ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн профессор Э.Равдан “Дэлхийд тархсан монгол газар нутгийн нэр” бүтээлийг хэвлүүлжээ. МУИС-ийн Гадаад хэл соёлын сургуулийн Нэр судлалын төвийн судалгааны хүрээнд цөөнгүй улс орны эрдэмтдээс монгол, англи, орос, франц, хятад хэлээр бүтээсэн өгүүллүүдийн цомог болсон “Дэлхийд тархсан монгол газар нутгийн нэр” (УБ., 2005, 2006, 2013) номын нээлт 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 15.00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар (Соёлын төв өргөө)-ын 3 дугаар давхрын хурлын танхимд болох юм.

Уг бүтээлд орсон өгүүллүүд нь Монгол их гүрнийхээ хувь зохиолыг даган наад зах нь Нийтийн тооллын 300-аад оны үеэс дэлхийн олон улс оронд цацагдан тэнд идээшсэн монгол газар нутгийн нэрийг “Танай юм шүү гэж тогтоож өгсөн харь улсын эрдэмтдийн судалгааны нээлтүүд юм. Монгол газар нутгийн нэр нь эргэлзээ бүхий эд өлгийн зүйлээс хэдэнтээ илүү Монголын түүх-соёлын маргашгүй, мартагдашгүй өв сурвалж, баримт мөнөөс мөн болохыг олон улсын эрдэмтэд тийнхүү үзэж нотолжээ. Нэр дагаж бидний өвөг дээдсийн түүхэн тодорхой үйл, зан заншил, ёс суртахуун зэрэг нь Өрнө, Дорнын олон улсад хэрхэн, хаана, яаж өрнөснийг аль нэг байдлаар дээрх өгүүлэл бүр бэлхнээ өгүүлсэн байна.