Монголбанкны өнөөдрийн албан ханшийг харахад ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1938.76 төгрөг байна. Ер нь бол 1900-аас давсан байдал цаашид ч хадгалагдах төлөв урт хугацаандаа ажиглагдаж байгааг шинжээчид хэлж буй. Төв банкны зүгээс интервенц хийлээ гээд ханш тэгж амраар тогтоогддогүй болохыг бид харсан.

Нэг ёсондоо урт хугацааны бодлогын чанартай шийдвэрүүд хийгээд тухайн цаг үеийн нөхцөл байдлын уялдаагаар ханш тогтож байгаа нь харагддаг. Тэгвэл эдийн засагч Л.Оюун Төв банкнаас авч хэрэгжүүлдэг интервенцтэй холбоотойгоор хэлэхдээ “Болохгүй л байна л даа. Монголбанк зөндөө л судалгаа хийдэг. Монголбанк бие даасан үйл ажиллагаа явуулах гэхээр тэрийг нь хангаж өгөхгүй байгаа юм. Улстөрөөс хараат байгаа юм. Үүнд хамгийн гол асуудал байх шиг байна л даа. Тэрнээс тэнд судалгаа хийдэг, өөрийн гэсэн арга хэмжээ бодлого боловсруулдаг шүү дээ. Хэрэгжүүлэх гэхээр улстөр орж ирээд саармагжуулаад байна гэж би харж байгаа.

Долларын нөөц эрэлт хаанаас үүсээд байна вэ гэхээр Монголбанк судалгаа хийдэг. Стратегийн ач холбогдолтой ч гэдэг юм уу. Монголд заавал байх ёстой барааг импортолдог компаниудын судалгааг хийгээд сар, улирал, жилд эднийх ер нь хэдий хэмжээний бараа оруулж ирдэг юм. Хэчнээн доллар төлдөг юм гэдгийг судлаад тэрэн дээрээ үндэслээд нөөцөө бүрдүүлэх гээд юм бол хийгээд л байгаа. Тэгээд л үр дүнг нь улстөржүүлээд хаячихаар гарч ирэхгүй л байна гэж хараад байгаа шүү.” хэмээн хэлж байна.

Эх сурвалж: Б.Тамир

Шуурхай.мн