Засгийн газрын түнш “Шударга ёс эвсэл” өнгөрсөн долоо хоногт үүдээ барилаа. Нэгэнт эрх зүйн чадамжгүй болсон эвсэлтэй түншлэх шаардлагагүй гэж үзсэн Засгийн газар МАХН-ын сайдуудаа баяртай гэж магадгүй гэх шум гарч байсан.

Тэгвэл энэ долоо хоногт МАХН-аас төрсөн сайдуудаа төрхөмд нь буцааж, АН-ын хаяавчийг бараадахаар болсон М.Сономпил, Н.Батцэрэг нарт бэлэглэхээр болсон гэнэ. Н.Батцэрэгийн хувьд толгойлж буй яамаа хэвээр авч үлдэх бол М.Сономпилд эзэнгүй үлдэх дөрвөн яамныхаа нэгийг нь өгөхөөр болсон гэх. Гэхдээ МАХН-ын дарга Н.Энхбаяр тийм ч амархан бууж өгөх эр биш. Тэрээр намаасаа урваж, төрхөмдөө буцсан гэх гишүүдтэй дараа улс төрийн тооцоо хийнэ гэдгээ мэдэгдэхийн сацуу эрх баригчид хэлсэндээ байхыг сануулаад буй. Гэвч дөрөвхөн хүнтэй эрх зүйн чадамжгүй эвсэлийг барина гэдэг хэцүү тул тэрээр тохироо ч хийж магад гэх яриа ч гарч. Ямартай ч, Засгийн газрын хувь заяа энэ долоо хоногт шийдэгдэх нь.

newscom.mn