Сонгуулийн жил болгон л Монголынхоо баялагийг хувааж иргэддээ өгөх талаар шуугиж эхэлдэг жамтай бололтой. Өмнөх сонгуулиар Оюутолгойн ордын ашгийг хүртээж, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлнэ л гээд уран үгийг урсгасан.

Мөн 2012 оны сонгууиар Эрдэнэс-Тавантолгойн хувьцаа гэгчийг иргэддээ ашиг хэмээн таарчихсан. Үүнийхээ ашгийг иргэд хүртэх гэж дөрвөн жил хүлээсэн ч хөрөнгийн зах зээл дээр эргэлтэнд ороогүй. Цагаан сарын дараагаар "Хятадууд хувьцааг нэг сая төгрөгөөр худалдаж авч байгаа" гэсэн яриа тархаж олон хүн урт цагааны урд хонон, өнжиж оочерлосон ч тусыг эс олсон.

Тэгвэл өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэний эзэмшиж байгаа 1072 хувьцааны 30 хувьтай тэнцэх буюу 323 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдаж авах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан. “Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд цаашид иргэдийн гарт үлдэх буюу 70 хувьтай тэнцэх хувьцааг нь Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдан авахаар төлөвлөж байна. Худалдан авах эрх нь Засгийн газарт нээлттэй гэдгийг Ерөнхий сайд онцолсон.

Нийт 2 сая 858 мянган иргэн хувьцаа эзэмшсэнээс давхардсан тоогоор 278 мянган оюутанд нийт 138 тэрбум төгрөг, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 615 мянган иргэнд нийт 4,8 тэрбум төгрөгөөр, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй 322 мянган иргэнд 322 тэрбум төгрөгөөр давхардсан тоогоор 1 сая 216 мянга 734 иргэнд 464,8 тэрбум төгрөгөөр хувьцааг нь мөнгө хэлбэрт оруулан авчээ. Эдгээрээс бусад 1 сая 650 мянган иргэний хувьцаагаа худалдаагүй байгаа юм.

Ингээд дээрх шийдвэрийг сонссон иргэд өөртөө байгаа хувьцааныхаа 30 хувийг худалдах гэж даваа гаригаас өнөөдрийг хүртэл банкуудад оочерлож эхэлсэн билээ. Тэгвэл эрх баригчдын уг шийдвэр нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос мэдэгдэв.

"Арилжааны банкнуудаар дамжуулан, үнэт цаасыг худалдаж авч байгаа нь банкуудын тухай хууль, үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл. Мөн "Эдийн засгийн эргэлтэд оруулна" гэдгийг иргэд маань буруу ойлгож байна. Энэ нь хувьцааг иргэд хууль ёсны дагуу Хөрөнгийн бирж дээр бүртгүүлээд, иргэд чөлөөтэй хувьцаагаа арилжаалдаг болохыг хэлж байгаа юм.

Хөрөнгийн зах зээл өөрөө Санхүүгийн зах зээл болохоос биш Улс төртэй хамааралтай зах зээл биш шүү. Засгийн Газар худалдаж авна гэдэг чинь өөрөө хууль зөрчиж байгаа асуудал юм. Өнөөдөр хувьцааны наймааг арилжааны банкуудаар дамжуулан худалдаалах боломжтой болчихсон юм бол Хөрөнгийн бирж, Үнэт цаасны компаниуд, Брокерууд байх хэрэггүй шүү дээ" хэмээн Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр хэлэв.

Түүнчлэн байхгүй мөнгийг бий болгож авч байгаа нь сонгуулийн өмнөх асуудал, улс төржилт болгож байна. 2011 оноос хойш таван жил өнгөрлөө. Яагаад "Эрдэнэс-Таван толгой" ХК нь хувьцаагаа арилжаалах, бүртгэх ажлыг хийхгүй байгаад гайхаж байна. Тэгэхээр арилжаалах боломжтой гэх эрхээ нээгээгүй үед худалдан авах гэж байгаа нь өөрөө хууль зөрчиж байгаа юм. Мөн компанийн дүрэм дээрээ нээлттэй, ил тодоор энэхүү хувьцааны талаар тусгаагүй байгаа гэсэн юм.

Иргэд хувьцааны талаар ямар ч ойлголтгүй байгаа бөгөөд "зарах нь зөв үү, буруу юу" гэдгээ ч сайн мэдэхгүй явна. Эдийн засгийн хямралтай энэ үед улс төрийн зорилготой шийдвэр гаргаж их хэмжээний мөнгөний эрэлтийг бий болгож байгаа нь эргээд иргэдийн нуруун дээр ачаа нэмэх вий дээ. Учир нь манай улсад тэтгэвэр, халамж, цалин нэмэгдэх гэнэ гэсэн сургаар хамаг бараа, бүтээгдээхүүнийх нь үнэ дагаад өсчихдөг жамтай. Гадаад валютын ханш ч чангарч мэднэ. Ингээд нэмэгдчихсэн бүтээгдэхүүний үнэ буурна гэж гонжий жоо. Дараа нь иргэд 300 мянган төгрөг авсанаасаа илүүтэйгээр их хямралд өртөх болно.