Түрээсийн орон сууцны цахим сугалааг 2016 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулахаар болжээ.

Төрийн орон сууцны корпорациас “Төрийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ын дагуу долоон ангилалаар иргэдийг 2016 оны 3 дугаар сарын 21-ны өдрөөс 4 дүгээр сарын 1 хүртэл хуваарийн дагуу бүртгэн материалыг хүлээн авсан билээ.

Бүртгэлд 2,400 гаруй иргэд хамрагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар бүртгэлд хамрагдсан иргэдийн материалыг нягтлан шалгах ажиллагаа хийгдэж байна.

Нягтлан шалгах ажиллагаа дуусмагц цахим сугалаанд оролцох иргэдийн нэрсийг 2016 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Төрийн орон сууцны корпорацийн www.tosk.gov.mn сайтад мэдээллэх бөгөөд иргэд өөрсдийн биеэр ТОСК-ийн байранд ирж сугалаанд оролцох эсэхээ тодруулж болно гэж ТОСК-оос мэдээллээ.