Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян МАХН-ын дарга Н.Энхбаярын авлигын хэрэгт холбогдсон Н.Энхтуяа,  Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүссэн агуулгатай захидал Интерпол руу өнгөрөгч оны 10-р сард явуулсан билээ. Үүний дараахан  Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахаа больсон хэмээн мэдэгдэж байсан.  Тэгвэл энэ үйлдэл нь мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан хэмээн АТГ-аас үзэж Хууль зүйн дэд сайдад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан бөгөөд өнөөдөр түүний гэм буруутай эсэхийг хэлэлцэх ажээ.       

Дэд сайдын хувьд: Интерпол нь дөрвөн төрлийн хэрэгт эрэн сурвалжлах үйл ажиллагаа явуулах эрхгүй байдаг. Үүнд, хүний эрх зөрчигдсөн, арьс өнгөөр ялгаварласан, улс төрийн болоод шашны хэрэгт Интерпол оролцох боломжгүй. Харин бидний зүгээс МАХН-ын дарга Н.Энхбаярын хэргийг улстөрийн хэлмэгдүүлэлт гэж үзэж байгаа тул Интерполд хандсан. Тиймээс Интерполоос Монголд шинжээчээ явуулж, энэ хэрэг улстөрийн мөн, биш эсэхийг шалгаж, тогтоохыг хүссэн утгатай захидал илгээсэн. Хэрэв улстөрийн хэрэг гэдгийг тогтоовол Интерпол ч, Монголын цагдаагийн байгууллага ч ноцтой асуудалд орно. Энэ үүднээс би Интерполд хандсан” хэмээн энэ хэргийг тайлбарласан юм.  

Энэ хэргийг талаар бид эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа