Сүүлийн жилүүдэд манай улсад сагсан бөмбөгийн спортын хөгжил нэлээд хурдацтай ахиж байгааг нотлон харуулж манай тамирчид Ази тивийн хэд хэдэн тоглолтод шуугиан тарьсан тоглолт гаргаж бусад орны тамирчдад шинэ үеийн давалгаагаа мэдрүүлсээр байгаа билээ. Тэгвэл энэ удаад бид Монгол улсын шигшээ багийн гишүүн,Олон улсын хэмжээний мастер, Лигийн гурван удаагийн аварга, "Альянс Тех Харцага" багийн төвийн тоглогч Пүрэвжавын Болортулгатай ярилцлаа. Түүний хувьд лигийн шилдэг тоглогч Одбаярын хамт тус багт хүчин зүтгэж байхдаа "Ихэр хоёр цамхаг" хэмээн яригдаж байсныг сагсан бөмбөг сонирхогчид сайн мэдэх байх.

-Хэдэн настайдаа энэ спортоор хичээллэж эхэлсэн бэ?

-Оюутан болсноосоо хойш л хичээллэж эхэлсэн. 17 наснаасаа хойш юм уу даа.

-Сагсан бөмбөгийн спортод ороход хамгийн их нөлөөлсөн хүн хэн байв?

-Тухайн үед NBA үздэг байсан. NBA үзэж байгаад л дуртай болсон доо. Майкл Жорданг хараад л.

-Авч байсан шагналаас хамгийн дурсамжтай мөн өөрөөрөө хамгийн их бахархаж явдаг медаль?

-Лигийн аваргын алтан медалиуд л бахархалтай байсан даа. Гурван удаа авч түрүүлж байсан.

-Багадаа хаана тоглож өссөн бэ?

-Оюутан болоод тоглож эхэлсэн. Санхүү эдийн засгийн дээд сургуулийн зааланд л тоглодог байсан.

-Хүн анхны орсон тэмцээнээсээ медаль шагнал авбал тэрэндээ урамшиж, урам зориг авдаг. Таны анхны медаль ямар медаль байсан бэ?

-Хамгийн анх 16-гаас доош насны өсвөрийн тэмцээнд ороод хүрэл медаль авч байсан.

-Энэ спортоор хичээллэхэд, бэлтгэл сургуулилтаа сайн хийхэд тань хамгийн их сэтгэл санааны дэмжлэг өгч тусалдаг хүн?

-Ер нь ар гэрээс л маш их дэмжлэг өгдөг. Мөн манай багийнхан, найз нөхөд маань л дэмжлэг өгдөг дөө.

-Харцага багт анх яаж орж байсан бэ? Тэр үеийн сэтгэгдэл?

-Харцага баг их олон жилийн түүхтэй баг. Бас үнэхээр сайн баг. Анх ороход үнэхээр сайхан байсан. Өөрөөрөө бахархаж байсан гэж хэлж болно.

-Монголынхоо тамирчдыг легионер тамирчидтай харьцуулбал?

-Легионер тамирчид бол анхнаасаа хөгжилтэй оронд сагс тоглоод сурчихсан. Мөн ур чадварын хувьд илүү байгаа шдээ. Гэхдээ одоо бол Манай тамирчид улам сайжраад бараг ижил төвшинд очиж байгаа.

-Легионер тамирчидтай анх нэг баг болж тоглоход одоо нэг баг болж тоглоход ямар өөрчлөлт мэдрэгдэж байна?

-Анх 4,5 жилийн өмнө ирж байсан. Тэр үед нэг баг болоод тоглоход үсрэлт, ур чадвар, техник эрс ялгаатай байдаг байсан. Харин одоо бол нэг их ялгаагүй болсон гэж хэлж болно.

-Лигт олон аварга болсон. Тэгвэл Олон улсад ямар амжилт гаргахыг хүсдэг вэ?

-Олон улсад бас багаараа медаль авахыг л хүснэ. Азиас медаль авбал бас гоё шдээ тэ.

-Энэ жилийн хувьд хамгаалахад хамгийн хэцүү тоглогч хэн байсан бэ?

-Хамгаалахад хамгийн хэцүү нь Andre Brown, Chu хоёр л байна даа.

-Энэ жилийн Легионер тамирчдаас хамгийн шилдэг тоглогчдыг хэн гэж бодож байна?

-Байрлалаасаа хамаараад бас өөр л дөө. Гэхдээ хамгийн сайн тоглож байгаа нь Chris Jones гэж бодож байна. Монгол тамирчдаас гэвэл Д.Мөнхболд юм уу даа.

-Бэлтгэл сургуулилтаа долоо хоногт хэд хийдэг вэ?

-Ер нь өдөр болгон хийдэг. Долоо хоногийн зургаан өдөр нь бэлтгэлээ хийдэг.

-Манай Монголын эрэгтэй тамирчид бол сайжирч байгаа. Харин эмэгтэй тамирчдын хувьд таны бодлоор дүгнэвэл?

-Манай эмэгтэй тамирчид сайн ш дээ. Азийн тэмцээнд шилдэг наймд орсон. Эрчүүдтэйгээ адилхан эмэгтэй тамирчид маань ч гэсэн сайжирч байгаа. Лигийн тэмцээн болон өөр олон тэмцээн зохион байгуулагдаж байна. Тэгээд тэмцээн ихсэх тусам тамирчид сайжирдаг. Энэ эрчээрээ цаашдаа ч улам сайжрах болно гэдэгт итгэлтэй байгаа.

-Таны хувьд Монголын сагсан бөмбөгд мөн тамирчдад дутагдаж, тулгамдаж байгаа асуудлууд юу байна?

-За дутагдаж байгаа зүйл гэвэл манай тамирчид маань бүгд ар гэртэй, ажил төрөлтэй байдаг. Дан бэлтгэлээ хийж чаддаггүй болохоор Сагсандаа ганц өөрийгөө зориулж чаддаггүй. Бүгд ажил төрөлтэй байнга бэлтгэл хийж чаддаггүй учраас Монгол тамирчдын хувьд амжилт гаргах нь тааруу байдаг байх гэж боддог.

-Сагсан бөмбөг улс төржөөд байгаа гэж хүмүүс нэг хэсэг ярьсан. Та юу гэж хэлмээр байна?

-Аа тэрний талаар сонссон сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ улс төр ороод ирвэл буруудна гэж боддог.

-МУ-ын шигшээ багт яаж орсон?

-Шигшээ багт залуу байхдаа дэвшээд сайжирч байсан болохоор л орсон доо. Тэгээд тоглолтоо ахиулж хичээж байж л орсон.

-2015 оны аварга илүү их хүч хөдөлмөр орсон амттай шагнал байсан гэсэн. Тэгвэл 2010 онд анх аварга авч байхад ямар байсан бэ?

-Анхны аварга авч байхад мэдээж гоё санагдсан. Сэтгэл санааны хувьд ч маш их хөөрөлтэй байсан. Мөн маш их догдолж баярлаж байсан.

-Багийн ахлагчийн хувьд багийнхныгаа хэр сэтгэлээр дэмжиж, ярилцдаг вэ? Хүн бүрт зөвлөгөө өгдөг үү. Багаараа ярилцдаг уу?

-Ер нь аль алиныг нь л хэрэглэдэг. Тус бүрт нь ярих үе ч байна. Багаараа сууж байгаад ярилцах ч үе байдаг. Багийн ахлагч гэдэг чинь багийнхныхаа сэтгэлзүйг нэгтгэх хэрэгтэй байдаг. Багийн спорт бол нэгдэж байж л амжилт гаргадаг. 15 залуу нэг зорилготой, нэг санаатай болж байж л хожлын тавцанд хүрнэ.

-Багийн ахлагч болсон анхны сэтгэгдэл ямар байв. Багтаа гишүүнээр тоглох багийн ахлагчийн үүрэг рольтой тоглох хэр ялгаатай вэ?

-Анх багийн ахлагч болоход хэцүү л гэж бодож байсан. Өөрийгөө шахах хэрэг гарна, бүх тамирчидтайгаа харьцана. Ер нь их хэцүү гэж санагдаж байсан ч одоо харин зүгээр болоод л явж байна. Гишүүнээр тоглох, ахлагчийн үүрэг рольтой тоглох нь хоорондоо маш их ялгаатай шд. Багийн ахлагчийн үүрэг роль нь багийнхандаа байнга үлгэр дуурайлалтай тоглох ёстой. Нөгөө хэдээ дагуулж тоглох ёстой. Ахлагч бол бүгдийг нь хариуцаж тоглох хэрэгтэй болно. Харин гишүүний хувьд бол өөр л дөө. Өөрийн ур чадвараар тоглоно. Мөн дасгалжуулагч, ахлагчийнхаа зөвлөснөөр тоглоно. Ер нь бол ондоо шүү.

-Таны хувьд ямар арга барилаар тоглодог вэ?

-Ер нь шидэлт, самбарын шахалт гээд самбар доор л тоглодог. Гольцоотой хамгийн ойрхон байрлалыг авч тоглодог.

-Яагаад 25 номер сонгосон. Ямар нэгэн утга учиртай юу?

-Өмнө нь 15 номертой тоглодог байсан. Яг тийм утга учир гэх зүйл бол байхгүй. Гоё санагдаад гэх юмуу таалагдаад тэгээд л сонгосон. Одоо цаашдаа ч энэ номероороо тоглоно.

-Таны хувьд NBA-ээс юмуу үлгэр дуурайлал авдаг хүндэлж явдаг тамирчин хэн бэ?

-Олон тамирчид байгаа. Кобе Брайнт, Леброн Жеймс гээд бүгдийг нь л үздэг, сонирхдог. Мөн тоглолтыг нь үзэх дуртай.

-Монголын залуу шинэ тамирчиддаа хандаж туршлагаасаа юу зөвлөмөөр байна?

-Анхныхыгаа бодвол үнэхээр гоё болсон байна. Боломж бол маш их байгаа. Бэлтгэлээ сайн хий, сайн хичээл зүтгэл гарга л гэж хэлмээр байна.

-Тамирчин хүн маш их хөлс хүчээ урсган байж амжилтанд хүрдэг. Таны хувьд энэ спортоор хичээллэснээс хойш хамгийн хүнд хэцүү үе нь юу байсан бэ?

-Анх лигт ороод бэлтгэл хийхэд маш хэцүү байсан. Яагаад гэвэл дандаа ах нартайгаа бэлтгэл хийдэг байсан. Тэр үед л их хэцүү байж дээ.

-Бэртэл авч байсан байх, хамгийн хүнд бэртсэн нь юу байв. Тэр үед хамгийн их тусалж харж хандаж байсан хүн?

-Зөндөө л авч байсан. Бүтэн эрхтэн гэж цөөхөн дөө. Хөл, гар гээд л 10 жил тоглож байгаа болохоор бас олон тэмцээнд оролцож байсан. Янз бүрийн л юм болно шүү дээ. Тэгээд хамгийн хүнд бэртэл гэвэл шагайны бэртэл байсан. Тэр үед ар гэрийнхэн болон багийнхан маань их дэмжлэг өгч байсан.

-Хамтарч тоглоход санаа нийлдэг, хаана ч гар нийлээд тоглочихдог хүнийхээ талаар?

-За багийнхаа бүх залуучуудтай хаана ч гар нийлээд тоглочихдог гэж болно.

 

П.Болортулга: Би амралт, чөлөөт цагаараа гадуур кино үзэх дуртай

 

-Аав, ээжийнхээ талаар яриач?

-Манай аав н.Пүрэвжав гэж Увс аймгийн хүн байдаг. Шарын голын уурхайд ажилладаг. Ээжийг маань н.Адъяа гэдэг. Гэмтлийн эмнэлэгт эмчээр ажилладаг байсан. Одоо тэтгэвэртээ гарсан байгаа.

-Эхээс хэдүүлээ вэ?

-Бид эхээс гурвуулаа. Нэг ахтай мөн нэг эгчтэй.

-Эхнэр хүүхэдтэй юу? Эсвэл найз охинтой юу?

-Одоохондоо гэр бүл байхгүй. Харин найз охин бол байгаа.

-Хүнд хэцүү, гутарсан үед хамгийн түрүүнд хэн бодогддог вэ?

-Хамгийн түрүүнд гэр бүлийнхэн л бодогдоно. Тэгээд найз нөхөд, багийнхан маань гээд бүгд л бодогдоно шд.

-10 жилдээ ямар хүүхэд байсан бэ?

-10 жилдээ өндөр нуруулаг хүүхэд байсан. Тэгээд сагс тоглох дуртай л хүүхэд байсан.

-Дуртай хоол мөн идэж чаддаггүй зүйл?

-Цуйван, Шницель хоёрдугаар хоолонд л дуртай. Харин дургүй, идэж чаддаггүй зүйлээ бодоод бодоод олсонгүй бараг бүгдийг нь идчихдэг юм шиг байна. /инээв/

-Гэрийн ажилд хэр вэ, Хоол хийж чаддаг уу?

-Гэрийн ажилд сайн шд. Хоол хийх дуртай гэхдээ байнга хийгээд байдаггүй. Амралтын өдрөөр өөрөө хоолоо хийж идэх дуртай.

-Хэлэх дуртай үг?

-Олон үг байгаа. Байнга хэлдэг гэвэл Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үгэнд дуртай.

-Хэр шартай вэ?

-Нилээд шартай. Гэхдээ гадагшаа нэг их гаргадаггүй байх.


-Уурлаж бухимдсан үедээ яаж тайвширдаг вэ?

-Дуртай юм аа хийнэ. Сагс тоглож хөлсөө гаргахаар л уур бухимдал арилдаг.

-Завтай үедээ, амралтын өдрөөр юу хийдэг бол?

-Гадуур кино театраар кино үзэх хоббитой.

-Сагснаас өөр спорт сонирхож, хичээллэж байсан уу?

-Хөлбөмбөг бол шохоорхдог. Ширээний теннис гэх зэргийг тоглож чадна.

-Ямар пүүз сонирхдог вэ?

-Nike пүүз л сонирхдог, мөн өмсдөг дөө.

-СЭЗДС-ийг ямар мэргэжлээр төгссөн. Хүссэн мэргэжлээрээ сурсан уу?

-Мэдээж хүсэж байсан мэргэжлээрээ сурсан. Санхүүгийн менежер, Банкны мэргэжлээр төгссөн.

-Хаана ажилладаг вэ?

-2009 оноос Худалдаа Хөгжлийн банканд орсон. Банкны зээлийн эдийн засагчаар ажиллаж эхэлсэн. Одоог хүртэл энэ мэргэжлээрээ 5,6 жил ажиллаж байна.

-Ер нь тоглож чадахгүй болтлоо л тоглох байх. Лигт ч юмуу тэмцээнд орохоо больвол юу хийх вэ?

-Тийм чадахгүй болтлоо л тоглоно гэж боддог. Тэмцээн уралдаанд орохоо боливол ажлаа хийнэ мөн найз нөхөдтэйгөө заал авч хөлсөө гартал тоглоно доо.

-Хамгийн их баярлаж хүндэлж явдаг хүндээ хандаж үг хэлнэ үү?

-За хүндэлдэг, баярлаж явдаг олон хүн байна. Бүгдэнд нь маш их баярладаг шүү. Бас хайртай шүү гэж хэлье.

-Хүсэл тэмүүлэл ирээдүйн зорилгынхоо талаар?

-Спортын талаар ч зорилго байна. Хувь хүний амьдралын зорилго ч байгаа. Нэг их тийм том зүйл хүсэж тэмүүлдэггүй.

-Тэгвэл спортын салбарт ямар амжилт гаргахыг зорьдог вэ?

-Спортоор бол багаараа Лигийн тэмцээнд олон удаа түрүүлэх л зорилготой.

-Хувь хүн үүднээсээ ямар зорилготой явдаг вэ?

-Хувь хүн талаасаа гэвэл хүнээс дутахгүй сайхан амьдралтай. Үр хүүхдүүдтэйгээ тайван сайхан амьдрахыг л бодож явдаг.

-За цаг гаргаад ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье!

Ярилцсан: О.Номин