Монголбанкнаас хэрэгжүүлж буй найман хувийн хүүтэй орон сууцны зээл юу болж байна вэ. Зээл авах гэж бичиг баримтаа бүрдүүлж өгсөн иргэд хүлээсээр, эцэст нь хоосон үлдэж буй тухай сургаар сурвалжиллаа.

Уг нь Монгол банкаас энэ хөтөлбөрийг урт хугацаанд тогтвортой үргэлжилнэ гэж иргэдэд мэдэгдсэн. Гэхдээ шинээр хэрэгжүүлж буй орон сууцны зээлд хамрагдахаасаа өмнө санхүүжилт нь хэр баталгаатайг иргэд сайтар нягталж байна. 
Учир нь иргэдийн дунд эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор орон сууцны зээлийн санхүүжилт зогссон гэх мэдээлэл таржээ. Уг мэдээлэл үнэн эсэхийг Монголбанкны ажилтнаас лавлалаа. “Санхүүжилт зогсоогүй” гэсэн товчхон хариултыг өгөв. Арилжааны банкны ажилтнууд ч тоймтой хариу хэлсэнгүй. Спортын төв ордны дэргэдэх “ХААН” банкны салбар Сүхбаатар дүүргийн оршин суугчдын орон сууцны зээлийн хүсэлтийг хүлээн авч байгаа аж. Тус салбарын зээлийн эдийн засагчийн хэлж буйгаар Монголбанкнаас тодорхой хэмжээний санхүүжилт ороод ирчихсэн байгаа аж. Гэхдээ иргэд зээл авах хүсэлт олноор гаргаж байгаа учраас хүлээлт үүссэнийг нуугаагүй. Зээлийн материал бүрдүүлж өгсөн дарааллаар асуудлыг шийдэж байгаа. 
Хэрэв шинээр хүсэлт гаргавал банк ямар ч байсан хүлээж авна. Гэхдээ хэр удаж хүссэн зээлийг нь гаргаж өгөхийг хэлж мэдэхгүй гэнэ. “Төрийн банк” ч дээрхтэй адилхан хариу хэлэв. Харин “Хас банк”-ны зээлийн эдийн засагчтай уулзтал огт өөр юм ярилаа. Тэднийх найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 50 хувь болгон нэмжээ. Зээлийн урьдчилгаа төлбөрийг нэмэх асуудлыг банкны удирдлагын төвшинд шийдсэн гэнэ. “Эрсдлээс хамгаалах зорилгоор...” тийм шийдвэр гаргажээ. Монголбанкнаас тогтоосон орон сууцны зээлийн 10-30 хувийн урьдчилгаа төлбөрийг чангадаж байна гэж шүүмжлэх иргэд цөөнгүй байсан. Гэтэл “Хас банк” урьдчилгаагаа дахин 20 хувиар нэмсэн нь иргэдийн уг зээлд хамрагдах боломжийг улам бүр багасгаж байна гэсэн үг. Шинээр худалдан авах гэж буй байрныхаа урьдчилгааг хийх гэж хуруу хумсаа хугалах шахам гүйж буй иргэдэд “Хас банк”-ны санал болгож буй үнийн дүн арай л хатуудна. Иргэд тус банкинд зээлийн хүсэлт гаргах нь эрс буурсныг мэдээллийн ажилтан хэлсэн. Тиймээс ч нийслэлийн хэмжээнд дөрөвхөн салбараар уг зээлийг олгож байгаа аж. 
Эндээс арилжааны банк нь Төв банкныхаа санхүүгийн эх үүсвэрт итгэхгүй байхад иргэд эргэлзэх нь аргагүй ч юм шиг гэсэн бодол төрлөө. Монголбанкнаас өгч буй мэдээллээр хөтөлбөр хэрэгжсэн эхний 45 хоногт иргэд 437 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт авах хүсэлтийг арилжааны банкуудад тавьжээ. Иргэдийн хүсэлтийг харгалзан үзээд банкууд 6617 иргэнд 369.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгохоор болсон байна. Энэ бол хөтөлбөр хэрэгжиж эхлэх үеийн тоо баримт. Одоо үүнээс ч олон иргэд хүсэлт гаргасан нь тодорхой. 
Гэвч анх иргэдийн зээлийн хүсэлтийг шуурхай шийдэж байсан арилжааны банкуудын “хөдөлгөөн” одоо яагаад удааширч, зарим нь бүр урьдчилгаа төлбөрөө нэмчихэв? Хэдийгээр банкууд зээл авах хүсэлтэй иргэдийг улаан цайм цааш гэж түлхэхгүй байгаа ч зээл нь хэзээ бүтэхийг мэдэхгүй байна гэх мэтээр бөөрөнхийлж эхэлсэн нь юутай холбоотой вэ. Иргэдийн материалыг удаан хугацаагаар хав дарж байгаа нь ч учир шалтгаантай. Арилжааны банкууд орон сууцны зээл олгож байсан салбаруудынхаа тоог хумьж эхэлснийг ч анзаарсан биз ээ. Үүнээс харахад банкууд ч энэ хөтөлбөрийг эрсдэлтэй байж магадгүй хэмээн эргэлзэж эхэлсэн нь илт байна. “Хас”-аас бусад банк ч зээлийн урьдчилгаа төлбөрийн хэмжээг нэмэхийг үгүйсгэхгүй. Зээлийн нөхцөлөө чангаруулна гэдэг банкууд орон сууцны зээл өгөх тийм ч дуртай биш байгааг харуулж байна.