УИХ, аймаг нийслэлийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэн энэ үед эрх барьж буй АН-ын Засгийн газар болон нийслэлийн удирдлагуудын зүгээс иргэдийн саналыг татах зорилгоор хууль зөрчсөн олон үйлдэл гаргаж, Монгол Улсын эдийн засгийг дампуурлын ирмэгт хүргэж байна.

Тухайлбал, сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэхийн өмнөхөн АН-ынхан сонгогчдод гэнэт хайр зарлаж, “Сайн оюутан”, “Сайн хашаа”,“Сайн хувьцаа” зэрэг арга хэмжээг ар араас нь зарлаж эхлэв. Гэтэл АН-ынхан засгийн эрх барьсан дөрвөн жилийнхээ хугацаанд энэ мэт ажлыг огт хийгээгүйгээр барахгүй эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн нь гарцаагүй үнэн билээ. Гэсэн атлаа сонгууль болохын өмнөхөн нийгмийн давхарга бүрт чиглэсэн “Сайн” тодотголтой хөтөлбөрүүдийг зарлаж байгаа нь цэвэр сонгуулийн шоу юм. Иргэдийг энэ мэт урт насгүй хөтөлбөр төдийхнөөр хуурч башир аргаар саналыг нь худалдаж авах гэсэн ажиллагаанаас өөр юу ч биш гэдгийг сонгогчдод сануулах нь зүйтэй болов уу. Үгүй ядахдаа л АН-ынхан дөрвөн жилийн турш энэ мэт иргэддээ чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирсэн бол өнөөдөр ард түмэн орлогогүй, нийгэм тэр чигээрээ ядууралд автахгүй байх байлаа. Цаашлаад гаднаас авсан “Чингис”, ”Самурай” зэрэг их хэмжээний бондын мөнгийг үр ашиггүй зүйлд баруун солгойгүй цацаж, Монгол Улсын гадаад өрийг 23 тэрбум ам.долларт хүргэчихээд байгаа нь ёстой л "Хэний гавьяа вэ". Цаашлаад улсын төсвийн алдагдал энэ оны тавдугаар сарын байдлаар 600 гаруй тэрбумд хүрч, төрийн албан хаагчдын цалинг зээлээр тавихад хүрээд байна. Эрх баригчдын бодлогын алдаа Монгол Улсыг ингэж арга ядсан, өрийг өрөөр дардаг байдалд хүргэв. Эцсийн дүнд нь ард түмэн ядуурч, АН-ын цөөн хэдэн албан тушаалтанд л “Чингис”,“Самурай” бондын мөнгө үр ашгаа өгсөн хэмээн хэвлэлээр шуугиж байгаа нь оргүй зүйл биш гэдгийг хэн хүнгүй мэдэж л байгаа. Тийм ч учраас холбогдох байгууллага нь бондын мөнгөний зарцуулалтыг шалгаж, үнэн мөнийг тогтоох цаг нь өнөөдөр ч байж болох.

Өнөөдөр АН-ынхан иргэд сонгогчдын саналыг татахын тулд эдийн засгаараа тоглож, засгийн эрхийг ямар ч хамаагүй аргаар авахын төлөө улайрч байгаа нь харамсалтай. АН засгийн эрх барих сүүлийн нэг сарынхаа хугацаанд ард иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны 30 хувийг худалдан авах шийдвэрийг Засгийн газраараа гаргуулав. Энэ нь хувьцаа гэх үгээр халхавч хийн хууль зөрчиж буй нэг хэлбэр гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Тухайлбал, хувьцаагаа зарах эрхтэй хүмүүсийг зөвхөн 18-аас дээш насныхан гэсэн нь сонгуулийн насныханд чиглэсэн, шоу төдий арга хэмжээ гэдгийг бэлхнээ илтгээд байгаа юм. Түүнчлэн “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааг худалдах, худалдан авах ажиллагаа нь Монгол Улсын үнэт цаасны зах зээлийн болон Компанийн тухай хуулиар зохицуулагдах ёстой. Тухайлбал, “Засгийн газар 2012 оны 181 дүгээр тогтоолын 3 дугаар заалтын дагуу хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэлх хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг саналын эрхгүй, аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгөөр иргэдэд эзэмшүүлэхээр заасан байдаг. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа нь өнөөг хүртэл Санхүүгийн зохицуулах хороо болон Хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэгдээгүй, хувьцааны арилжаа эхлээгүй байгаа учир хувьцаа эзэмшигч иргэд хувьцаагаа арилжаалж, өвлүүлэх, барьцаалах боломжгүй байгаа” юм. Иймээс сонгуулийн насны иргэдийн хувьцааны 30 хувийг худалдан авах шийдвэрийг Засгийн газраас гаргаж байгаа нь хууль бус бөгөөд ердөө л иргэдийн саналыг авах гэсэн явуургүй арга юм. Цаашилбал, хувьцаа худалдаж авах Засгийн газрын шийдвэрийг 1072 хувьцаатай холбон үзэх хууль зүйн үндэсгүй бөгөөд хувьцаа худалдаж авах нэрээр сонгуулийн насны иргэдэд бэлэн мөнгө тарааж, улсын өрийг 300 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байгааг энд дурдъя. АН-ынхан үнэхээр л иргэдийн хувьцааг амь оруулахыг хүссэн бол өнгөрсөн жилүүдэд, бүр тодруулбал засаг барьсан дөрвөн жилийнхээ хугацаанд хуулийн дагуу зохион байгуулж, 1.65 сая иргэнийг насаар ялгаварлалгүй хувьцааг нь худалдан авч болох л байв. Гэтэл тэд өөрсдөдөө тааруулан хууль “зохиож”, 18 наснаас дээш хүмүүсийн хувьцааг худалдан авна гэчихэв. Монголбанк Засгийн газрын байгууллага шиг ажиллаж, хүссэн үед нь зээл олгон хувьцаа нэрийн дор иргэдэд мөнгө тараах ажиллагааг зохион байгуулж эхэллээ.

Угтаа Хувьцаа худалдан авах тухай Засгийн газрын тогтоолд дотоодын бондын мөнгөөр уг арга хэмжээг санхүүжүүлнэ гэж байгаа боловч энэ сарын 13-наас хэрэгжүүлж байгаа учир бонд гаргах цаг хугацааны боломж байхгүй юм. Тийм ч учраас Монголбанкнаас зээл авч, санхүүжүүлж байгаа бололтой. Дээрээс нь энэ онд гадаадаас авсан 750 сая ам.долларын зээл ч Засгийн газарт байх учиртай. Энэ мэтээр хууль зөрчин хэрэгжүүлж байгаа хувьцаа худалдан авах ажиллагааны цаана эдийн засагт ямар сөрөг нөлөө үзүүлэхийг дор дурдъя. Тухайлбал, хамгийн наад захын жишээ 300 мянган төгрөгийг иргэдэд тарааснаар инфляц өснө. Үүнийг дагаад өргөн хэрэглээний бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нь гарцаагүй. Энэ нь эргээд та, бидний амьдралд сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн үг. АН-ынхан ингэж эдийн засгийг улам уруу татав.

Харин цаана нь тэдний хүссэн үр дүн тийм ч амар гарахгүй нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, сонгогч иргэд Засгийн газраас өгсөн 300 мянгыг авч таарна. Харин 300 мянган төгрөгөөр саналаа худалдахгүй нь мэдээж. Тэд маргаашаа, ирээдүйгээ бодож сонголтоо хийнэ. Эдийн засгийг хямралаас гаргаж, ард түмний амьдралыг дээшлүүлж чадах намаас УИХ болон аймаг, нийслэлд нэр дэвшиж байгаа хүмүүст л саналаа өгч таарна. Шинээр гарах УИХ, Засгийн газар “Тавантолгой” төслийг богино хугацаанд, үр ашигтайгаар эдийн засгийн эргэлтэд оруулж, иргэдийн 1072 хувьцааг Санхүүгийн зохицуулах хороо болон Хөрөнгийн биржид бүртгүүлэн үнэ цэнэтэй болгож, иргэдэд ногдол ашиг авах, хувьцаагаа арилжаалах боломж бүрдүүлэх хэрэгтэй. Тавантолгой ашигтай ажиллах тусам хувьцааны бодит үнэ хэд дахин өсч, иргэдийн 1072 хувьцааг нэг сая төгрөг бус хэдэн сая болгож, бодит үнэ нь өсч таарна.

АН сонгуулийн санал авахын тулд Засгийн газрын өрийг нэмэгдүүлэн, банк санхүүгийн байгууллагыг ашиггүй ажиллахад хүргэж байна. Сонгуулийн үеэр авч хэрэгжүүлж байгаа 300 мянган төгрөг олгох болон зээлийн арга хэмжээнүүд нь улсын төсөв, эдийн засагт ихээхэн дарамт учруулж, Монгол Улсын эдийн засгийг сүйрлийн ирмэгт хүргээд байна. Монголын эдийн засгийн хямрал улам гүнзгийрч байгааг мэдэрсэн гаднын оронд байнга ажиллаж, амьдардаг иргэд мөнгөө тухайн орон руугаа татаж байгаа мэдээлэлэл ч байна. Харин энэ мэдээлэл нь манай банк, санхүүгийн салбарт ч сөрөг нөлөө үзүүлэх нь ойлгомжтой.

Эдийн засгийн ухааны доктор Х.Баатар