Монгол Улсын өдөр тутмын топ хэвлэл “Өдрийн сонин” өнөө жилийн наадмын бөхийн тухай хэлэлцүүлгийг зохион байгуулахаар боллоо.

Ардын хувьсгалын 95 жилийн тэгш ойн наадмаар 1024 бөх зодоглоно. Наадмын түрүү бөхөөр хэн тодрохыг бөхөд хайртай ард түмэн таамаглаж суугаа. Залуу арслан Э.Оюунболд, П.Бүрэнтөгс нар 10 давж түрүүллээ гэхэд шууд даян аварга, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарын аваргууд түрүүлбэл дархан аварга, заан Ч.Санжаадамба, харцага Ц.Содномдорж нар түрүүлбэл улсын аварга цол хүртэх өндөр магадлалтай байгаа юм.

Энэ талаар МҮБХ-ны дэд тэргүүн СГЗ Д.Данзан, улсын арслан Л.Сосорбарам, Ж.Хайдав, улсын начин гавьяат дасгалжуулагч Г.Пүрэв-Очир, бөх судлаач Б.Цогтбаатар нарын олон хүн санал бодлоо хэлэх болно. Хэлэлцүүлэг 2016.06.22-нд буюу маргааш 12:00 цагт “Өдрийн сонин”-ы “Асуух эрхийн танхим”-д болно. Хэвлэл мэдээллийн байгууллага болоод бөх сонирхогч та бүхнийг урьж байна.