Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд энэ сарын 16-17-ны өдрүүдэд сувилагчдын ажил мэргэжлийн уралдааныг зохион байгууллаа.  Энэ удаагийн уралдаан “Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулъя” уриан дор явагдсан. Сувилагчдын ажил мэргэжлийн уралдааныг БОЭТ-тэй хамтран “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах жил”-ийн үйл ажиллагааны хүрээнд сувилагч, дархлаажуулалтын сувилагчдын гэсэн 2 ангилалтай явуулсан бөгөөд БОЭТ, сум, өрхийн ЭМТ-ийн нийт 95 сувилагч оролцов.

Эрүүл мэндийн яамнаас 2013 оныг “Эрүүл мэндийн салбарын хариуцлага хяналтыг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан сувилагч, дархлаажуулалтын сувилагч нарын сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, тэдний мэдлэг, ур чадвар, стандарт мөрдөлтийн түвшинг тогтоох, харилцан туршлага солилцуулах зэрэг зорилгуудыг дэвшүүлэн олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн.

Онол, дадлага шалгалтын нийлбэр дүнгээр тэргүүн байрт БОЭТ-ийн мэдээлэл хяналтын албаны сувилагч Ц.Лхамханд, дэд болон гутгаар байрт мэс засал гэмтлийн клиникийн сувилагч П.Цэрмаа, Д.Байгалмаа нар шалгарлаа. Удаах байрыг БОЭТ-ийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасгийн сувилагч П.Мягмарсүрэн, Уянга сумын ЭМТ-ийн сувилагч Б.Дорждулам, Есөнзүйл сумын сум дундын эмнэлгийн ахлах сувилагч Б.Бадамханд нар тус тус эзлэв.

Харин дархлаажуулалтын сувилагчдаас тэргүүн байрт Хайрхандулаан сумын ЭМТ-ийн сувилагч Д.Цэдэвмаа, дэд байрт Нарны дөш ӨЭМТ-ийн Т.Жавзмаа, гутгаар байрт Хужирт сумын ЭМТ-ийн Д.Дэнсмаа нар шалгарсан аж. Тэргүүлсэн сувилагч, дархлаажуулалтын сувилагч нарт тус бүр хүндэтгэлийн тууз, өргөмжлөл хадгалуулан, шагнаж урамшуулав.

Сувилагчдын ажил мэргэжлийн аймгийн уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулснаар сувилагчдын онолын мэдлэг өмнөх оноос 20 хувь, гардан үйлдлийн ур чадвар 25 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.