Төв банк валютын ханшийн өсөлтийг тэнцвэржүүлж чадаагүйгээс “Ноён” ам.долларын ханш 1730  орчим төгрөгт хүрч, суга өссөн. Энэ нь олны анхаарлыг нэлээдгүй татаж, дээр доргүй сандралдахын хэрээр жижигхэн эдийн засагтай Монгол Улсыг сөхрүүлэх нэг гол үндэс болов.

Тэр байтугай “Ноён” ам.долларын  өсөлт нийгмийг бүхэлд нь эзэлж, бараа бүтээгдэхүүний үнийг өсгөсөн нь улстөрчдийн толгойн өвчин болж хувираад байгаа нь нууц биш. Харин ам.долларын хазааргүй мэт өсөлтөд хэн буруутай вэ гэдгийг эдийн засагч, улстөрчид Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал хэмээж байв. Гэвч Монголбанкны зүгээс буруугаа хүлээх нь битгий хэл өөрсдийгөө зөвтгөж сууна. 

Г.Уянга гишүүн: -Ард түмний амьдралд валютын ханш бодитой сөрөг нөлөө үзүүлсэн нь Монголбанкны алдаа. Монголбанкны нэг гол үүрэг валютын ханшийг тогтвортой барих. Гэтэл энэ үүргээ биелүүлэхгүй байна. Нөгөөтэйгүүр арилжааны банкууд, Монголбанкны хооронд ямар нэгэн хувилдаан байгаа юм биш үү гэсэн бодитой хардлагыг төрүүлэх нь бий. Харин ханш ингэж хэлбэлзэж байгаа нь гарцаагүй Монголбанкны алдаа. Тиймээс Монголбанкны ерөнхийлөгчид заавал хариуцлага тооцох ёстой гэж бодож байна. 

Л.Цог: -Монголбанкны ерөнхийлөгчөөс УИХ-ын ээлжит бус чуулганы эхэнд мэдээлэл авахыг хүссэн. Гэвч хүлээж авсангүй. Тэгэхээр валютын өсөлт яагаад ийм байдалд хүрэв гэдгийг ярих хэрэгтэй. Санхүү, банкны хувьд хямарсан, том луйвар явж байгаа. Үүнийг Монголбанк яагаад харахгүй байна вэ гэдэг нь сонирхол татаж байна. Монголбанк УИХ-ын байгууллага. Тэгэхээр мэдээлэл сонсохгүй байна гэдэг нь асуудлыг дутуу харж байгаа хэрэг. 

Ийнхүү УИХ-ын зарим гишүүн валютын өсөлтийг Монголбанк бариагүйг буруутгаж байгаа юм. Харин нэг зүйлийг онцлоход Төв банк нэг талд үйлчилсэн, Засгийн газрын галыг унтраах хэрэгсэл болж хувирсан нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, Монголбанкны хувьд өнгөрсөн нэг жилийн хугацаанд түүхэнд байгаагүй сонирхолтой бодлого баримтлав. Тодруулбал, сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Төв банкнаас зах зээл рүү төгрөг хэвлэж гаргаагүй гэхэд болно. Тэгвэл Н.Золжаргал ерөнхийлөгчөөр овоглосон Монголбанк төгрөгийг зах зээл рүү их хэмжээгээр, ёстой жинхэнэ утгаар нь цацсан юм. Харин ардчилалд шилжсэн сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Төв банк зах зээл рүү төгрөгийг хоосон урсгаж байсан удаагүй аж. Гэтэл энэ жил 2,9 их наяд төгрөгийг зах зээлд цацжээ. Учир нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Үнэ тогтворжуулах хөтөлбөрт Монголбанк оролцож, энэ хэмжээний төгрөгийг зах зээл рүү нийлүүлсэн юм. Уг нь ийм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Төв банк оролцох нь битгий хэл бараагаа ч харагдуулдаггүй жамтай. Энэ нь дэлхийн жишиг гэхэд болно. Харин Засгийн газар дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд өөрөө мөнгө, санхүү, бараагаа зохицуулдаг ёстой ч Монголбанк оролцсон нь түүхэнд байгаагүй тэнэглэл болсон юм. Үүнд харин Засгийн газрын шахалт, улс төрийн наймаалцал байхыг үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр 2,9 их наяд төгрөгийг зах зээлд оруулахдаа ам.долларын баталгаагүй гарсан нь Монголбанкны том алдаа. Энэ нь одоогийн ханш дээр дарамт болсон гэхэд буруудахгүй. 

Уг нь төгрөгийг их хэмжээгээр зах зээл дээр гаргадаг том шалтгаан нь валютын нөөцийг бүрдүүлэхэд оршдог. Харин Төв банк төгрөг гаргасан ч валютын нөөцөө бүрдүүлж чадаагүй нь том алдаа болжээ. Нөгөөтэйгүүр Монголбанк алт худалдан авахын хэрээр түүнтэй тэнцэхүйц төгрөгийг зах зээл рүү нийлүүлдэг ч урд өмнө гарч байгаагүй 2,9 наяд төгрөгийг зах замбараагүй цацаж, мөнгөний бодлогоо бариагүй нь асуудал болон хувирчээ. Түүнчлэн Төв банк, Засгийн газар хоёр Үнэ тогтворжуулах хөтөлбөрт их хэмжээний төгрөг гарснаас болоод өнөөдрийн алдагдал, хүндрэлд ороод байгааг эдийн засагчид, мөн Төв банкны экс ерөнхийлөгч О.Чулуунбат байр сууриа илэрхийлж байна. Тэгэхээр Засгийн газарт үйлчилсэн Монголбанкны ерөнхийлөгч ноён Н.Золжаргалыг алдаршуулж яагаад болохгүй гэж. Дээр нь 20 гаруй жилийн түүхэнд байгаагүй их хэмжээний хөрөнгийг зах зээлд цацсан Н.Золжаргалыг энэ цагийн хамгийн агуу баатраар алдаршуулъя. 



С.МӨНХБАЯСГАЛАН