлээ нуудаг байсан. Би бас эмэгтэй хүн. Тиймээс нөхрийнхөө ажилд оролцоод байдаггүй байсан.

-Монголд хамт ажиллаж байсан найз нөхдөөс нь асууж сурагласан уу?

-Холбогдох гэж хичээж байна.

-Хүүхдийн чинь гэрчилгээ байгаа юу?

-Байдаг. Гэхдээ төрснийх нь дараа төрсний гэрчилгээг нь хүүхдийн маань эцэг авчихаад надад эргүүлж өгөөгүй. Тэгээд би монголд ирээд Улсын бүртгэлийн Ерөнхий газар хүсэлт гаргаж байгаад хуулбарыг нь авсан.

-Нөхрөө сайн мэдэхгүй гэх юм. Тэгвэл яагаад гэр бүл болсон юм бэ?

-Хувийн мэдээллийн талаараа мэдээлэл өгмөөргүй байна.