Төрийн албан тушаалтан буюу хурган дарга нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглан хөлждөг нь нууц биш. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэдгийг тэр бүр мэддэггүй зарим нэг нь эхнээсээ ял авсан байна. Тэдний нэг нь Архангай аймгийн Булган сумын ИТХ-ын дарга Ц.Төрхүү юм. Гарьд овогт Цэрэндашийн Төрхүүг бусадтай бүлэглэн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас төрийн байгууллагад онц их хэмжээний хохирол буюу хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, Халзан бүргэдэй овогт Санжаагийн Гантулгыг бусадтай бүлэглэн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас төрийн байгууллагад онц их хэмжээний хохирол буюу хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүхээс үзсэн. Тодруулбал тэднийг төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үндэслэлээр АТГ-аас шалгасан бөгөөд шүүхээс Ц.Төрхүүд төрийн албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, нэг жилийн хуацаагаар хорих ял оноосон байна. Мөн тэдний гэмт хэрэг үйлдэж олсон Хьюндай Робекс 1300ww маркийн УБ 72-03 улсын дугаартай экскаватор буюу 33 800 000 төгрөг, АЯ0033101 дугаартай тээврхийн хэрэгслийг гэрчилгээ зэргийг улсын орлого болгосон байна.

Төр түмэн нь итгэл хүлээлгэж байхад хээл хахууль авсан Нийслэлийн Баянгол дүүргийн 51 дүгээр дунд сургуулийн захирал Ю.Энхтуул мөн ял авсан байдаг. Тодруулбал Бэсүүд овогт Юурагийн Энхтуулыг албан тушаалтан хээль хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж өөрөө хээл хахууль авсан байж болзошгүй гэмт хэргийг АТГ-аас шалгасан. Улмаар шүүхээс Ю.Энхтуул уг гэмт хэргийг хясан боогдуулах замаар үйлдсэнг шүүхээс тогтоосон байдаг. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар шүүгдэгч Ю.Энхтуулыг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 05 жил 01 сар хорих ялаар шийтгэсэн байна.

Төр, түмэн нь итгэл хүлээлгэж байхад өөрт ашигтайгаар ёс бус аашилж, хууль зөрчсөн нэр бүхий иргэнд ийнхүү ял оноосон байна. Төрөөс төрсөн тэмбумтанууд, төрийн албыг “будлиантуулж” байгаа хүмүүст дээрх хоёр жишээ сэрэмжлүүлэг болох бизээ.

А.Баярмаа