Үндэсний аудитын газарт 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд бие даан нэр дэвших хүсэлтээ 90 гаруй хүн хүргүүлээд байна. Хүсэлтээ хүргүүлээд байгаа хүмүүсийн нэрсийн жагсаалтыг харахад нэлээд нь намын харьяалалтай, аль нэг намаас нэр дэвших боломжтой гэж харж байсан эрхмүүд байна. Тэрэн дундаа ХҮН-ынхан олон байгаа юм.

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

Х.Бат-Ялалт-Хуульч, “Шударга шүүх" ТББ-ын тэргүүн

М.Нарантуяа-Дуучин Нара. Энэ удаагийн сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчдээс олны анхаарлын төвд байгаа хүмүүсийн нэг.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ, НАЛАЙХ

Г.Баасан-Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн.

С.Боргил-Бие даан өрсөлдөхөөр болсон хүмүүсийн жагсаалтад ХҮН-ын нэлээд хэдэн хүний нэр оржээ. Тэдний нэг нь тус намын дарга С.Боргил. ХҮН-ынхан Цагаан сарын өмнөх өдөр буюу битүүнээс эхэлж хагаралдаж, тамга тэмдгээ булаацалдаж энэ хаваржингаа л бөөн шуугиантай байсан. Саяхан тус намынхан хэл амаа ололцож С.Боргилыгоо намын даргаараа сонгосон билээ.

Б.Ариунболд-Арго багш. Монголын хамгийн олон гадаад хэлтэй, гадаад хэлний хамгийн олон сурах бичиг зохиосон Арго бол олны анхаарлын төвд байдаг, өөрийн гэсэн имижээрээ хүмүүсийг татдаг эрхэм.

Ц.Монгол-Монголын хуульчдын холбооны гишүүн. Хуульч, өмгөөлөгч. Түүнийг МИАТ-ийн гэх тодотголтой хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байснаар нь хүмүүс мэдэх билээ.

БУЛГАН

Д.Хишигжаргал-Дамбын Хишигээ гэдгээр нь олон нийт түүнийг андахгүй. Гурван булаг сумын харьяат. Тод манлай уяач цолтой түүнийг Булганд АН-аас нэр дэвшинэ хэмээн таамаглаж байсан.

М.Болормаа-Жендерийн үндэсний хорооны ажлын албаны дарга, Эмэгтэй удирдагч сангийн тэргүүнээр ажилладаг түүнийг эмэгтэйчүүдийн эрх, хүйсийн тэгш байдлын төлөө хүчтэй дуугардаг гэж үнэлдэг.

ДАРХАН

Л.Наранбаатар-Дарханы АН-ын экс дарга. Түүнийг намынхаа дарга З.Энхболд руу оймс шидэж сенсаци дэгдээснээр нь хүмүүс мэддэг болсон.

ДОРНОД

Д.Цогтбаатар-ТӨХ-ны даргын албан тушаал хашиж байсан тэрээр Дорнод аймгийн Нутгийн зөвлөлийн дарга. Халх голын чөлөөт бүсийг эсэргүүцэж Чингисийн талбай дээрээс дуу хоолойгоо төрийн тэргүүнүүдэд хүргэж байсан. ТӨХ-ны даргаар ажиллаж байхад замын хөдөлгөөн дунд түгжрээд зогсч байхад машин нь гэнэт шатаж шуугиан дэгдээж байсан удаатай.

ДУНДГОВЬ

Б.Баярмагнай-Хошууч генерал. Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч даргаар ажиллаж байсан тэрээр улс төрд хүч үзэхээр ХҮН-д элссэн юм.

ГОВЬ АЛТАЙ

Б.Наминчимэд - Сэтгүүл зүйн салбараас гарч ирсэн тэрээр сүүлийн үед улс төрийн нийгмийн амьдралтай холбогдолтой нэлээд олон нийтлэл бичэх болсноос гадна хэд хэдэн ном гарган олны хүртээл болгоод байгаа нэгэн.

ЗАВХАН

А.Санжмятав-Тухайн тойрогт өрсөлдөхөөр нэр нь тодорсон, гарч ирэх боломж өндөртэй нэр дэвшигчидтэй хамт ижил нэртэй нэр дэвшигч өрсөлдөх нь бий. Ингэж ижил нэртэнтэйгээр нэг тойрогт өрсөлдөхөөр нэр дэвшүүлэх нь цаагуураа зохион байгуулалттай хийгддэг ажил гэж үздэг. Өрсөлдөгч нам нь санал хуваах маягаар ижил нэртэй хүн “илгээдэг” бол нөгөө талаар гарах магадлалтай нэр дэвшигчийг шантаажилж тохироо хийдэг сонгуулийн менежмэнт бий. Нэр дэвшигчдийн жагсаалтыг харахад Завханд А.Санжмятав, Баянголд Ж.Ганбаатар гэсэн нэр дэвшигчид тодорчээ. Завханд АН-ын Я.Санжмятав өрсөлдөх магадлалтай бол Баянгол дүүрэгт МАН-ын Ж.Ганбаатар өрсөлдөхөөр болоод буй. Нэг тойрогт ижил нэртнүүд, бүр ижил овог, нэртэй өрсөлдөгчид гарч ирснийг зүгээр ч тохиолдол гэж хэлж боломгүй л дээ.

ОРХОН

Ч.Бямбаа-АН-аас Увсад нэр дэвшиж байсан. “Эрдэнэт” үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын хэлтсийн даргын албан тушаал хашиж байсан. Түүнийг Д.Дорлигжавын дотнын найз гэдэг бөгөөд Увсын фракцынхан дундаа АН-д нэлээд хувь нэмэр оруулсан гэж үздэг.

ӨВӨРХАНГАЙ

М.Наранбаатар-МҮОНРТ-ийн захирлаар олон жил ажилласан, салбартаа нэр хүндтэй нэгэн. Гэсэн ч олон нийтийн телевизийн захирлаар ажилласан сүүлийн жилүүдэд түүнийг тойрсон элдэв хэл ам, хэрүүл маргаан гарч байсан. Гэвч нутаг орондоо нэр хүндтэй түүнийг тулхтай түшээ болно гэцгээдэг.

ДУНДГОВЬ

С.Буджав-Дундговь аймгийн ИТХ-ын дарга, МАН-ын гишүүн. Гэхдээ энэ удаад бие даан нэр дэвшихээр бүртгүүлснээс нь харахад намаасаа нэр дэвших магадлал яаж ч магадгүй гэж үзэж шийдвэр гаргажээ гэж таамаглаж болно. Бас үүнтэй адил тохиолдол Ховдын Ш.Адьшаа дээр харагдаж байна. АН-ын гишүүн түүнийг намаасаа нэр дэвшинэ гэж ярьж байгаа ч бие даагчаар бүртгүүлснээс харахад юмыг яаж мэдэхэв гэсэн хаширлал харагдаж байна.

СҮХБААТАР ДҮҮРЭГ

П.Шинжээравдан-“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн. Түүний фэйсбүүкийн албан ёсны хуудсанд “Бид сонгуулийг яаж хийнэ. Эх орны хувь заяа яг тийм л байх болно. МАНАН-гаас салж хууль бусаар алдсан газар, орд, өв соёлоо эргүүлэн авч, ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх ёстой” хэмээн бичсэн байна.

М.Чимгээ-Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга. Өмнө нь МАН-аас нэр дэвшиж байсан боловч энэ удаад бие дааж байгаа нь мөн л намын квот ирэхгүй байж магад гэж хаширласантай нь холбоотой байх.

Т.Доржханд-ХҮН-ын генсекээр ажиллаж байсан түүнийг манай шинэ цагийн эрдэм боловсролтой залуусын нэгд зүй ёсоор оруулдаг. МУИС-ийг Төрийн санхүүгийн чиглэлээр төгсч Японы Хитоцубаши их сургуульд Төрийн бодлого, эдийн засгийн онолоор магистр хамгаалсан бөгөөд ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан гүйцэтгэх захирлын зөвлөхөөр ажилладаг.

М.Ичинноров-Хүний эрхийн хуульч гэдгээрээ олонд танигдсан энэ эмэгтэйг улс төрд эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүргэх, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд нэмэр болох хүн гэх нь буй. Тэрээр 2009 онд нөхөн сонгуульд бие даан нэр дэвших гэтэл Чингэлтэй дүүргийн тойргийн хорооноос нэрээ хасуулсан. Тухайн үедээ М.Ичинноров “Хэрвээ би нэр дэвшсэн бол ялагч нь байх байлаа” гэж мэдэгдэж байсан.

П.Хангал-2004 онд Нийслэлийн ИТХ-ын гишүүнээс улс төрийн карьераа эхлүүлсэн түүнийг Төрийн өмчийн хорооны дарга, Монголбанкны ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан Л.Пүрэвдоржийн хүү гэдгээр нь хүмүүс анддаггүй. 2004, 2008 онд МАН-аас НИХТ-д Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж ялалт байгуулсан тэрээр 2012 онд МАХН-аас нэр дэвшсэн ч Н.Энхбаярыг шоронд орсны дараа намаасаа гарсан билээ. Гэхдээ түүнийг энэ удаад МАХН-аас нэр дэвших магадлалтай гэж байсан ч бие даагчаар бүртгүүлсэн нь анхаарал татаж байгаа.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

Т.Бат-Эрдэнэ-Цахим ертөнцөд С.Баярцогттой холбоотой постуудыг үе үе оруулдаг гэдгээр нь энэ залууг мэддэг болцгоосон. Сошиалд олон мянган дагагчтай түүний энэ үйлдлийг улс төрийн зорилготой, цаана нь “Женко” Баттулга байдаг гэж харддаг ч тэрээр “Миний ард Монголын залуучууд байгаа” хэмээн хэлдэг.

БУСАД НЭР ДЭВШИГЧИД

Ц.Мөнхбаяр-“Гал үндэстэн” холбооны тэргүүн. Онги голыг хамгаалах хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч тэрээр тухайн үедээ Онги голын төлөө тэмцсээр голын эх ундарга дээр алт ухсан олон компанийг хаалгаж, ширгэсэн голоо дахин урсгаж чадсан. Түүний энэ тэмцлийг үнэлж 2007 онд Дэлхийн байгаль хамгаалагчдын Goldman En­vironmental Prize гэдэг нэр хүндтэй шагналыг өгч, 150 мянган ам.доллар хүртээсэн бол National Geographic сэтгүүл түүнийг ундны усыг хамгаалагч шилдэг дэлхийн хүнээр шалгаруулж байсан түүхтэй. Тэр үеэс л байгаль хамгааллын чиглэлээр олон үйл ажиллагаа явуулж 2011 онд Төрийн ордны хашаанд буун дуун гаргаж шүүхээс долоон жилийн ял сонссон тэрээр өнгөрсөн онд суллагдсан билээ.

Ш.Адьшаа-МАН-ын гишүүнээс гарч АН-д элсч, Ховдын МоАХ-ны тэргүүнээр сонгогдсон тэрээр Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн. 2012 оны сонгуульд Ховд аймгийн 16 дугаар тойрогт бие даан нэр дэвшсэн ч Д.Батцогтод цөөн тооны саналаар ялагдаж байсан.

Ө.Мөнхбат-УИХ-ын гишүүн Ц.Өөлдийн хүү. Япон улсын Токиогийн WIZ япон хэлний сургууль, Токио хотын Oberlin-ий их Сургуулийг Гадаад харилцаа олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн энэ залууг “Монгол 999” ХК-ийг үүсгэн байгуулагч гэдгээр нь улс төр, бизнесийн хүрээнийхэн анддаггүй. “Эх орон” телевизийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан туршлагатай тэрээр сошиал ертөнцөд идэвхтэй байдаг бөгөөд олон мянган дагагчтай. ХҮН-ыг анхнаасаа авч яваа залуусын нэг.

Б.Найдалаа-ХҮН-ын даргаар сонгогдож тамгаа гардаж авсан ч С.Ганбаатар мөн ХҮН-ын дарга хэмээж тус нам хоёр даргатай болоодохсон. Тэрээр Монголын банкны холбооны гүйцэтгэх захирлаар сонгогдон ажиллаж байсан нэгэн.

Б.Мөнхсоёл-ҮСХ-ийн гүйцэтгэх захирал. ХҮН-ын анхны гишүүдийн нэг. Тэрээр сүүлийн үед эдийн засгийн байдал, төсөв санхүүгийн талаар үзэл бодлоо илэрхийлж дуугарч байгаа. Шийдвэр гаргах түвшинд манлайлж чадах эмэгтэй гэдэг юм билээ.

С.Гантуяа-УИХ-ын гишүүн “Босоо” С.Ганбаатарын дүү. Оюу толгойд ажиллаж явсан энэ бүсгүй Рио Тинтогийн үйл ажиллагааг буруушааж Оюу толгойн эсрэг шүүхдээд шат шатны шүүх дээр ялалт байгуулж олон түмэнд танигдсан. Гэвч түүний энэ үйлдлийг ажлаасаа халагдсан хүний шаралхсан үйлдэл гэж зэмлэдэг хүмүүс ч бий.

Т.Алтаншагай- “Eagle” телевизийн “Иргэний мэдээ” нэвтрүүлгийн хөтлөгч. Тэрээр УИХ-ын гишүүн С.Ганбаатараас их сургуулийн дипломыг нь хуурамч эсэхийг нь тодруулж шуугиан дэгдээсэн билээ.

О.Алтангэрэл-Хуульч. Долдугаар сарын нэгний хэрэгт буруутгагдаж, шүүхээс ял сонссон ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Ч.Амарболдод өмгөөлөл үзүүлж байсан тэр үеэс мэргэжлийнхээ хүрээнд танигдсан тэрээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн шавь. Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд байхад газрын даргаар нь ажиллаж байсан.

Д.Миеэгомбо-Хуульч, өмгөөлөгч. ХҮН-ын гишүүн. “Дотно” телевизэд хөтлөгч.