Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах тухай Хууль зүйн байнгын хорооноос УИХ-д оруулсан тогтоол хэзээ хэлэлцэгдэх бол. Ийм хүлээлт олон хүнд байна. Зарим нь нэг хүнд зориулсан тогтоол гэсэн шошго зүүж МАХН-ын дарга Н.Энхбаярын нэрийг дурдаж буй. АН-ын Л.Гансүх, Г.Дэнзэн, Х.Баттулга нарт хамаатай гэцгээх хүн ч цөөнгүй. МАН-ынханд ч хамаатай гэсэн мэдээлэл гараад амжсан. Түүнчлэн сонгуультай холбож, ярьж, хэлэх нь ч байна. Харин тогтоол гаргах болсон нөхцөл, шалтгааны тухайд хуульчид үүнээс өөрийг хэлж байгаа юм. Учир нь Ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд асуудал үүссэн.

Яагаад асуудал үүсэв гэхээр уг хуулиар өршөөл, уучлалд хамрагдсан иргэдийн хувийн хэрэгт ял шийтгэлгүйд тооцсон тэмдэглэл хийх ёстой. Хууль бүх хүнд адил тэгш үйлчлэх учиртай. Энд л нэг хүнийг чадах гээд нийтийг хорлосон асуудал илэрсэн шиг. Өршөөсөн атлаа нэг хэсгийг нь ялаас чөлөөлж, нөгөө хэсгийг нь ялтай гэж бичихэд тулсан ийм л асуудал үүссэнийг хуульчид хэлж буй.

Хууль зүйн байнгын хороо асуудлыг сонсч, судалсны үндсэнд тогтоолын төсөл санаачилсан болохыг Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат хэлж байсан. УИХ дахь АН-ын бүлэг ч 100 хувь дэмжсэн. Тогтоол дахь “Ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд 2015 оны долоодугаар сарын 2-ны 24.00 цагаас өмнө шүүхээс ял шийтгэгдэж, үндсэн ялыг эдэлсэн, өршөөл, уучлалд хамрагдсан хүнийг ялтайд тооцох хугацааг ямар гэмт хэрэгт холбогдсоноос үл хамааран хувийн хэрэгт нь ял шийтгэлгүйд тооцсон тухай тэмдэглэл хийж, нэг мөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт даалгасугай” гэсэн нь энэ л учирт зангидагдаж байна.

Тогтоол хэлэлцэгдэж батлагдвал нэг хүн биш нийтийг чирэгдүүлсэн асуудал шийдэгдэнэ. Хууль нэг хүнд зориулагддаггүй болохоор нэр дуррдагдаад буй эрхмүүд ч гэсэн багтах л биз. Дээр нь УИХ доторх 76 гишүүн ч дархлагдчихсан биш дараагийнхаа алхмыг тооцоолсон байх магадлал бас байна.