Өнөөдөр наадмаар бол их үсэргээний өдөр. Сонгуулийн сурталчилгааны хуулийн хугацааны сүүлийн өдөр гэсэн үг. Санал хураах цаг ч хаяанд ирлээ.

Сонгуулийн сурталчилгаа дуусахыг ард түмэн тэсэн ядан хүлээж байна. Учир нь дөрвөн жил ард түмнээ танихгүй, ард түмэн гэж байдаг эсийг ч санахгүй явж байсан 70 гаруй нөхөд, дээр нь шинээр нэр дэвшигчид нийлээд 400 гаруй хүн бүгдээрээ ядарсан түмэнд хайр зарлаж, худлаа инээж бас худлаа уйлцгаагаад бүр залхааж гүйцээсэн байна.

Хайр зарласны нэг нь хувьцааны 300 мянган төгрөг юм байна. Энэ нь ч тэдний сонгуулийн шоу, иргэдийг мөнгөөр хуурч сурсан намын тэнэглэл гэж харагдаж буй. Гэхдээ иргэд хаширсан болохоор мөнгө авсан ч хууртахгүй гэдгээ мэдэж буй биз ээ. Хамгийн аймар нь сонгуулийн дараа нэр дэвшигчид яаж бие биенийхээ нүүрийг харнаа гэдэг л хэцүү санагдаад байгаа юм.

Тодруулбал Г.Уянга гишүүний утас дээр байсан бичлэг яаж яваад Батялалтад очиж, цахим ертөнцөд тарав гээд л асуудал их гарч байна. Ер нь Улстөрд хүч үзэж буй хүмүүсээс хүн чанар, шударга өрсөлдөөн зэрэг наад захын зүйлийг хайгаад олохгүй юм гэж ойлгож болох нь байна. Аль болох нэгнийхээ нэрийг гутаан доромжлох, гүтгэн мушигх аргаар амьдрахыг илүүд үзэж буй нөхдүүд гэж ойлгогдоод байгаа юм.

Ямартай ч тэд маргаашнаас эхлээд нүүр нь улайцгааж, бие биенээ доош чихсэн, гутаан доромжилсон, үнэн нь ил гарсан гутармаар үйлдэл зэргээсээ ичиж эхлэх байлгүй дээ. Ичдэггүй нөхдийн ичих өдөр ирлээ дээ.

Г.Наран