Улс төрд УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нар үнэмлэхээ гардаж авсан билээ. Тэгвэл удаагийн сонгууль их содон сонин нэр дэвшигчидтэй болж буйгаараа сонирхолтой болгох нь. Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаярыг СЕХ-ноос нэр дэвшигчээр бүртгэхгүй гэсэн шийдвэртээ бат зогссон. Сонгуульд өөрийнхөө өмнөөс эхнэрээ сойж буй нь олон хүний анхаарлыг татлаа.

О.Цолмон Сонгино Хайрхан дүүргийн 75-р тойрогт өрсөлдөх юм. Түүнтэй хамт дараах нэр дэвшигчид тус тойрогт нэр дэвшсэн.

 

Гэтэл олны гайхашруулж дуусдаггүй Л.Гүндалай мөн л эхнэрээ нэр дэвшүүлэв. Л.Аззаяа Орхон аймгийн 48-р тойрогт “Ард түмнээ хайрлая” намаас нэр дэвшин, АН-ын Б.Мягмарсүрэн, МАН-ын Д.Дамба-Очир нарын хүмүүстэй өрсөлдөх юм.

 

 

Нийгэмд Иргэдийг төөрөгдүүлсэн 1072 хувьцааны асуудал цэгцлэгдэх тийшээ оров бололтой. 1072 хувьцааны 323 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь зарах боломжтой боллоо

 

Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрт хуваарилсан билээ. Ингэснээр нэг иргэнд 1,072 ширхэг хувьцаа ногдсон юм. Зарим иргэн хувьцаагаа Засгийн газарт худалдаж, цөөнгүй иргэн худалдалгүй үлдсэн. Тэгвэл өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болсон байна. Улмаар иргэдийн 1072 хувьцаатай холбоотой асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэний эзэмшиж байгаа 1072 хувьцааны 30 хувьтай тэнцэх буюу 323 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдаж авах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Уг арга хэмжээг “Сайн хувьцаа” хэмээн нэрлэж хэрэгжүүлэх хүрээнд цаашид иргэдийн гарт үлдэх буюу 70 хувьтай тэнцэх хувьцааг нь Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдан авахаар төлөвлөсөн байна.

Иргэдийн 1072 хувьцааг худалдан авах эрх зөвхөн Засгийн газарт нээлттэй. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар иргэдийн тодорхой хэсгээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг нь нэрлэсэн үнээр худалдан авсан. Нийт 2 сая 858 мянган иргэн хувьцаа эзэмшсэнээс давхардсан тоогоор 278 мянган оюутанд нийт 138 тэрбум төгрөг, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 615 мянган иргэнд нийт 4,8 тэрбум төгрөгөөр, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй 322 мянган иргэнд 322 тэрбум төгрөгөөр давхардсан тоогоор 1 сая 216 мянга 734 иргэнд 464,8 тэрбум төгрөгөөр хувьцааг нь мөнгөжүүлсэн байна. Эдгээрээс бусад 1 сая 650 мянган иргэний хувьцаа мөнгөжөөгүй байгаа юм. Эдгээр иргэд өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах хүсэлт гаргавал эхний ээлжинд 323 хувьцааг нь нэрлэсэн үнээр нь худалдаж авахаар болж байна. “Сайн хувьцаа” арга хэмжээ энэ сарын 13-наас эхлэн хэрэгжих юм. Ингэснээр иргэд хувьцаагаа зарах боломжтой болох юм.

1072 хувьцаатай холбоотой мэдээлэл дуулгахад, УИХ дахь МАН-ын бүлгээс 1072 хувьцааг нэг сая төгрөгөөр худалдан авах тогтоолын төслийг Засгийн газарт хүргүүлсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Су.Батболд, Ж.Батсуурь, Ё.Отгонбаяр нар "Эрдэнэс Таван толгой" хувьцаат компанийн иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлсэн 1072 хувьцааг мөнгөжүүлэх асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулснаа Засгийн газарт хүргүүлсэн байна. Иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааг нэг ширхгийн нэрлэсэн үнэ 933 төгрөгөөр үнэлэн 1 сая төгрөгөөр худалдан авах ажлыг зохион байгуулах даалгаврыг Засгийн газарт үүрэг болгохыг тогтоол санаачлагчид санал болгожээ. Иргэн бүрт олгосон 1072 ширхэг хувьцаа буюу нийт 3 тэрбум хувьцааг мөнгөжүүлэх арга хэмжээ авснаар хувьцаа эзэмшигч нийт 1.5 сая иргэд, түүний дотор цалин, тэтгэвэр, арилжааны зээлтэй байгаа 971 мянган иргэний тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тус нэмэр болно гэж тогтоол санаачлагчид үзжээ.

Тэгвэл Урт цагаан орчимд иргэдийн 1072 хувьцааг бэлэглэлийн гэрээгээр худалдан авч байж болзошгүй гэсэн мэдээлэл гарсан. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Одоогоор 2-3 хүнийг шалгасан ажээ.

Уншиг та Эрдэнэс тавантолгой ХК 1072 ширхэг хувьцаа таньд байгаа эсэхийг ЭНД ДАРЖ орж регистрийн дугаараа хийж шалгаарай.

Эдийн засаг: Төсвийн орлого дутаж, ЗГ-ийн өр, өргөн хэрэглээний үнэ нэмэгдэв

Манай улсын эдийн засаг элгээрээ мөлхөөд сэхэхээ байсан. Хаашаа л харна мөнгөний асуудалд орсон хүмүүс. Өвчин, зовлонтой, хоногийн хоолоо арайхийж залгуулж яваа иргэд ч олон бий. Гэтэл улсын төсвийн орлого 739 тэрбум төгрөгөөр дутсан таагүй мэдээ сонсголоо.

Тавдугаар сарын гүйцэтгэлийг Сангийн яамнаас гаргасан бөгөөд төсвийн нийт тэнцэл 860.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. 2016 оны төсөвлөсөн дүнтэй харьцуулахад, төсвийн орлого 739 тэрбум төгрөгөөр дутав.

Төсвийн орлого дутуу биелэхэд импортын барааны НӨАТ-ын орлого 60.9, импортын гаалийн албан татварын орлого 40.2, өмч хувьчлалын орлого 37.8, гадаад хандив тусламжийн орлого 157.7 тэрбум төгрөгөөр тус, тус төлөвлөгөөнөөс тасарсан аж.

Хүний хөгжлийн санд 51.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн нь төлөвлөгөөнөөс 11.3 тэрбум төгрөгөөр дутсан байна. Иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх гэсэн үү сонгуулийн шоу гэдгийн аль нь болох нь эргэлзээтэй шийдвэрийг энэ сарын эхээр гаргаж өдгөө хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, тэтгэвэр, халамжийн мөнгийг нэмсэн билээ. Харин үүнийг сонссон ахмадууд "тэтгэвэр нэмэхээр бидний авдаг зүйлс дагаад үнэ нь өсчихдөг. Тэгэхээр тэтгэвэр нэмсэн ч амьдралд минь тус нэмэр болохгүй. Ялгаагүй л байна" хэмээсэн. Харин өнөөдөр энэ үнэн болж таарав. Юу гэхээр үнэхээр л өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсчихлөө. Хонины мах, ястай (7130), Хонины мах, цул (7957), Үхрийн мах, ястай (8620), Үхрийн мах, цул (11000), Монгол лууван (2300), Байцаа (1900) тус тус төгрөгөөр худалдаалагдаж байна. Үүнийг өмнөх долоо хоногийн ханштай харьцуулахад Үхрийн мах 25-30 төгрөгөөр, хонины мах 35- 185 төгрөгөөр тус тус өсчээ.

Түүнчлэн Засгийн газрын өр нэмэгджээ. Монгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл тайлант улирлын эцэст 22,599 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс найман хувиар буюу 1,614 сая ам.доллараар нэмэгдсэн байна. Үүнд:

  • Засгийн газрын гадаад өр 14 хувиар буюу 480 сая ам.доллараар өсч 4,036 сая ам.долларт,

  • Төв банкны гадаад өр 11 хувиар 208 сая ам.доллараар өсч 2,084 сая ам.долларт,

  • Банкуудын гадаад өр 30 хувиар буюу 481 сая ам.доллараар өсч 2,061 сая ам.долларт,

  • Бусад сектор ын гадаад өр дөрвөн хувиар 122 сая ам.доллараар өсч 3,568 сая ам.долларт,

  • Гадаадын хөрөнгө оруулагчаас авсан зээлийн эх үүсвэр гурван хувиар 322 сая ам.доллараар өсч 10,850 сая ам.долларт тус тус хүрчээ.

Спорт: М.Батмөнх дөрвөн төрөлд хүрэл медаль хүртлээ

Энэтхэгийн Удайпур хотод пауэрлифтингийн насанд хүрэгчдийн хүчний гурван төрөлтийн Азийн АШТ энэ өдрүүдэд болж байгаа билээ. Тэмцээнд манай улсаас МПНХ-ны зургаан тамирчин өрсөлдөж байгаа юм. Энэ сарын 09-нд тэмцээний 59 кг-ын жинд М.Батмөнх дөрвөн төрөлд хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хэвтээ болон шахалт, таталтын төрөлд хүрэл медаль хүртээд зогсохгүй нийлбэр дүнгээр гуравдугаар байрт оржээ.

Тэмцээн энэ сарын 12-нд өндөрлөх бөгөөд үлдсэн өдрүүдэд опен ангиллын 83 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Гансүх, 96 кг-д Азийн АШТ-ий мөнгөн медальт М.Батбаяр, 105 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт Ш.Батзул, мастер ангиллын 120 кг-д Азийн аварга Ц.Үүрцайх, +120 кг-д Д.Отгонбаяр нар хүч үзэх юм.

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа