Намууд УИХ-д нэр дэвшигчдээ ирэх долоо хоногт тодруулна. Тиймээс тойрог булаацалдагчдын ширүүхэн тэмцэл намуудад өрнөж байна. 24tsag.mn УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрог буюу Орхон аймагт хэн, хэн нэр дэвшихээр горилж буйг хүргэж байна. Тус тойрог нь гурван мандаттай. Хүн амын хувьд аль хэдийн 100 мянгад хүрсэн, уул уурхай, үйлдвэрлэл гээд хөгжлөөрөө ч хотын дайтай яваа гэгдэх тус аймагт намууд нэр хүндтэй, арай дөнгүүр нэгнээ илгээдэг. Одоо Орхон аймгийг төлөөлөн УИХ-д УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн О.Содбилэг нар сууж байна. Харин энэ удаагийн сонгуулиар тус тойрогт хэн, хаанаас хүч үзэх вэ?

Ардчилсан нам хэнийг Орхон уу илгээх вэ?

 

Эрх баригч хүчин энэ тойрогт Хууль зүйн сайд Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Эгийн голын усан цахилгаан станц, төслийн нэгжийн захирал Д.Одхүү нарыг илгээх мэдээлэл байна.

 

“Хатуу самар” Д.Дорлигжав

 

Хууль зүйн сайд Д.Дорлигжав тус дүүрэгт нэр дэвших сурагтай. Түүний хувьд 1990 оны ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ойрын хүн гэгдэх тэрбээр сүүлийн үед Х.Баттулгатай сүжрэх болсон. Ямарсайндаа л Х.Баттулгын ойр, дотны хүмүүсийг барьж, хорьж эхлэнгүүт Цагдаагийн Ерөнхий газрын дарга Р.Чингисийг огцруулахаар гүйж байхав. Хууль зүйн сайдын албан тушаал, ажил үүрэг, нэр хүндээ умартан мөрдөн шалгах ажилд хөндлөнгөөс оролцож бүр Цагдаагийн газрын даргаа хүртэл чөлөөлөхөөр гүйж яваа нь түүнийг Х.Баттулгад хэр үнэнчийг батална. Хууль зөрчсөн бол хариуцлага хүлээх л ёстой. Харин Хууль зүйн сайд нь хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож салбарынхаа даргыг хүртэл огцруулахаар гүйж явсан нь үнэндээ ёс зүйгүй харагдсан. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Д.Дорлигжав нар бол хонь, чоно шиг байдаг хүмүүс. Х.Тэмүүжингийн хувьд Д.Дорлигжавыг “Хууль зүйн салбарыг самарсан. Хууль бус бүхнийг дэлгэрүүлэгч” гэж ил, цагаан шүүмжилдэг. 2014 оны 12 сарын 3-ны өдөр Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин их хэмжээний авлига, хээл хахуультай холбоотой байж болзошгүй ноцтой гэмээр баримтыг дэлгэсэн. Түүний дэлгэсэн 4 сая долларын баримтын цаана 16 сая долларын авлига, хээл хахуулийн хэрэг нуугдаж байж болзошгүй байсан юм. Уг хэрэгт хэд хэдэн газар хувь хүний нэр ч холбогдоод авсан. Тэдний дунд Хууль зүйн сайд Д.Дорлигжав байсан юм. Тэрбээр тухайн үед “Би энэ асуудлыг нухацтай шалгуулна. Ингэж хүний нэр төрд халдаж болохгүй. Намайг сайд дээр яригдаад УИХ-ын дарга санал тавиад эхлэхэд л Х.Тэмүүжин хүн явуулж энэ суудалд сууж болохгүй гэж шаардаж шахсан. Таньдаг найз нөхөд, хамаатан садан, гэр бүлийнхэн гээд олон ч хүнээр намайг ятгуулсан. Ятгаад дийлэхгүй болохоороо миний нэр хүндэд халдаж гүтгэлэг явуулсан. Би ийм зүйл огт байхгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Үүнийг хуулийн байгууллагаар нэлээд суурьтай шалгуулна. Энэ зүйл арай хэтэрлээ, хатуудлаа” гэсэн юм. Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжин дараахан нь “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Би уг нь хэн нэгнийг, тэр дундаа Д.Дорлигжавын нэрийг огт дурдаагүй. Өөрөө л “Юун гуя, юун мах” гэдэг шиг юм болсон шүү дээ. Өмнөөс нь сандраад олон ч хүн мэдэгдэл хийчих шиг болно лээ. АН-ын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт авлига өгсөн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэдэг амлалт орсон. Авилга өгснөө хэлчих тэгвэл шийтгэхгүй л гэсэн үг. Үүнийг Эдийн засгийн ил тод байдпын тухай хуулийн төслийг дагаж орж ирсэн Өршөөлийн хуульд маш тодорхой заагаад өгчихсөн байсан. Гэтэл шинэ сайд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг татаж аваад, дахин өргөн барьсан. Ингэхдээ Өршөөлийн хуулийн төслийг алга болгоод, оронд нь Татварын өршөөлийн хууль нэртэй хэдхэн заалт оруулж ирсэн. Тэнд нь нөгөө авилга өгснөө илчилвэл хариуцлагад татахгүй байх заалтыг хасаад хаячихсан. Тэгэхээр шинэ сайдад авлига өгснөө хэлсэн хүнийг өршөөх хүсэл алга аа л гэсэн үг. Эндээс танд ямар логик харагдаж байна даа” хэмээсэн байдаг. Тухайн үед Д.Дорлигжав сайдын өргөдлийг Авлигатай тэмцэх газар шалгаж үзээд авилга, албан тушаалын гэмт хэргийн шинж чанартай үйлдэл байхгүй гэсэн дүгнэлт гаргасан гэж мэдээлэгдсэн ч АТГ албан ёсоор дүгнэлтээ танилцуулаагүй. Цагдаагийн байгууллага уг хэргийг шалгах ажлыг зогсоогоогүй бөгөөд шалгалтын ажлын явцад 4 сая доллар нь 16 сая доллар хүртэл өсөж, энэ нь сайдынх нь дургүйцлийг Женког шалгаж байгаагаас ч илүү ихээр хүргэж, улмаар ЦЕГ-ын даргыг зайлуулж, оронд нь өөрийн итгэлтэй хүнээ тавих шийдвэрт хүргэсэн гэдэг ч яриа байгаа аж. Ямартай ч АН-ын даргаас эхлээд төрийн бүхий л хүндтэй албанд ажилласан хашир, хатуу Д.Дорлигжав Орхоныг онилсон нь ялалт, ялагдлын алинд хүргэхийг хэлэхэд эрт байна.

 

М.Батчимэг Орхонд шинэ хүн үү

 

УИХ-ын гишүүн М.Батчимэгийн хувьд 2012 онд намын жагсаалтаар УИХ-д суусан. Харин одоо анх удаа тойрогт үзэх гэж байгаа нь энэ. Орхон түүнд хатуу дэвжээ боловч хоёр жилийн өмнөөс бэлтгэлээ хангаж эхэлжээ. Тодуулбал, тэрбээр Орхон аймгийн АН-ын даргаар ажиллаад удаж байгаа юм. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд дунд боловсрол өндөр, улс төрчийн ёс зүйгээрээ ялгардаг түүнийг Орхоноос сонгогдоогүй ч сонгогдсон юм шиг ажилласан гэж ярьдаг. Нам нь түүнд сөрөг хүчинтэй хийх амаргүй хэлэлцээрийн ажлын хэсгийг ахлах үүргийг оногдуулж байсан бол гадаад харилцаатай холбогдох хуулийн төслүүдийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахлах үүргийг УИХ түүнд мөн ногдуулж байсан юм. Ер нь тэр бодлого ярих түвшинд бэлтгэгдсэн улс төрч. Өөрийнх нь туслах З.Пагмажав улсын нууцтай холбоотой бичиг баримтыг Тайванийн талд шилжүүлсэн гэх хэрэгт холбогдсоноос өөрөөр түүнд өөлөөд байх зүйл үгүй юм.

 

Эгийн голын усан цахилгаан станц, төслийн нэгжийн захирал Д. Одхүү

 

УИХ-ын гишүүн, Эгийн голын усан цахилгаан станц, төслийн нэгжийн захирал Д.Одхүү Орхонд горилж байна. Тэрбээр 2008 онд тус тойргоос сонгогдсон юм. Харин УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа “Баялагтай нутгийн балагтай гишүүн” гэдэг нэр авч явжээ. Учир нь Монголын хамгийн их баялаг бүхий том ордтой Орхоноос сонгогдчихоод Эрдэнэт үйлдвэртээ халтай хуулийн төслийг санаачилсан гэдэг. Үүнээс нь болж эрдэнэтчүүд түүнд дургүй болж дахин итгэл хүлээлгээгүй байна. Тэрбээр Орхон аймагт Хүүхдийн ордон, хүүхэд залуусын паркийг байгуулсан гэж цээжээ дэлдэж байсан талаар хэвлэлүүдэд бичсэн байна. Яг үнэндээ тэр бүгдийг нь Төрийн бус байгууллагууд болон хувийн хэвшлийнхэн өөрсдийн хөрөнгөөр босгосон гэдэг. Харин одоо Эгийн голын усан цахилгаан станцыг барина хэмээн ярьж яваа. Харин түүнийг УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболдтой олон жилийн турш гар нийлэн ажиллаж ирсэн учраас нэр дэвших мандатыг намаасаа төвөггүй авчихна хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьж байна.

 

МАН

 

Орхончууд МАН-д дахин итгэл хүлээлгэх үү

 

УИХ-ын гишүүн О.Содбилэг гишүүний хувьд 2012 оны сонгуулиар тухайн тойрогт нэр дэвшигчдээс хамгийн өндөр санал авч байсан хэдий ч одоо харин дахин өрсөлдөхөд тэр хэмжээний итгэл хүлээхэд эргэлзээтэй байгаа аж. Учир нь тэрбээр ард түмний итгэлийг хүлээж УИх-д суусан ч сонгогдсон тойрогтоо дорвитой ажиллаагүй, эргэж уулзахгүй нүүр мэт аашилсан болохоор одоо дахин очиход нүүр халуун. Гэхдээ л гүрдийгээд очиж магадгүй. Энэ жилийн сонгууль жижигрүүлсэн тойргоор явна. Жижигрүүлсэн тойрогт мөнгөтэй хүн л ялах магадлал өндөр байдаг. Тэгэхээр тэрбээр энэ удаа мөнгөөрөө зодоод иргэдийн саналыг авч магад. Түүнийг 2012 оны сонгуулиар иргэдэд мөнгө тараасан байж болзошгүй хэргээр шалгаж байжээ. Уг хэргийг хаасан хэмээн О.Содбилэг мэдэгдэж байсан ч албан ёсоор хаасан эсэх нь одоо хүртэл тодорхойгүй байна. О.Содбилэг нь интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Т.Аяатунгаагийн нөхөр Чарьлз Ирвэнтэй дотно харилцаатай байсан гэдэг. Уг хэрэгтэй холбогдуулан түүнийг цагдаагийнхан хэд, хэдэн удаа дуудаж уулзсан гэдэг. Үүний дараахан тэрбээр прокурор бүсгүйтэй зоогийн газарт уулзаж цүнхтэй мөнгө нууцаар өгсөн гэх мэдээлэл гарч дуулиан дэгдээсэн юм. Хуулийн байгууллагын албан тушаалтанд ямар учраас мөнгө гардуулав. Хээль, хахуультай холбогдсон юм биш зэргээр тухайн үед хардаж байлаа. Монголдоо толгой цохих баян тэрбээр хэт тансаг амьдралтай улс төрчдийн нэг. Хамгийн сүүлд түүнийг оффшор бүсэд данстай гэх мэдээллийг Монгол Улсын сайд М.Энхсайхан өөрийн цахим хуудсаар мэдээлжээ. Ингэхдээ Монгол бус Москва гэж бүртгүүлсэн гэж буй. Гэхдээ энэ талаарх мэдээлэл эцсийн байдлаар тодорхой болоогүй байгаа юм. Эрдэнэтийн сонгогчдоос “Таны өмнөөс нойр хоолоо умартан гүйе” гэсээр байгаад УИХ-ын гишүүн болсон О.Содбилэг үндсэн ажил болсон УИХ-ын чуулганыг тасалсан үзүүлэлтээрээ 76 дотроо айргийн тавд давхижээ хэмээн Орхоны төв мэдээллийн сайтад бичжээ. Тэгэхээр тэрбээр үндсэн ажлаа халтуурдаж хийдэг бололтой.

 

Д.Дамба-Очир ба “Там-Очир”

 

Д.Дамба-Очирыг Монголчууд андахгүй. "Очир” төв нэртэй авто замын компанитай бөгөөд МАН-ыг эрх барьж байх үед ямар ч аргаар юм замын голлох тендерүүдийг авдаг. Харамсалтай нь түүнийгээ хугацаанд хийдэггүйгээр үл барам хамгийн муу чанартай гүйцэтгэдэг гэгддэг.Түүний хувийн компани Улаанбаатар-Лүнгийн 135 км замыг барих ажлыг 2006 онд тендерт ялж авсан ч эвдрэл ихтэй, стандартын дагуу баригдаагүй гэсэн үндэслэлээр 2011 он хүртэл уг замыг нь улсын комисс хүлээж аваагүй юм. Гэхдээ тэр ямар аргаар юм энэ замаа улсад хүлээлгэж өгсөн байдаг. Иймээс ч иргэдийн дунд Лүнгийн замыг Дамба-Очирын зам гэх, замын тендер чанаргүй гүйцэтгэхийг Дамба-Очирдох гэсэн үг хэллэг хүртэл үүссэн билээ. Тус замаар зорчиж байгаад амь, нас, машин техникээ эвдсэн хүмүүс холбоо байгуулан Д.Дамба-Очироос хохирлоо гаргуулна хэмээн заргалдаж явсан удаатай. Эх орны хишиг Эрдэнийн хувиас, Эрдэнэтийн нэг сая төгрөгийг Эрдэнэтчүүддээ олгуулна хэмээн бүлт үсэрч явсан тэрбээр энэ жил ямар амлалт хэлж Орхонд очихыг харах үлдлээ. Түүнийг Анод банкийг дампууруулахад хүртэл оролцсон хүн гэдэг.


Н.Энхтайван гэх “битүү морь”

 

Эдийн засагч Н.Энхтайван нэр дэвшихээр бэлтгэл хангаж байгаа сураг дуулдана. Н.Энхтайван бол сайн эдийн засагч. Сү.Батболдыг Засгийн газрыг тэргүүлж байх үед Гадаад харилцааны яаманд газрын даргын алба хашсан байдаг бол өнгөрсөн жил МАН Ардчилсан намтай хамтран Засаг барилцах үеэр Шадар сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байсан. Өнгөрсөн жилээс Орхоныг усалж тордож эхэлсэн байна. Нутгийн унаган хүү гэдэг утгаараа Эрдэнэтийнхэн түүнд их ам сайтай байгаа гэнэ.

 

Л.Гүндалай гэх “аюул”

 

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өнгөрсөн жил туурга тусгаарлан “Ард түмнээ хайрлая” нам байгуулсан. Орхон аймагт хүч үзэхээ аль хэдийн мэдэгдэж дуу дуулж, клип хүртэл хийлгүүлээд амжсан тэрбээр гурав дараалан сонгогдсон Хөвсгөлөө хол, зардал, суудал ихтэй гэж голоод Эрдэнэтэд ирсэн гэх. Ингэхдээ наймын тооны бэлгэдлээр Эрдэнэтчүүдийг баяжуулна гэж буй. "Би айлын найм дахь хүүхэд. Наймын тоо бол их бэлэгдэлтэй. Найм дахь хүүхэд болохоор манай гэр бүлийнхэн баяжсан. намайг сонговол баяжина. Далай ламыг л сонгож байна" хэмээн ярьж буй түүнд орхончууд итгэл хүлээлгэх эсэх нь сонин байна.

Т.Энхэлээ

24tsag.mn