Монгол улсад зуны олимпийн XXXI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн “The first “Last-Chance” /Эхний –сүүлчийн бололмж/ тэмцээн анх удаа болж байна.

Буянт-Ухаа спортын ордонд болж буй олимпийн эрхийн тэмцээн өчигдөр сонгомол барилдаанаар эхэлсэн юм. Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн барилдаан өнөө өглөө эхэллээ. Өнөөдөр эмэгтэй 48, 53, 58, 63, 69, 75 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Эмэгтэй бөхчүүдийн хувьд жиндээ финалд үлдсэн тамирчид РИО-гийн эрхийг авах юм.

Өнөөдөр манайхаас 48 кг-д ОУХМ Ц.Намуунцэцэг, 75 кг-д ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамичин О.Бурмаа нар олимпийн эрхийн төлөө барилдана. 75 кг-д О.Бурмаа эхний барилдаанаа Азийн наадмын хүрэл медальт БНСУ-ын Хван Еэнжюүтэй хийв. Тэрбээр өрсөлдөгчөө оноогоор цэвэр яллаа. Харин ОХУ-ын бөх Е.Букинатай барилдаж, торгуулиар нэг оноо алдан ялагдлаа. Хоёр бөхийн барилдаан тэнцүхэн өрнөсөн бөгөөд барилдааны хоёрдугаар үед Букинагийн торгуулийн 30 секунд явж байхад манай бөх дайрч дэвжээнээс гарган нэг оноог авсан. О.Бурмаагийн хувьд дайрч оноо авалгүй хүлээж, өрсөлдөгчөө торгуулсан бол хожих боломж байсан юм. Одоо манай бөх хүрэл медалийн төлөө барилдах боломжтой.