Сонгууль болоход 58 хоног үлдлээ. Нам, эвсэлүүд мөрийн хөтөлбөрөө танилцуулж, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, Улсын Их Хурлын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлж дуусав. Хуулийн дагуу нийт 13 нам, гурван эвсэл тус тус хүсэлтээ ирүүлжээ.

Тэгвэл сонгуульд оролцож буй намууд сонгуулийн мөнгийнхээ ихэнхи хувийг иргэдээс хандив болгон авдаг байна. Энэ талаарх судалгааг СЕХ өнгөрсөн сонгуулийн үеэр хийсэн байна.

2012 оны сонгуульд оролцсон намууд дараах байдлаар хандиваа босгожээ.

Иргэдээс цуглуулсан хандив:

АН 3,122 иргэнээс 2 тэрбум 857 сая төгрөг;
МАН 2,777 иргэнээс 2 тэрбум 650 сая төгрөг;
МАХН 1,300 иргэнээс 1 тэрбум 200 сая төгрөг;
ИЗНН 877 иргэнээс 867 сая төгрөг ... г.м

Аж ахуйн нэгж байгууллагуудаас цуглуулсан хандив:

АН 279 ААН-с 785 сая төгрөг;
МАН 26 ААН-с 67 сая төгрөг;
МАХН 54 ААН-с 149 сая төгрөг ... г.м хандив цуглуулсан байна. Үүнээс харахад хандивын ихэнхи хувийг иргэдээс авдаг болох нь тодорхой харагдаж байна.

Энэ жилийн сонгуульд Монгол Ардын нам, Монгол Консерватив нам, Бүгд Найрамдах нам, Монголын Ардчилсан хөдөлгөөний нам, Ардчилсан нам, Монгол Ардын хувьсгалт нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмнээ хайрлая нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам, Монголын Социал-демократ нам, Иргэний хөдөлгөөний нам, Иргэний зориг-Ногоон нам, Хөдөлмөрийн үндэсний нам болон “Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвсэл, Эх орончдын нэгдсэн эвсэл, “ХААН сонголт” эвсэл тус тус оролцоно.

Мөн “Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвсэлд Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Монголын Ногоон нам, Эх орончдын нэгдсэн эвсэлд Эх орончдын нэгдсэн нам, ХАМУГ Монголын Хөдөлмөрийн нам, “Хаан сонголт” эвсэлд Хөгжлийн хөтөлбөр нам, Монголын Либерал нам эвсэн орохоор мэдүүлсэн байна. Түүнээс гадна МҮАН, Эх орон нам Улсын Их Хурлын 2016 оны сонгуульд Ардчилсан намыг дэмжинэ гэдгээ Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлсэн албан бичгээр мэдэгдсэн юм.

Эдгээр нам, эвсэлүүд өнөө жил хэр их хандивыг хаанаас босгохоор төлөвлөсөн байгаа бол...