2016.03.16-нд хөхнөөсөө ч гараагүй дөрвөн настай хүү эмээгийнхээ гэрээс бие засахаар гэр рүүгээ гүйхдээ нохойд бариулсан байдаг. Хүүг хамар хашаанийх нь Б-ийн "Дундад Ази” үүлдрийн нохойд хазсан бөгөөд салгах гэж оролдоход тавихгүй нохой хүүг зуусан чигтээ зугтсан.

Арай гэж хүүг салган авахад бүх бие нь цусаар будагдан, гүрээний судас нь тасарч, гэдэснийх нь хажуугаар сэмж нь цувсан, дунд чөмөг нь бяцарсан байсан аж. Хүү ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн ирсэн ч маргааш нь нас барсан байна. Хэргийг СХД-ийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байсан бөгөөд мөрдөн байцаалтын ажил дуусаж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Тэгвэл маргааш нохойгоо сул тавьсан хариуцлагагүй эзний гэм бурууг шүүнэ. Тодруулбал, нохойн эзэнг нохойгоо сул тавьснаас болж бага насны хүүхэд нас барсан тул Эрүүгийн хуулийн 201.2-д заасны дагуу яллах санал прокурорын байгууллагаас гаргаад байгаа юм. Хэрвээ шүүх нохойн эзнийг буруутай гэж үзвэл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм билээ.

Энэ бол зөвхөн олны анхааралд орсон хэрэг. Үүний цаана өчнөөн хүүхэд нохойд хазуулан гэмтсээр байгаа. Өнгөрсөн онд 6436 хүн нохойд хазуулсны улмаас галзуугийн вакцин хийлгэсэн байна. Он гараад хоёр сарын хугацаанд 463 хүн нохойд хазуулж эмчилгээ хийлгэсний 23 нь тав хүртэлх насны хүүхэд байгаа юм. Тэдний ихэнх нь гудамжны буюу золбин нохойд хазуулсан байна.

 

Өчигдөр л гэхэд 21:00 цагийн үед хашааныхаа үүдэнд тоглож байсан 07 настай хүүг Буянт-Ухаагийн ... тоотод суух Э /эм,22н/-ын тэжээвэр нохой хазаж гэмтээсэн байна.

Тэгвэл нохойгоо сул тавьсан этгээд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээдэг гэдгийг нохой тэжээгчид анхаарна уу. Тодруулбал,

 

201 дүгээр зүйл. Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах

201.1.Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие мах бодийг хөнгөн буюу хүндэвтэр гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

201.2.Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Мөн Гэрийн тэжээвэр нохой эзэмших журмыг ИТХ-аас 2007 онд баталсан байдаг.

Гэрийн тэжээвэр нохой эзэмших журам

ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007-оны 11-р сарын 12-ны өдрийн 34-р тогтоолоор батлав

Нэг: Зорилго

Энэхүү журмын зорилго нь сумын хэмжээнд байгаль орчны бохирдлыг багасгах иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрахад нь хохирол учруулахгүй байх асуудлыг зохицуулахад оршино.

 

Хоёр: Журмыг мөрдөх хариуцах этгээд

2.1 Уг журмыг ИТХТ-ын хуралдаанаар хэлэлцэн баталсан өдрөөс эхлэн мөрдөх ба уг журмын хэрэгжилтэнд сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хяналт тавьж сум багийн Засаг дарга, Байгаль орчины улсын байцаагч, тэжээвэр нохой бүхий иргэд хэрэгжүүлнэ

 

Гурав: Нохой эзэмшигчийн үүрэг

3.1 Хоточ, анч, мөрч болон өмч хөрөнгө хамгаалуулах чиглэлээр тэжээж буй нохойдоо журмыг мөрдүүлж буй этгээдээс тавьсан шаардлагын дагуу гэрчилгээ авна.

3.2 Гэрчилгээний дугаартай ижил цифр бүхий пайзыг нохойны хүзүүвчинд зүүх ба бүх нохойнд ижил өнгийн /улаан/ хил бүхий хүзүүвч зүүнэ

3.3 Гэрчилгээ авч пайз, хүзүүвч зүүн бүртгэлтэй болсон нохойнд төлөгдөх хураамж жилийн 1000 төгрөгийг оны эхний 1-р улиралд багтаан эрх бүхий хүмүүст хураалгаж байх

3.4 Тэжээвэр нохойг шөнийн 22 цагаас өглөөний 06 цаг хүртэл сул байлгах ба өдрийн бусад цагт уяа болон тусгай хашаанд хамгаалалтад байлгах

3.5 Өөрийн хашаа сууцны /хашааны/ дотор ба гадна талбайг нохойны ялгадас болон бусад хоггүй байлгах

3.6 Жил бүр галзуугийн эсрэг вакцин, улирал бүр туулгалт хийлгэж ялгадсыг шатаан устгаж тэжээвэр нохойн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэх

3.7 Эр нохой тэжээх хэрэв охин нохой тэжээх бол уламжлалт болон Шинжлэх ухааны аргаар гөлөглүүлэхгүй байх арга хэмжээ авах ба гөлөглөсөн үед охин гөлгийг устгаж байх

3.8 Золбин болон тэнэмэл нохой устгах нэгдсэн арга хэмжээнд туслалцаа үзүүлэх

3.9 эзэмшин тэжээж буй нохой нь иргэдийн бие болон бусад эд материал, мал хөрөнгөд хохирол учруулсан бол эзэмшигч этгээд хохирлыг бүрэн барагдуулна.

3.10 Золбин болон тэнэмэл нохойг өөрийн эзэмшсэн газар дээр байлгаж хураамжийг өгөхгүй байгаа иргэний уг нохойг устгаж, 2000-5000 хүртлэх төгрөгөөр торгох арга хэмжээ авна

 

 

Дөрөв: Журмыг мөрдүүлэгч этгээдийн хүлээх үүрэг

4.1 Иргэдийн тэжээж буй нохойны тооллогыг хийж жилийн эцэст гэрчилгээг баталгаажуулж шинээр гэрчилгээ олгох

4.2 Нохой эзэмшигчээс оны эхний улиралд багтаан нохойны хураамжийг хураах

4.3 Тэжээвэр нохойны тооллого дууссаны дараа золбин нохой устгах ажлыг зохион байгуулна.

4.4 Иргэдийн тэжээвэр нохдод олгох гэрчилгээгсанхүүжүүлэн хэвлэнэ.

4.5 Дээрхи шаардлага /3-р зүйл/ хангаагүй иргэний тэжээвэр нохойг устгах ажлыг зохион байгуулах

4.6 Мөнгөний ханш бараа таваарын өсөлттэй уялдуулан тэжээвэр нохойны хураамжийг өөрчилж болно.

 

Тав: Талуудын хүлээх хариуцлага

5.1 Нохой эзэмшигч нь байгаль орчны бохирдолд иргэдийн бие эрхтэнд нь хохирол учруулсан бол хохирлыг бүрэн барагдуулна

5.2 Золбин нохой устгах нэгдсэн ажлын үеэр уяа хамгаалалтгүй байснаас тэжээвэр нохой нь устгагдсан бол эзэмшигч хариуцах ба иргэдэд энэ тухай өмнө нь мэдээлээгүй улмаас устгагдсан бол энэ журмыг мөрдүүлэгч этгээд хариуцлага хүлээнэ.

 

Журамд зааснаар тэжээвэр нохойг шөнийн 22 цагаас өглөөний 06 цаг хүртэл сул байлгах ба өдрийн бусад цагт уяа болон тусгай хашаанд хамгаалалтад байлгах хэрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл гэр хорооллын айлууд нохойгоо сул тавьснаас болж эрдэнэ мэт өөдөсхөн үрс гэмтэж, амь насаараа хохирч байна. Тиймээс нохой тэжээж байгаа хүмүүс нохойгоо салхилуулах бол хошуувчтай, хүзүүвчтэй гаргах, гэр хорооллын айл өрхүүд өдрийн цагаар нохойгоо уяж байх шаардлагатай байна.

Амьдаараа нохойд “идүүлсэн” хүүгийн үхэл нийгмийг цочирдуулаад өнгөрөх биш бүх нийтэд сургамж болох учиртай. Хөхнөөсөө ч гараагүй, сүү үнэртсэн эрдэнэ мэт үрс нохойны идэш болсон тохиолдол дахин битгий гараасай.

 

Нохой тэжээдэг хүмүүс анхааралдаа авч, хариуцлага хүлээдэг гэдгийг ухамсарлана биз ээ !!!