УИХ-д бие даан ороод, буухын өмнөхөн ганцаардаж буйгаа мэдэрсэн С.Ганбаатар гишүүн ХҮН-д элсэж, "суга" томрон ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө хэмээж байсан. Гэвч намынх нь асуудал тийм ч таатай байж чадаагүй учраас юун Ерөнхийлөгчийн сонгууль байтугай парламентынхад ч өрсөлдөнө гэдэг бэрх даваа болоод байгаа.


Мань хүн аль намаас хаана нэр дэвших нь оньсого мэт байсан. Бүр Г.Уянга гишүүний толгойлж буй ТТЭНН-аас хүч үзэх тухай мэдээлэл ч байв. Юутай ч С.Ганбаатар гишүүн УИХ-ын сонгуульд өрсөлдөж, амиа бодож, аргаа олохын тулд "Эх орончдын нэгдсэн эвсэл"-ийн нэрийн өмнөөс нам бусаар нэр дэвшихээр болжээ. Гэхдээ тэрбээр УИХ-ын сонгуулийн 43-р тойрог буюу Дархан-Уул аймагт өрсөлдөхөөр болсон байна. Нам бусаар гэдэг нь "Эх орончдын нэгдсэн нам", "ХАМУГ Монголын хөдөлмөрийн нам"-ын аль алинд нь элсэхгүй. Харин тус хоёр намын эвслийн нэрийн өмнөөс нам бусаар өрсөлдөнө гэсэн үг юм. Сонгуулийн тухай хуульд зааснаар эвслийн нэрийн өмнөөс нам бусаар нэр дэвших боломжтой гэж С.Ганбаатар үзсэн учир ийм шийдвэр гаргасан бололтой. Ёстой л голсон юм голд, шилсэн юм шилд гэгч болж эрхэм гишүүнийг багагүй сандаргасны эцэст ийнхүү нэг эвсэл, хуучин тойрог хоёр нь олдож байгаа ажээ.

Эх сурвалж: