Саяхны нэг орой телевиз хараад сууж байтал зууны манлай дуучин гэх тодотголтой Сарантуяа нэг пивоны рекламанд тогложээ. Пиво гэх согтууруулах ундааг магтан дуулаад л бараг л цай шиг ууж байхад биед ямарч хоргүй байгалийн бүтээгдэхүүн хэмээн дуулна.

Хэдэн залуу пиво руу жаахан хүүхдүүд шиг гүйгээд л гахай нохой шиг савируулан уух нь цаанаа л нэг бүдүүлэг, соёлгүй. Пиво ууж болно л доо. Гэхдээ тэгж хужирссан үхэр шиг савируулан уух хэрэг байна уу.

Хийж байгаа рекламаас нь манайхны оюуны түвшинг харчихаж болно. Үнэхээр доогуур түвшинд сэтгэдэг. 370 гэх ундааны реклам бүүр ядуу ард түмнээ доромжлоод хаячихсан реклам. Хамгийн гол нь иймэрхүү рекламуудад ард түмний хүндэлдэг хүмүүс тоглож байгаа байхгүй юу. Гавъяат жүжигчин, гавъяат дуучин гэх том цолтнууд нь өөрсдөө ард түмэндээ пиво ууж, мансууран согтуурахыг уриалаад байгаа мэт.

Хүннү хороолол болон нэгэн интернетийн рекламанд Бавуугийн сахалтай хүү хөгшинтэйгөө мөн нөгөө Анужин нар хамтраад тогложээ. Хүннү хороололд амьдрахгүй бол хүн биш юм байх. Энэ мэтээр рекламыг цааш нь жагсаагаад байвал их байна.

Ерөөсөө Монголд урлаг устжээ. Сонгодог урлаг аль хэдийн нүд аньсан. Кино урлаг хоёрын хооронд амьтай голтой л байна.

Бүүр нөгөө гайгүй найруулагч гэх Наранбаатар нь хүртэл "Ня Ня"-г рекламдаад л. Хошин урлагийнхан бол бүгдээрээ рекламны мангасууд. Одоо Монголд шинэ цол санаачлах хэрэгтэй болжээ. Энэ бол Монгол улсын гавъяат рекламчин гэсэн цол. Үүнийг ерөнхийлөгч нь эсвэл ерөнхий сайд нь олгож болно шүү дээ.

Орой бүр киноны дундуур давтах рекламууд бол ард түмний тархи толгойг эргүүлэх, угаах аймшигтай террор юм. Энэхүү рекламууд хүүхэд залуучууд өсвөр насныханд хэрхэн нөлөөлж байгааг судалж, хяндаг байгууллага алга. Бүх л зүйл сул чөлөөтэй. Одоо удахгүй хар тамхи чөлөөтэй сурталчилж эхэлж магадгүй. Төр үүнийг анхаарч байгаа ч юм алга.

Урлаг, уран сайхан бүгд устаж харин оронд нь мөнгө хөрөнгө, баян цатгалан байдлыг сурталчилсан, зугаа цэнгэлийг сурталчилсан реклам л газар авлаа. Та орой очоод телевизээ асаагаад үзээрэй. Бөөн реклам таныг угтана. Энэ бүхэнд хэмжээ хязгаар баймаар л юм даа.