Өнөөдөр УЛААНБУРХАНД дарлуулсан монгол улс болчихоод байна. Олон мянган эцэг, эхчүүд хүүхдээ халуурах болгонд л улаанбурхан тусчихсан юм биш байгаа гэж айж сууна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ХӨСҮТ улаанбурханаа дийлэхгүй байгаа талаар дуугарч эхэлсэн ч цахим ертөнцөд хүчээ авч байж арай хийн Ерөнхий сайдын сонорт хүрсэн. Тэрбээр тус эмнэлэгт очиж байдалтай танилцаж, тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэлээ гэх мэдээлэл түгээж эхлэв. Тэгвэл энэ байдал нь зөвхөн галыг намжаасан хэрэг бололтой.

Он гарсаар улаанбурхны халдварыг даалгүй 59 хүүхэд эндсэнийг мэдээлсний дараа өнгөрсөн бямба гаригт Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ХӨСҮТ-д ажиллаж, эмчилгээнд шаардлагатай буй ч, тасарсан дархлааны эмийг хэвийн олгохоор шийдвэрлэж өгсөн юм.

Тэгвэл байдал арай өөр байгаа талаар иргэн Г.Ганбат "Улаан бурханаар өвдсөн хүүхдүүдэд памперс их хэрэг болдог гэх юм. Үнэн бол хэдүүлээ энийг бас чадах юм биш үү. Эмч, сувилагч нарт нь хэрэгтэй ойр зуурын юмс хамт аваад маргааш очих уу?" хэмээн өөрийн цахим хуудаснаа энэ сарын 16-нд нийтэлж олныг хамгийн анх уриалсан юм. Ийнхүү тэрбээр хэсэг иргэдтэй нийлж ХӨСҮТ дээр очсон бөгөөд нөгөө памперс, кашнаас аваад очоод ирлээ. Байдал бодож, төсөөлж байснаас маш муу, бүр маш муу байна гэв.

Мөн тэрбээр "Хүүхдийн эндэгдэл зогсч саараагүй байна, өчигдөр гэхэд хоёр нялх амьтан бас л эндсэн байна. Байдал үнэхээр онцгой ч биш бүр гамшгийн хэмжээнд очоод, их удсан юм байна. 4 болон 6 давхар эмнэлгийн байрууд өвчтөнөөр дүүрсэн, сэхээн амьдруулах тасагт хүнд хүүхдүүд бас дүүрэн, эмч сувилагч нар 24 цаг хөл дээрээ, ээж аавууд хоолой нь зангирч уйлсан, маш олон төрлийн багаж хэрэгсэл, эм тариа нэн дутмаг... иймэрхүү нөхцөл байдалтай байна. Памперс, каш хэрэгтэй ч шийдэл биш байна. Маш олон зүйлс хэрэгтэй байна. Өөр шуурхай, өргөн хүрээтэй арга хэмжээ шаардлагатай байна" гэж нэн шаардлагатай байгаа зүйлсийг ийнхүү оруулж. Өөрийн найз нөхдөөсөө мөн цахим ертөнцийнхөнөөс дэмжлэг туслалцаа хүсэв. Түүнийг олон хүнд дэмжиж аль хэдийнээ хандив цуглуулж эхэлжээ.

Одоогийн байдлаар ХӨСҮТ-д амьсгалын аппарат дутагдаагүй байгаа гэдгийг эмч нар хэллээ. Түүнчлэн хүүхдийн биеийн байдлыг хянадаг мониторыг Засгийн газраас 12 ширхэгийг өнөөдөр суурилуулж өгөх юм. Одоогийн байдлаар нэн чухал зүйлс нь дархлааны тариа, утлагын аппарат хэрэгтэй байгаа юм байна.