-ШШГЕГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга М.Алтан-Очир эхнэрийгээ даргын сэнтийд лоббийджээ-

Өнгөрсөн оны долоодугаар сарын 27-ны өдөр Авлигатай тэмцэх газраас хууль зөрчин томилогдсон 21 албан тушаалтнуудын нэрсийг олон нийтэд ил болгож байсан. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагууд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэдээс “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг” авч, АТГ-т хянуулах үүрэгтэй байдаг. Тус газар нь тухайн мэдүүлгийг хянаж үзээд нэр дэвшиж буй албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх болон ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал үүсэх магадлалтай байдлыг тогтоож, албан байгууллагад нь мэдэгдэл хүргүүлдэг хуультай.

Д.Уранчимэг ар тал томтой гэдгээ харуулж албан тушаалд томилогдсон уу




Гэтэл энэхүү хууль дүрмийг ШШГЕГ огоорч хуулиас гадуурх үйлдлийг хийжээ. Тодруулбал, тус газрын даргын тушаалаар өнгөрсөн сарын 18-ны өдрийн Б/458 тоот тушаалаар Хорих 407 дугаар ангийн даргаар дэд хурандаа Д.Уранчимэг гэх эмэгтэйг томилсожээ. Уг нь тэд дээрх нэр бүхий эмэгтэйг уг албан тушаалд томилохоосоо өмнө АТГ-руу хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлгийг нь хянуулахаар явуулах ёстой. Гэтэл тэд мэдүүлгийг явуулаагүй атлаа ийнхүү тус хорих ангийн даргаар Д.Уранчимэгийг томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэг /Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ/ гэж заасныг зөрчжээ.
Угтаа бол Д.Уранчимэгийг тухайн албан тушаалд томилсныхоо дараа тус газар руу мэдүүлгийг нь хянуулахаар явуулсан гэсэн үг.

АТГ-аас нөхрийнхөө удирдлага доор эхнэр нь ажиллавал шууд бусаар нөлөөлөх боломжтой гэж үзжээ

Ямартай ч АТГ-аас ирсэн албан бичгээс хуулийг хэрхэн яаж зөрчсөн, ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг яаж тогтоосныг харцгаая. “Хууль зөрчин томилсон шийдвэрийг хүчингүй болгох, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн шалгах, олон нийтийн зүгээс ашиг сонирхлын гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсэх, мөн хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ гаргаж өгөөгүй албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх үндэслэлүүдийг бий болгожээ. Түүнчлэн Д.Уранчимэгийн нөхөр М.Алтан-Очир нь ШШГЕГ-ын Захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байгаа нь албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих, эрхлэх асуудлын хүрээнд шууд болон шууд бусаар нөлөөлөх боломжтой.
Мөн олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц тул тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонихрлын зөрчил үүсч болох нөхцөл байдал тогтоогдож байна. Цаашид дээрх хуульд заасны дагуу нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг тус газраас хянан үзсэний дараа тухайн албан тушаалд томилоход анхаарч ажиллана уу” гэсэн албан бичгийг энэ сарын 12-ны өдөр ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын Хүний нөөцийн тасгийн дарга хурандаа А.Гэрэлт-Очид хүргүүлжээ. Юутай ч АТГ-аас тус газарт хүргүүлсэн албан бичгийн утга агуулга нь нөхрийнхөө удирдлага доор эхнэр нь ажиллавал эрхлэх асуудлын хүрээнд шууд болон шууд бусаар нөлөөлөх боломжтой гэж үзсэн байна.
Яг үнэндээ иймэрхүү хууль бус томилгоонууд олонтаа гарч байгаа ч энэ зөрчил одоог хүртэл арилгахгүй байгаагийн нэг илрэл нь. Тиймээс л бүтэн долоо хоногийн өмнө АТГ-аас Д.Уранчимэгийг хууль бусаар томилсон байна гэдгийг нь анхааруулсаар байхад хуулийг улиг болгож өнөөг хүртэл тэрбээр тус хорих ангийн даргаар ажилласаар байгаа нь хачирхалтай. Өөрөөр хэлбэл, эрх мэдэлтэй л бол хуулийг гууль болгодог албан тушаалтнууд жирийн иргэдээ хуулиа мөрдөж ажиллаж амьдрах ёстой гэж хэлдэг атлаа өөрсдөө хуулиа зөрчиж байгаа нь ариун явдал уу гэж асуухад хүргэж байна.
Бодит үнэн гэвэл Хорих 405 дугаар ангийн удирдлагуудыг ШШГЕГ-ын даргын тушаалаар ганцхан жилийн дотор дөрвөн удаа сольсон байдаг.
Тухайлбал, тус хорихын даргаар ажиллаж байсан хурандаа н.Ганхуягийг ажлаас нь хууль бусаар чөлөөлж өдгөө энэ асуудал шүүхийн шатанд явж байгаа юм билээ. Харин дараагийн дарга асан н.Амардоржийг Амгалангийн хорих ангийн даргаар томилж оронд нь хурандаа цолтой Алимаа гэх эмэгтэйг томилсон ч удалгүй түүнийг ерөнхий газрын Сургалт хариуцсан тасгийн даргаар томилж ийнхүү Д.Уранчимэг ирэх болжээ. Хамгийн хачирхалтай нь тус газарт өмнө нь нэг жилийн дотор ингэтлээ олон даргыг сольж байсан тохиолдол байдаггүй юм билээ.

Цолыг гуйж биш гуядаж авдаг гэдгийг утгаар нь харуулсан хоёр бүсгүй

Алимаа, Д.Уранчимэг гэх залуухан хоёр бүсгүй яаж яваад баргийн аавын хүүхдүүдийн аваад байдаггүй цолыг авч дарга гэх сэнтийд залрах болов оо гэдэг нь хачирхалтай. Ямартай ч Алимаа хорих 405 дугаар ангийн даргаар очихоосоо өмнө Сүлд биеийн тамир Спор хороонд мэргэжилтэн гэх албан тушаалыг хашиж байгаад тус хорихын дарга болсон нэгэн аж. Түүнчлэн тэрбээр Б.Билэгтийг ШШГЕГ-ын дарга болоход нь хошууч, дэд хурандаа, хурандаа гэх цолуудыг торох юмгүйгээр авчээ. Харин Д.Уранчимэг нь бас л нөхрийнхөө тусламж дэмжлэгээр дэд хурандаа гэх цолыг ногоон гэрлээр саадгүй авсан гэсэн үг. Тэгэхээр тус газрын удирдлагууд албан тушаалыг үнэгүйдүүлсэн шигээ цэргийн цолыг ч бас алиа салбадай болгож байгаа нь харамсалтай. Уг нь Цэргийн дээд цолыг хуулийн дагуу зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгч олгодог. Гэтэл Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар биш, газрын даргын тушаалаар гарын хуруугаар тоолохоос наашгүй олон хүнд алхан хээт мөрдөс бүхий цол олгож байгаа нь Монгол Улс цэргийн цолоо үнэгүйдүүлж байгаагийн тод жишээг ШШГЕГ харууллаа.
Зарчмын хувьд бол 25-аас дээш жил ёс зүйн зөрчил гаргалгүй, албан тушаалаа нэр төртэйгөөр хашч байгаа албан хаагчид олгодог “хурандаа”,"дэд хурандаа” цолыг, жишим ч үгүй өгч байгаа нь дэг журам, ёс жаяг хаана мөрдөгдөөд байна вэ. Цол олгох чинь хэн нэгэн даргын сонгуульт хугацаандаа хийдэг шоу тоглолт биш биз дээ. Ер нь цэрэг цагдаагийн цол ямар "шагнал” юм уу гэж нэгэн ахмад буурай хилэгнэж байсныг санаж байна. Угтаа бол олон жил нэр төртэйгөөр албаа хашиж байгаа албан хаагчид юу болох вэ. Эцэст нь хэлэхэд хууль дүрмээ ягштал биелүүлэх ёстой Б.Билэгт дарга аа, та яаж чадаж байна аа.

Эх сурвалж: