Өчигдөр дүрэм ёсоор Ардчилсан намын аймаг, дүүргийн намын хороодын хурал болж нэр дэвшигчдээ

тодрууллаа. Өмнө нь дурдаж байсан нэр дэвшигчдийн таамаглалууд зарим дүүрэг, аймагт эвдэгдсэнийг энд дурдах хэрэгтэй. Мөн зарим салбар намын хороод нэр дэвшигчдээ тодруулахдаа шууд аль тойрогт өрсөлдөхийг нь тодорхой болгосон бол зарим нь зөвхөн нэр дэвшигчийг тодорхой болгоод тойргийн хуваарилалтыг ҮЗХ-гоор шийдүүлэхээр хойш тавьж байв. Ингээд аль тойрогт хэн хэн АН-аас нэр дэвшиж өрсөлдөхөөр намын хороодоос ялалт байгуулан гарч ирснийг дурдая.

Хан-Уулыг онилж, дараа нь Дорнодод очихоор болж байсан ХХАА-н сайд, УИХ-ын гишүүн Р.Бурмаа Дархан-Уул аймгийн 45-р тойрогт өрсөлдөхөөр болж байна. Дарханы намын хорооны хурлаар Р.Бурмаагаас гадна УИХ-д өрсөлдөхөөр Намсрайн Мөнхдаш, Мишигийн Сономпил нар сонгогдлоо. Дорноговь аймгийн Ардчилсан намын хорооны хурлаас Говьсүмбэр, Дорноговь аймгийн 12-р тойрогт ИТХ-ын дарга Гомбын Ганбаатар, Дорноговь аймгийн 13-р тойрогт Зундуйн Алтангэрэл нарыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Баянгол дүүргийн АН-ын хорооны хурлаас С.Эрдэнэ, Д.Оросоо, С.Одонтуяа, намын дарга З.Энхболд нарыг нэр дэвшүүлэхээр болов. Харин Хэнтийд гурван баатар буюу 40-р тойрогт Ерөнхий сайдын зөвлөх байсан М.Хүдэрбаатар, 41-р тойрогт УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, 42-р тойрогт аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар нар өрсөлдөхөөр болов. Булганы ганц тойрогт UFC группийн О.Амартүвшинг 100 хувийн саналаар намын хорооныхон нь дэмжээ.

Өмнөговьд 22-р тойрогт аймгийн Засаг дарга Б.Бадраа, 23-р тойрогт УИХ-ын гишүүн “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нар намын хорооны гишүүдийн хурлаар ялалт байгуулж нэр дэвших эрхээ олж авсан бол УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан энд нэр дэвшихээр өрсөлдөөд унаж байна.

Хан-Уулын Ардчилсан намын хорооноос УИХ-ын гишүүн Лувсанвандангийн Болд, Г.Батхүү, УИХ-ын даргын зөвлөх Г.Байгальмаа, дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нар айсуй сонгуульд нэр дэвшин өрсөлдөх эрхээ намын гишүүдээсээ олж авлаа.

Архангайн намын хорооны хурлаар УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, “Фортуна” Н.Батбаяр, “Бридж” Д.Ганхуяг нар ялалт байгуулж нэр дэвших эрхээ авсан юм.

Сүхбаатар дүүргийн АН-ын хорооны хурлаар ХХБ-ны захирал Б.Мэдрээ, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, Л.Гантөмөр нар ялалт байгуулж нэр дэвших эрхээ олж авлаа. Дашрамд дурдахад Шонхор фракцын зүгээс Х.Тэмүүжинг унагахаар “Жоби” төвийн захирал Б.Мөнхтуяаг өрсөлдүүлсэн боловч барсангүй. Х.Тэмүүжин нийт гишүүдийн 97 санал авсан бол Б.Мөнхтуяа 19 санал авч энэ мандатын төлөө өрсөлдөөн шийдэгдсэн юм. Лав энэ дүүргийн 61-р тойрогт УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, МАН-ын Сү.Батболдтой өрсөлдөхөөр болсон нь олныы анхаарлыг татах бизээ.

Дорнод аймагт үүнтэй зэрэгцэн Зам тээврийн сайд М.Зоригт болон бригадын генерал Д.Энхбаатар ялалт байгуулж мандат авч байна. Увсын гурван тойрогт “Тэсо” корпорацийн захирал О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, “Оюуныы Ундраа” группийн захирал С.Отгонбаяр нар нэр дэвшихээр боллоо. Мөн эх сурвалжийн мэдээллээр хамгийн сүүлд Сэлэнгийн намын хорооны хурлаар С.Баярцогт, Д.Эрдэнэбат нар нэр дэвших эрхээ баттай олж авсан бөгөөд үлдсэн мандат дээр “Шим” группийн Л.Цандэлэгтэй МАН-ын Бага хурлын гишүүн байсан, Таван Богдын Ц.Баатарсайханы дүү Ц.Отгонбаатар өрсөлдөж байна гэсэн мэдээлэл ирсэн юм.

Ийнхүү өчигдрийн байдлаар АН-аас УИХ-д нэр дэвшигчдийн цөөнгүй нэрс ийн тодорхой болж байна. Өнөөдөр бусад намын хороодын хурал явагдах бөгөөд ингэснээр 76 тойрогт өрсөлдөх 76 дэвшигч тодорхой болох юм.

Эх сурвалж: http://medeelne.mn