2014 оны 11-р сараас эхлэн ОХУ болон Монгол улсын иргэд 90 хоног визгүй зорчдог болсон. Засгийн газрын энэ шийдвэр Сэлэнгэчүүдийн амьдралын баталгаа болоод байна. Тодруулбал, сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол улсын нийгэм эдийн засаг хүндхэн байдалтай байгаа. 2014 онд ажилгүйдэл 9.4 хувьтай байсан. Энэ оны байдлаар 11.6 хувь болсон. Сэлэнгэ аймгийн иргэд ч энэ ажилгүйдэл дунд яваа. Гэхдээ ажилгүй ч орлоготой байна. Сэлэнгийн ажилгүй иргэд ОХУ руу визгүй гардаг болсон цагаас эхлэн хил гаргаж өгөх үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ, хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг болсон байна.

Сэлэнгэчүүд ОХУ-тай хиллэдэг болохоор хүнсний бүтээгдэхүүнээ хямдаар авч хэрэглэдэг болсон байна. Өөрөөр хэлбэл бусад аймгийн иргэдээс нэг дахин хямд хүнс, шатахуун хэрэглэдэг. Тухайлбал том “молоко” нийслэлд 5000 төгрөгийн ханштай байгаа бол Сэлэнгэ аймгийн худалдааны төвд 3000 төгрөгөөр зарагдаж байна. ОХУ-аас авбал үүнээс ч хямдаар авна. Монголд 50 мянган төгрөгөөр нэг тор хүнсний бүтээгдэхүүн авдаг. Харин Хиагтаас 2-3 тор хүнсний бүтээгдэхүүн авна. Тиймээс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум болон Сүхбаатар сумын иргэд хүнсээ Хиагтаас цуглуулдаг болжээ

Эдийн засгийн хямралтай энэ үед Сэлэнгэчүүдийн амьдралыг визгүй хил авч явна. Нөгөө талаас гадаадаас хүнсний бүтээгдэхүүнээ илүү хямдаар авч байна гэдэг үйлдвэрлэл, төрийн бодлого сул дорой байгааг харж болохоор байна.

Харин Монголд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээ дэмжиж байна уу гэдэг эргэлзээтэй. Хүнс хөдөө аж ахуйн сайд нь тулга тойрон ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй асуудлаар шүүхдэлцэж байна. Харин Аж үйлдвэрийн сайд нь энд тэндэхийн арга хэмжээнд тууз хайчлахаас өөрөөр үзэгдэхээ больсон.

Хэрвээ Р.Бурмаа, Д.Эрдэнэбат нарт сэтгэл байгаад зүтгэл байсан бол ядаж л 10 жил “үхмэл” байгаа Алтанбулагийн чөлөөт бүсийг идэвхжүүлэх боломж бололцоо байсан. Хэрвээ сэтгэл, зүтгэл гаргасан бол зөвхөн Сэлэнгэчүүд биш Монголчууд ч гэсэн хямд бараа бүтээгдэхүүн хэрэглээд явах байлаа. Алтанбулаг чөлөөт бүсэд одоогоор улсын төсвөөс 22 тэрбум, хувийн хэвшил таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байгаа. Өнөөдөр дэлхий дахинаа 135 оронд 3500 гаруй чөлөөт бүс 700 тэрбум орчим ам.долларын экспортын бараа эргэлт гүйцэтгэж, 70 сая хүнийг ажлын байраар хангаж байгаа. Хэрвээ Алтанбулагийн чөлөөт бүсийг “эргэлтэд” оруулбал өчнөөн олон хүний амьдралын баталгаа дээшлэх болно. Хөрөнгө мөнгө нь хангалттай хийгдсэн ийм салбартаа анхаарал хандуулахгүй байгаа ажилд хойрго хандаж байгаагаа Д.Эрдэнэбат, Р.Бурмаа сайд нар нэг бодоод үзээрэй !!!