Өнөөдөр МАХН-ын гишүүд мэдээлэл хийлээ. Тэд Н.Энхбаяр өлсгөлөн зарлан улс төрийн шоу хийж байгаа тул дүүрэг бүрийн төлөөлөл болсон 40 гаруй МАХН-ын гишүүн намаасаа гарч байгаагаа мэдэгдлээ. Тэд: “Иргэн бүр Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох, сонгох эрхээ дөрвөн жилд нэг удаа эдэлдэг. Гэтэл улс төрийн ууган хүчний нэг МАХН ард түмнийхээ сонгох эрхэнд ноцтой халдаж байна. Учир нь иргэд төр түшилцэх хүнээ хуулийн дагуу сонгуулийн аргаар сонгох ёстой. Гэтэл Н.Энхбаяр өлсгөлөнгөөр сонгуульд орох эрх олж авах гэж тэмцлийн хурц хэлбэрийг сонгож 66 цаг намын гишүүдээ өлсгөлөө. Өнөөдөр Монголчуудын амьдрал доройтож ард түмэн амьжиргаагаа залгуулж чадахгүй өлсөж байхад МАХН-ынхан төрийн эрхийг авахын төлөө өлслөө. Өлсгөлөн зарлана гэдэг 1990-д онд ардчилал авчирсан түүхэн сонголт байсан. Тэр сонголтоор Монголын ард түмэн өнөөдрийн сонгох, сонгогдох эрхээ олж авсан. Харин өнөөдрийн Н.Энхбаярын өлсгөлөн ард түмний ард түмний олж авсан эрх чөлөөнд халдаж байна. Өлсгөлөн бол тэмцлийн хурц хэлбэр. Зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө намын гишүүдийн амь насанд халтай тэмцлийн хурц хэлбэрийг сонгож, МАХН-аас нэр дэвшиж байгаа л бол өлсгөлөнд оролцох ёстой гэж хүмүүсийг хүчлэн өлсгөлөнд оролцуулснаас болж хэд хэдэн хүний биеийн байдал муудаж, өлсгөлөнгөө зогсоолоо. Төрийн эрх мэдлийг авахын төлөө хүний амь насаар дэнчин тавьж болохгүй. Бусдыг өлсгөлөн уриална гэдэг эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог. МАХН сонгуулиа өлсгөлөнгөөр эхлүүлж байгаа нь сайны ёр биш.” Гэв.

Хэвлэлийн хурлын үеэр МАХН-ын гишүүн асан Ж.Оюунцэнгэл: 25 жил энэ настай хамт явсан ч гэсэн сонгуулийг өлсгөлөнгөөр эхлүүлж байгаад Монгол эмэгтэй хүнийхээ хувьд гундуу байгаа. Албан тушаал, эрх мэдлийн төлөө биш улс орон, үр хүүхдийнхээ төлөө ажиллаж, МАХН-аас албан ёсоор гарч байгаагаа мэдэгдэж байна. Өнөөдөр миний сонсож байгаагаар 40-50 хүн МАХН-аас гарч байгаа. Нам сонин биш байна.” Гэв.