МАХН-ын дарга Н.Энхбаяр сонгуульд нэр дэвших эрхгүй болсныхоо төлөө хэсэг гишүүдийн хамт өлсгөлөн зарлаж байгаад өчигдөр орой энэхүү шоугаа зогсоосон билээ.

Тэгвэл УИХ-ын сонгуульд намууд нэр дэвшигчдээ дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 27-ны шөнийн 00 цаг хүртэл үргэлжилж, нэр дэвшигчдээ тодруулав. Гэтэл МАХН-ынхан Бага чуулганаа шөнө дөлөөр эхэлж, 28-ны үүрийн 04 цагт нэр дэвшигчдээ тодруулсан нь Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал дэгдээж мэдэхээр байна. Учир нь, нэр дэвшигчдийг МАХН-ын байрны гадна өлсгөлөн зарлагсдын гэрт тодруулах ажиллагааг явуулахдаа дотор нь байсан илүү дутуу хүмүүсийг гадагш гаргаж байгаад, зөвхөн нэр дэвшигчдээ оруулж ирэн протоколд гарын үсэг зуруулжээ.

Нэр дэвшигчдийг тэд тодруулахдаа нэлээд олон талаас нь боломжит хувилбаруудыг харьцуулж, хаана, хэн гэдэг нэр дэвшигч, хэнтэй өрсөлдөхийг маш сайн тооцоолох гэж оролдсон нь хурал ийнхүү хугацаандаа багталгүй сунжирахад хүргэсэн гэнэ. Ганцхан жишээ хэлэхэд, Дарханы тойрогт МАХН-аас нэр дэвшигч Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар нь УИХ-ын гишүүн С.Ганбаатартай тулахаас эмээж, Шинэ Дарханы 45 дугаар тойрогт нэр дэвшихээр болжээ.

Дарханы хөдөөгийн буюу 45-р тойрогт нэр дэвшигч УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас, хуучин Дарханы буюу 43-р тойргоос сонгогдох өндөр магадлалтай гэгдэж буй "Босоо” Ганбаагаас зугтааж тэрбээр 44 дүгээр тойрогт Н.Мөнхдаш, Б.Жавхлан нартай хүч үзэхээр тооцоолж намын шийдвэрээ гаргуулжээ. МАХН-ын хуульчдын баг ийнхүү хуулиа зөрчөөд эхэллээ. Харин үүнийг СЕХ зүгээр өнгөрөөх эсэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж www.wikimon.mn