Дэлхийн эдийн засаг хямарч байна. Манай хувьд бол улс төр-эдийн засгийн том хямрал болж байна. Энэ нь “бүгдээрээ адилхан хямарч байна” гэсэн монгол сэтгэгдэл төрүүлж болох боловч биднийг яагаад ч аварч чадахгүй. Ингээд дэлхий даяараа бодлогоо өөрчилж байна. Манайх л либерализм гэж хөөрөөд ганцаараа үлдэж байна. Нээрээ шүү.

Одоо байгаа царайгаа хар даа. Эдийн засаг “хөгжиж байгаа”, “муудаж байгаагаа” ч мэдэхгүй хэрэлдээд, гадаадынхныг “буцааж авчраад” мөнгө гуйх ганцхан юм хэлээд зогсож байна ш дээ. Уг нь бол улс орныхоо эдийн засгийг ингэж аварна, ингэж хөгжүүлнэ гээд зогсож байх ёстой биз дээ…

Хэнийг ч зөвхөн үр дүнгээр нь үнэлдэг

Биднийг зах зээлийн ид шидийн тухай, түүний үл үзэгдэх гарын тухай үлгэр шиг балай юм донгосоод “хөгширч” байх хооронд 1992, 1998, 2008 оны хямралууд дайраад эдүгээ үргэлжилж байна. Ингээд байхад чинь тэнэг царайлчихаад либерализм гэж 20 жил орилж байна. Монголын олигархууд энэ яваа насандаа эдийн засгийн онол, практик мэдэж байгаагүй. Тэд бол хулгай хийхээс өөр юу ч мэдэхгүй, бас чадахгүй. Эд нар Монгол Улсыг хямралаас гаргадаг нь юу л бол ?!

Ленин: “сайн онолоос илүү сайн практик байдаггүй” гэж хэлсэн билээ. Дэлхийн социалист систем задарсны дараа зах зээлийн үзлийг онол болгож авсан антикоммунистууд энэ үгийн учрыг одоо л арай гэж олж байна. Харин Монголд бол ойлгохгүй явсаар байгаад сүйрэлд хүргэж байна.

Эдүгээ дэлхийн капиталист системийн практик үйл ажиллагааны суурь үндэс болсон сонгодог неоклассик онол марксизмын нэгэн адил эцсийн үнэний төлөө зүтгэдэг болсон байна. Нөгөө олон ургалч үзэл нь хаашаа алга болсон юм, бүү мэд.

Гэтэл энэ онол социалист системийг нураахад л хэрэг болсноос биш, цаашаагаа даян дэлхийг хамрахад хүч нь хүрэхээ больсон нь илт тодорхой байна. Яагаад гэвэл олон орны нийгмийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх, эдийн засгийг шинэчилж, хөгжүүлэхэд нэмэр болж чадсангүй.

Бүр анхнаасаа буруу байсан нь мэдэгдэж байсан. Манайд 1990-ээд оны эхэнд үеэр “цочир эмчилгээг” хийсний үр дүнд манай эдийн засаг шинэ түүхийнхээ бүхий л дайн гамшгаас илүү их хор хохирол амссан юм.

Үүнийг цухас дурдвал: гэмт хэргийн шинжтэй өмч хувьчлал явуулсан, эдийн засгийн суурь болсон материал-техникийн баазыг устгасан, нийгмийн баялгийг гадагш зөөж цөлмөсөн, үндэсний аж үйлдвэрийг бүхэлд нь устгасан, байгаль орчин сүйтгэсэн зэрэг болно.

Эдийн засгийн суурийг бараг устгасан учраас гадаад худалдааны тэгш бус механизм тогтсон юм. Энэ нь манай эдийн засаг байнгын гадаад зээлээр амьдрах үндсэн гол нөхцлийг бүрдүүлсэн юм. Улмаар эдийн засгийн болон улс төрийн тусгаар тогтнолд байнгын ноцтой аюул үүсгэсэн.

Энэхүү ноцтой байдал улс төр, эдийн засгийн либерал туршилтаар тоглогчдын санааг огт зовоогоогүй бөгөөд тэд улам чангаар ардчилал хэмээн орилж, шүүмжилсэн хүн болгоныг коммунист гэж дайрах болсон юм. Монголын ард түмэн энэ хөөрүү солиотуудын туршилт ямар үр дүнтэй байгааг одоо харж байна.

Шинжлэх ухаан бол догм биш

Зах зээл өөрөө өөрийгөө аяндаа зохицуулдаг, төр бол хамгийн муу менежер гэсэн үгийг Та бид зөндөө сонссон. Нээрээ ч өнөөгийн төрийг харахаар тийм мэт санагдана. Хамгийн инээдэмтэй нь энэ мэргэн үгийг хэлдэг нөхдүүд төрд өөрсдөө гараад зах зээлийг “зохицуулаад”, өөрөө “менежер” хийгээд байдагт хувь заяаны шоглоом байдаг юм. Тэдний либерал төсөөллийн шинжлэх ухааны үндэслэл ийм хөгийн байдаг.

Үнэндээ бол манайд өмч хувьчлал, байгалийн баялгаас хулгай дээрэм хийсэн цөөхөн хүн нам болж, улс төрөөр тоглон төрийн эрх мэдлийг барьж байна. Тэд хулгай дээрмээ олон жил үргэлжлүүлж байгаа учраас монголын төр хамгийн муу менежер байх нь зүй ёсны хэрэг.

Энэ арчаагүй хүмүүс хязгааргүй их хөрөнгө мөнгөтэй, асар их эрх мэдэлтэй учраас одоохондоо тэсэж байна. Тэд нэгэн эрх ашигтай болсон, тэдний эрх ашиг монголын ард түмний эрх ашигтай огтхон ч үл нийцнэ.

Сүүлийн жилүүдэд суурь шинжлэх ухааныг хог дээр хаяж “эрэлт нийлүүлэлт” гэж орилсон болгоныг эдийн засагч гэж өргөмжилсний гор одоо гарч байна. Монголын эдийн засагчдын дийлэнхи олонхи “таавчик” хийвэл эдийн засаг хөгжинө гэдэг балай тэнэг амьтад болсон байна.

Эд нар олон жил чалчсаар байгаад өөрийгөө мундаг гэж боддог ч яг үнэндээ бол либерализмаа ч гүйцэд мэдэхгүй, социализмыг бол бүр ч мэдэхгүй зүгээр л зах зээлийн суурь атгаг үзлийн сонгодог догматикууд болон хувирсан юм.Олон зууны тэртээх лам нар ч ийм догматик байгаагүй байх.

Монголын жижиг эдийн засагчид нь их л сайндаа англи сайтаас авсан хэдэн тоо, график тайлбарлахаа мундаг ажил хийлээ гэж боддог болж, “том” эдийн засагчид нь бүгдээрээ шахам эсвэл гадаадын хөлсний ажилчин, эсвэл луйварчин болсон байна. Ийм байхад улс орны эдийн засаг сөнөхгүй яадаг юм ?!

Дэлхийн мөнгө

Өнөөдөр дэлхийн эдийн засгийн мөнгийг АНУ-ын Холбооны Нөөцийн Сан, Английн банк, Европын Төв банк, Японы Банк л хэвлэж байна. Эдгээр валютыг гаргагчид хийгээд тэдэнтэй холбоо бүхий олон улсын корпорациудад бусад жижиг улсын хууль тогтоомж огтхон ч хамаагүй юм.

Тэд нөлөөллийн агентуудаараа дамжуулан өөрт нийцтэй зохицуулах дүрмээ жижиг орнуудад тулган хүлээлгэдэг. Ийм агентууд монголоор дүүрэн байгаа гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.

Тийм хүмүүс валютын хяналтын механизмыг алга болгоё, эдийн засгийг удирдах төрийн зохицуулалтыг сул болгоё, төрийн бүх өмчийг хувьчилъя, хамаг юмыг гадаадын хөрөнгө оруулалтад даатгая гэж байнга орилдог юм.

Үүнийгээ нотлохын тулд дээр дурдсан улиг болсон либерал онолоо ярьж, зах зээлийн тэнцвэр энэ тэр гэж солиордог юм. Энийг чинь 20 гаруй жил сонслоо ш дээ. Хаа байна тэр тэнцвэр чинь, одоо бараг онхолдчихоод байна…

Би гадаадын хөрөнгө оруулалтыг огт буруу гэж хэлээгүй. Энэ бол ашигтай, хэрэгтэй зүйл. Харин эдийн засгийн болон улс орны хувь заяаг дан ганц гадаадын хөрөнгө оруулалтад даатгах нь үлэмж аюултай, мунхаг ажил болохыг л хэлж байна. Гадаадын хөрөнгө оруулалт бол бараг Бурхан багш гэсэн суртал бол эх орноо худалдсан жигшүүрт үйл мөн.

Гадаад хөрөнгө оруулалт хэтэрхий орж ирвэл үндэсний эдийн засаг тэнцүү биш солилцоонд нэрвэгдэх нь гарцаагүй бөгөөд үндэсний эдийн засгийн болон санхүүгийн систем асар их алдагдал хүлээнэ.

Манай эдийн засаг хэзээ ч сэхэл авахгүй үхээнц байдалд орж, хамаг лай ланчиг нь бидний үр хүүхэд дээр буух юм.

Эдүгээ зарим тохиолдолд гадаадын капитал мянга хүртэл хувийн ашиг олдог явдал ч байдаг. Түүнчлэн олон саяын валют гадагшлах жамтай.

Ний нуугүй хэлэхэд энэ гариг дээр чинь дэлхийн III дайн эдийн засгийн хэлбэрээр болж байна.

Постсоциалист болон хөгжиж буй орнуудад тулган хүлээлгэж буй либерал онолын хамгийн орчин үеийн хэлбэр болох Вашингтоны консенсусын номлол эдүгээ олон улсын капиталын үзэл суртлын үндэс болж байна.

Том капиталист орнууд Вашингтоны консенсусын номлолоо түгээн дэлгэрүүлэхийг туйлаас хичээдэг юм. Энэ номлол нь дэлхий валютын эмиссийн механизмыг дэмжих агуулгатай. Гэхдээ АНУ, Англи, Европын Холбоо, Япон зэрэг том орнууд гаднаа дэмжихгүй байгаа мэт дүр үзүүлдэг авч цаанаа эрэлт, хөрөнгө оруулалт, инновацийг дэмжсэн уян хатан мөнгөний бодлого, стратегийн төлөвлөлт, хөгжлийн институтын салбарласан сүлжээндээ тулгуурлан зорилтот зээлийн ашиглалтад хяналт тавих замаар асар их дэмжиж байдаг юм.

Үүний үр дүнд төгрөг хэмээх валют жорлонгийн цаас болов. Хулгай хийхдээ ч доллараар тооцоо хийдэг хүмүүст ард түмний хэрэглэдэг төгрөгний төлөө зовохын хэрэг юу байна. Монгол төгрөгийг зөвхөн доллар, евротой уяж, рубль, юаныг ад үзэх болов. Үр дүн нь төгрөгийг цаас болгож байна.

Ийм маягаар Монгол банк болон арилжааны банкууд монголын баялгийг завших гол үүрэг гүйцэтгэж, санхүүгийн пирамид босгодог, элдэв хангайн гадаад нэр томъёогоор халхлан хулгай дээрмийг нуун дарагдуулдаг гол газар болоод байна.

Сургамж авдаггүй Монгол

Орос гэхэд л 1990-ээд оны эхэн дунд үед либерал онолоор баахан харайлгав. Тэгээд хэд сайн манартал “онхолдож” аваад хашраад бодлого, үйлдлээ засаад одоо гайгүй болж байна. ОУВС-аар удирдуулсан бусад олон орон ч мөн ингэсэн юм. Ганц хаширдаггүй нь Монгол.

Зах зээлийн социализмыг тунхагласан Хятад бидний нүдний өмнө босоод байхад бид тэднийг зөвхөн үзэл суртлын үүднээс хараах бөлгөө. Ийм тэнэг байж болохгүй ш дээ.

Өөрийн замаар явсан Энэтхэг, Бразил хоёр өндийгөөд ирэв. Манайх болохоор Израилаас хамтарсан засгийн газар байгуулах, мөн Гүрж, Киргизээс “бүх” туршлага судлах жишээний. Гүрж, Киргиз хоёроос ямар юмыг нь судалдаг юм ?!

Хурдан хөгжсөн орнуудын туршлага либерал номлолын зохистой бус, ихээхэн эргэлзээтэй гэдгийг бүрэн баталсан юм.

Гэтэл манайх эдийн засгийн үзэл суртал, бодлогоо “улам чангаар” үргэлжлүүлэв. Энэ онол нь сүүлдээ хулгай дээрмийг цагаатгах, тайлбарлах хэрэгсэл болов. Тэдний ганц мэддэг юм нь Ф.А. Хайек, М.Фридманы зэрэг номууд болов. Бүр либерал тулгуур үзлийн үзэл суртлын төв, сурах бичиг, хялбаршуулсан ном зохиолыг орчуулдаг, түгээн дэлгэрүүлдэг тусгай газар бий болов. Засгийн газар эдийн засгаа хорлогчдод мэдээлэл, улс төр, санхүүгийн дэмжлэг үзүүлж, тэднээс зөвлөгөө авч байна. Ингэхээр эдийн засаг сүйрэх нь мэдээж хэрэг.

“Онолын” маргааны тухайд

Либерализм онолын үндэслэлийг “буруу” гэж хэлэх аргагүй. Түүнчлэн түүний “эсрэг” социализмын үндэслэлийг ч онолын хувьд буруутгах боломжгүй. Энэ талаар маргаад байвал хэдэн зуун жил маргаж ч болно. Энэ маргаан одоо ч үргэлжилж байна.

Харин нийгмийн болон эдийн засгийн практик онолын маргааныг хүлээж байдаггүй юм. Нийгмийн олон талт үзэгдлийн тайлбарлахад нийгмийн аль ч онолын анхдагч постулатууд аль нэг хэмжээгээр таарч байдаг. Харин бүхэлдээ таарч, нийгмийг тайлбарладаг тийм онол хүн төрөлхтөн одоогоор нээгээгүй байгаа.

Ийм атал Монгол Улс эдийн засгаар хамгийн их “онолддог” улс болон хувирав. Чингэхдээ ганц либерал онолыг бишрэн шүтэж, бусдыг нь хараан зүхдэг гаж зуршилтай болов. Энэ гаж үзэл үйлдэл бараг бүх нийтийн сэтгэлгээний солиорлын хэмжээнд хүрэв.

Тэднийг шүүмжилбэл коммунист, социалист болж муугаа үздэг хачин сэтгэл зүй Монголд тогтов. Дэлхийн сэтгэлгээний нэг урсгалаар явахаар нийгэмдээ ад болдог хаанахын ёс юм ?! Энэ одоо юу болж байгаа юм ?!

Идэр дүү Дори нар XXI зууны оюун сэтгэлгээний шаар шавхруу болж гүйцсэн байна.

Биелүүлбэл бүх “онол” сайн…

Манайхан бараг өвчин туссан юм шиг “онолдоно”. Системийн түвшинд нийгмийн онол гадарлах хүн Молор-Эрдэнээс өөр олон гарахгүй байна, нээрээ шүү. Хэрэв мөрдөж биелүүлж чаддаг юм бол “онол” болгон сайн гэж би хэлмээр байна. Энэ нь харьцангуй дүгнэлт нь мэдээж хэрэг…

Жишээлбэл, либерал “онол” байна. Хувийн өмчийн эрх чөлөөг тунхагладаг энэ үзэл баримтлалын амин сүнс нь шударга өрсөлдөөн, гарааны ижил нөхцөл, жигд оролцоо байдаг. Энэ нөхцлүүдийг хангасан буюу хангахын төлөө монголын либералууд хуруугаа хөдөлгөсөн бил үү ?! Үгүй ш дээ. Феодал зангаараа намын, ах дүү хэдэн баагийнууддаа улс төрийн давуу байдал олгочихоод ямар үхснээрээ либерализм гэж орилоод байгаа юм. Ингэхээр нөгөө сүрхий либерал онол нь нохойн баас л болдог байхгүй юу. Либерал онолуудад хулгайч нарыг өмөөрөөд бай гэсэн ганц ч үг үсэг байхгүй л юмдаг…

Социализмыг бас их хараана. Муулж болно л доо. Гэхдээ түүнээс давуулсан бүтээн байгуулалт хийчихээд муулах хэрэгтэй л дээ. Бүтээн байгуулалт гэдэг бол ганц нэг төсөл биш, нийгэм-эдийн засгийн ач холбогдол бүхий цогц системийг хэлдэг юм.

Юу ч бодолгүй асар үнэтэй нисэх онгоц хэд хэдийг авчихаад хэдхэн сарын дараа онгоцоо “дүүргэж” чадахгүй гадаадад түрээслэхийг бүтээн байгуулалт гэдэггүй юм. Өдөрт 30-50 машин явдаг газраар 500 км урт зам барьж мөнгө газар булахыг бүтээн байгуулалт гэдэггүй юм. Цахилгаан дулаанаар хангаж чадахгүй байж баахан барилга барьж мөнгө түгжихийг бүтээн байгуулалт гэдэггүй юм. Эхлээд цахилгаан станц барьж байж дараа нь байшин барьдаг гэдгийг монголоос бусад орны эдийн засагч, улс төрчид бол мэдэж л таарна.

Ухаандаа Эрдэнэт гэхэд дан ганц Эрдэнэт концерныг биш, Эрдэнэт хот болон түүнийг дагасан аж үйлдвэр, нийгэм-соёлын цогцолборыг хэлдэг юм. Чухам ийм газар амьдрал цогцолдог юм. Ийм маягийн үйлдвэр, завод, технологи, мэргэжил, бүтээгдэхүүн үйлдвэрлэн бүтээдэг цогц системийг нийтэд нь эдийн засгийн суурь гэдэг. Хуучнаар “социализмын материал-техникийн бааз” гэдэг юм.

Эдийн засгийн ийм суурь манайд бүрэн устсан. Өөрөөр хэлбэл эдүгээ Монгол Улсад “эдийн засгийн суурь” буюу “эдийн засгийн систем” байхгүй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын “эдийн засаг” өөр хоорондоо эдийн засаг, технологи, нийгмийн амьд холбоо байхгүй, хэсэг бусаг, дан дангаараа аж ахуйн нэгжүүдээс бүрдэж байгаа гэсэн хэрэг юм. Энэ бол жинхэнэ утгаараа үндэсний эдийн засаг биш. Ийм эдийн засаг өөрөө өөрийгөө нөхөн үйлдвэрлэх чадваргүй, тархай бутархай, удирдан зохицуулах боломжгүй, үр өгөөж байхгүй, үндэсний биш шинж чанартай байдаг.

Хэрэв “онол ном” ярих тийм их дуртай юм бол чухам үүнийг л ярих ёстой. Гэтэл үүнийг ярьдаг эдийн засагч, улс төрч, эрдэмтэн бараг байхгүй, ганц ч эрдэм шинжилгээний байгууллага байхгүй нь даанч гачлантай.

Юу ярьдаг гэхээр либерализм, социализм хоёрын аль илүү мундаг тухай, эдийн засаг аль намын үед муудсан, сайдсан тухай, гадаадаас яаж их мөнгө зээлэх тухай ярина. Ярьдаг цаг хугацааны хэрчим нь ердөө л 4 жил. Ингэхээр чинь эдийн засаг сөнөхгүй яадаг юм.

Эдийн засаг яагаад сүйрсэн бэ

Үүнд хариу өгөх гэж бас л баахан “онол ном” болно. Ямар үхснийх нь “онол” байдгийм !!!
Ажил хийхгүй залхуураад, хулгай дээрэм хийгээд сүйрсэн гэсэн ганцхан хариулт бий.
 
Энэ хорвоо ертөнц дээр зөрчилтэй, өрсөлдөгч эдийн засгийн “үй түмэн” онол байдаг боловч тэдгээрт ганцхан юм нийтлэг байдаг. Энэ бол бүх нийтээрээ ажил хөдөлмөр хийх явдал мөн.

Харин монголчуудыг “ажил битгий хий”, “ганц ганцаараа амьдар” гэж Монголд л сурталчилдаг. Шууд ингэж хэлээгүй ч яг ингэж сургадаг. Зөвхөн хар амиа, гэр бүлээ бод, харин улс үндэстэн, эх орон бол хуцваа л байна гэдэг энэ хорвоод байхгүй хачин философи номлогч зөвхөн Монголд л байдаг. Нийгмийг үүнээс илүү хорлоно гэж үгүй билээ. Энэ “үзэл суртлын” үр дүнд монголчууд “жаргана цэнгэнэ” гэдгээр ёстой гиннесийн номонд орохоор болж, монголын нийгэм бүрэн “атомжив”. Монголчууд бүгдээрээ дуучин, бүжигчин, жүжигчин, тамирчин, кино найруулагч, дипломат, улс төрч, хуульч болж байна. Харин материаллаг үйлдвэрлэл гэвэл түй л байна.

Дүгнэлт 1: Бүгдээрээ ажил хийхгүй “жаргаж цэнгээд” байхаар эдийн засаг сүйрдэг юм. 
Дашрамд дурдахад урлаг соёл нь эдийн засгийн идэвхжлийг тэтгэх, өдөөх үүрэг биелүүлдэг байх ёстой.

Эдийн засгийн бодит сектор гэсэн нэг чухал ойлголт байдаг бөгөөд ерөнхийдөө материаллаг баялаг бүтээдэг салбарыг ингэж үздэг. Үүнийг Марксын ойлголт гээд хаячихсан улс үндэстэн энэ дэлхийд Монголоос өөр нэг ч байхгүй. Идэх хоол, өмсөх хувцас, орон байраа хүн ч бай, улс үндэстэн ч бай өөрөө үйлдвэрлэн бүтээх ёстой. Монгол болохоор XXI зуунд энэ бүхнээ зээлээр авна гэнэ. Ингэхээр эдийн засаг сөнөдөг юм.

Дүгнэлт 2: Материаллаг баялаг үйлдвэрлэхгүй, түүнийг үйлдвэрлэх суурьгүй болохоор эдийн засаг хөгжих ямар ч найдвар байхгүй.

Материаллаг суурьгүй болохоороо “жижиг, дунд үйлдвэрлэл” гэж солиордог бөгөөд XXI зуунд өрхийн үйлдвэрлэл, гар урлал, мануфактураар эдийн засгаа хөгжүүлнэ гэж дайрдаг солиотой улс Монголоос өөр байхгүй. “Толгойдоо таавчик угласан” Ерөнхий сайдууд Монголоор дүүрэн байхад эдийн засаг яаж хөгжихийм ?!

Одоо манайхан юу ярьж байна гэхээр хөрөнгө оруулалтын хуулиа гадаадынханд зориулаад “сайхан” болгоод засчихъя, тэгээд гадаадын хөрөнгө оруулагчдыг бөөнөөр нь оруулаад ирье, тэгээд тэднээс баахан мөнгө зээлье, ингээд эдийн засгаа хөгжүүлье гэж байна. Ингээд завсраас нь хулгай дээрэм хийгээд ямар ч мөнгө тогтоохгүй, яагаад гэвэл юу ч бүтээн байгуулахгүй.

Дүгнэлт 3: Монголын эдийн засгийг аврах цорын ганц арга бол хулгай дээрмийг зогсоох явдал болно. Гэхдээ Монгол Улс “хоёрхон хулгайчтай”, тэр хоёр нь хулгай хийчихээд “онол” ярьдаг үнэн гажигтайг хүн бүр мэднэ…

Энд чинь “онол монол” яриад дүйвүүлээд байх ямар ч шаардлага байхгүй. Тэгээд ч хулгай дээрмийг зөвтгөдөг “онол” гэж энэ дэлхийд байхгүй. Манай аваргууд л “зохиочихгүй” бол тэр шүү дээ…

Энэ дэлхий дээр ӨӨРСДӨӨ ХӨДӨЛМӨР ХИЙЖ, энэхүү ХӨДӨЛМӨРӨӨ НИЙТЭЭРЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ЭДИЙН ЗАСАГ гэдэг болохоос хулгай дээрэм хийж улс гэрээ сүйдэлчихээд хүнээс мөнгө зээлэхийг хэлдэггүй юм.

Монголын төлөө гэсэн болгоныг даяарчлал нэрийн дор “онолын хувьд” гутаан доромжилдог мунхаг явдлыг таслан зогсоох цаг нэгэнт болжээ… 
 

Судлаач Х.Д.Ганхуяг. 2013 оны 9 дугаар сарын 21.