УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Иргэний улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

1999 оны хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Иргэний бүртгэлийн тухай хуулиар Монгол Улсын иргэний бүртгэл болон түүнийг эрхлэх байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулж байна. Уг хууль батлагдсанаас хойш нийт 10 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 100 гаруй зүйл, заалтад өөрчлөлт орсон хэдий ч хуулийн зүйл, заалтын уялдаа холбоо муу, нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, зохицуулалт нь хуучирсан, зарим шаардлагатай зохицуулалт тусгагдаагүй байна.

Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах асуудлыг тусгав. Тухайлбал, хуулийн төслийн нэрийг Иргэний улсын бүртгэлийн тухай хууль гэж өөрчилжээ. Ингэхдээ иргэн улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтаас бүртгэлийн байгууллагын мэдээллийн санд байгаа мэдээлэл бүхий баримт бичгийн хуулбар, лавлагаа зэргийг хасч, улсын бүртгэгч мэдээллийн нэгдсэн сан дахь мэдээлэл, нотлох баримт бичигт үндэслэн бүртгэлийг хөтлөх, түүнтэй холбоотой зохицуулалтыг нэмж тусгасан. Сум, дүүрэг, хорооны улсын бүртгэгч, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын иргэний бүртгэл хариуцсан ажилтны иргэний улсын бүртгэл хөтлөх үйл ажиллагааг тодорхой болгон өргөжүүлж, зарим төрлийн иргэний улсын бүртгэл хийх боломжийг шинээр бүрдүүлсэн. Шилжилт хөдөлгөөн, Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллаа сэргээн тогтоосны, хүйс өөрчлөгдсний, овог, нэр өөрчлөлтийн бүртгэлээс бусад бүртгэлийг засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй бүртгэдэг байхаар тусгажээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, “Иргэний бүртгэлийн тухай хууль орж ирснээр иргэний үнэмлэх өөрчлөх үү. Хууль батлагдснаар үнэмлэх сольё, агуулагдаж байгаа мэдээлэл бага байна гэх юм биш биз. Иргэний үнэмлэхэд 16 төрлийн мэдээлэл хадгалагдаж байдаг гэлээ. Ер нь доторх мэдээллийг нь ихэсгээд цүнхэнд авч явдаг олон баримтыг иргэний үнэмлэхэд багтааж болох уу” гэсэн асуудлыг тодруулсан. Энэ асуултад Хууль зүйн сайд Д.Дорлигжав, “Хууль гараад үнэмлэх өөрчлөгдөхгүй. 16 төрлийн мэдээлэл иргэний үнэмлэхэд багтсан байдаг. Шаардлагатай мэдээллийг оруулах багтаамж бий” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт дахин, "Хуулинд 365 хоногоос дээш хугацаагаар оршин суухыг байнга шилжин суурьших, 365 хоног ба түүнээс доош хугацаагаар оршин суухыг түр шилжин суурьших гэж тодорхойлж, шилжилт хөдөлгөөнийг зөвхөн оршин суух газраа бүртгүүлдэг байхаар тусгасан байна. Энэ зохицуулалт орж ирснээр тэнэмэл хүмүүс бий болох боломжийг нэмэгдүүлж байгаа юм биш үү" гэсэн асуултыг лавлахад Хууль зүйн сайд Д.Дорлигжав, “Шилжилт хөдөлгөөн ер нь маш их байдаг юм байна. 365 хоногоор явж байгаа хүнийг түр шилжсэн хүн гэж тооцох олон улсын аргачлал байдаг. Тиймээс энэ заалтыг оруулж ирсэн” гэв.

Гишүүд асуулт асуусны дараа санал хураалт явуулахад 59,6 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Үүгээр өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв.

Б.Туул

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг