Олон зуун айл, айлын хүүхдүүд “Удахгүй гоё, шинэ орон сууцанд амьдарна” хэмээн баярлаж, эхнийх нь өнөөдрөөс гурван жилийн өмнө, түүнээс хойш газраа чөлөөлж, хашаа хороо, байшин гэрээ ачаад хотын зах руу эсвэл танилынхаа хаяаг бараадсан. Тэдний 20 орчим хувь нь өдгөө орон сууцанд орж, үлдсэн нь буйран дээр нь барилга барьж, “Орон сууцандаа ор” гэж хэзээ дуудах бол хэмээн хоног тоолон сууна.

Нийслэлийн дахин төлөвлөлт өнгөрсөн жилийн хавраас хойш эдийн засгийн хямрал, хөрөнгө оруулалт байхгүй гэсэн шалтгаанаар нэг л урагшгүй байсаар энэ жил бүр орхигдож мартагдах шахсан сэдэв болоод байна. Үүний дээр УИХ-ын болоод нийслэлийн ИТХ-ын сонгууль өнгөрсөн долоо хоногт болж, "Гэр хорооллыг дахин төлөвлөх” төслийн багийнхан бараг үндсээрээ солигдохоор болов.

Санаачлагчид нь өөрсдөө хайнга хандаж, ажил нь гурван жил урагшгүй явж ирсэн энэ төслийг шинэ баг үргэлжлүүлэх болов уу, яах бол гэж айж, түгшсэн иргэн олон боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн багийн санаачлан хэрэгжүүлсэн энэ төсөл өдгөө 2000 орчим өрхийг дулаан, тохилог орон сууцаар хангаж, амьдралд нь тус нэмэр болоод байгаа. Гэхдээ анх санаачилж, айлуудыг нүүлгэж эхэлсэн эрчээрээ явсан бол тэдний багийнханд том оноо авчрах байсан. Хэдийгээр нийслэлийн ИТХ-ын баг солигдож байгаа ч энэ мэт нүдээ олсон, хотын өнгө төрх хийгээд ард иргэдийн амьдралыг өөд нь татах бодлого, ажлыг үргэлжлүүлнэ гэж иргэд итгэж найдаж байгаа биз ээ.

Өөр талаас нь харвал Хотын даргын санаачилсан “Гэр хорооллын дахин төлөвлөлт” төсөл хөтөлбөр зогсоход ойрхон байна. Уг нь энэ төсөл нийт 22 байршлын 57 хэсэгт хэрэгжих ёстой. Гэтэл өнөөдөр цөөн хэдэн компани л барилгын ажлаа эхлүүлсэн нь дээрх төслийн нүүрийг тахалж албаны хүмүүсийг хэлэх үгтэй байлгаж байгаа юм. Өнгөрсөн мягмар гарагт Баянзүрх дүүргийн XIV хороонд 2013-2014 онд чөлөөлүүлсэн газар дээрээ “Бүрд” констракшн компанийнхан барилга барихаар шав тавьснаар 2016 онд хийх дахин төлөвлөлттэй холбоотой барилгын ажлын амыг таглаад байгаа гэж болно. Үүнээс өөр барилгын ажлаа эхлүүлсэн компани бараг үгүй. Хэдийгээр сайн төсөл боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлэхийг хичээсэн ч урагшгүй албат гэгчээр тендерт ялсан компаниуд ажлаа хийхгүй, хөрөнгийн эх үүсвэрээ тодорхой болгоогүй, санхүүжилтээ авч чадахгүй явсаар буй. Уг нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр хорооллын хөгжлийн газар”-аас энэ оны хоёрдугаар сард дараах мэдээллийг өгч байсан.

♦ Гэр хорооллын дахин төлөвлөлтийг 22 байршлын 57 хэсэгчилсэн талбайд үндэсний 39 барилгын компани шалгарч, орон сууц барих ажлаа эхлүүлсэн.
♦ Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 2014 онд 588, 2015 онд 1651 айлын орон сууц ашиглалтад орж нийт 2239 өрх хашаа байшингаа орон сууцаар сольсон.
♦ Өнөөдрийн байдлаар нийт 1300 өрх барилгын компаниудтай тохиролцон нийт 78.3 га газар чөлөөлсөн.
♦ Одоогоор 7000 гаруй айлын орон сууцны барилгын ажил эхэлснээс 1040 айлынх нь ирэх зургаадугаар сардаа багтан ашиглалтад орно гэсэн. Гэвч өнгөрсөн сард багтаж ашиглалтад орж буй барилгын тоо дээрх тооноос хавьгүй цөөн байгаа билээ.

ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨД ШАЛГАРСАН ЗАРИМ КОМПАНИЙНХАН ИРГЭДИЙГ ГУДАМЖИНД ГАРГАВ
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн явцыг тоогоор илэрхийлбэл нэг иймэрхүү. Гэтэл үүний цаана олон компани “төсөл хэрэгжүүлэгч” нэрнээс цаашгүй буюу барилгын ажлаа эхлээгүй байгааг хэлэх нь зүйтэй. Тэдний ихэнх нь санхүүжилт байхгүй эсвэл иргэдтэй тохиролцож чадаагүй гэсэн хоёр шалтгаан хэлдэг. Мөн нийслэлээс хийх дэд бүтцийн асуудал шийдэгдээгүйгээс гацаанд орсон компаниуд ч байгаа юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн V хороонд “Хера Холдинг”, “Жи Ди” ХХК-иуд дээрх төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ч дэд бүтэц шийдэгдээгүйн улмаас барилгын ажил эхлээгүй байна. Дэд бүтцийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар шийдэх ёстой байсан ч одоо хэр нь санхүүжилт хийгдээгүй байгаа юм. “Жи Ди” компанийн хувьд 23 айлын газрыг чөлөөлүүлсэн бөгөөд тэдгээр айл хоёр жил гаруй түрээсийн байранд амьдарч байна. Мөн төсөл хэрэгжүүлэгч компаниудын дунд усанд хаясан чулуу шиг сураггүй болсон нь ч бий. Тэдгээрийн нэг нь “Өндөр буянт” ХХК. Тус компани Чингэлтэй дүүргийн IX хороонд төсөл хэрэгжүүлэгчээр сонгогдсон ч зарим өрхтэй хоёр талт гэрээ байгуулснаас хойш таг чиг болсныг иргэд хэлж байна.

Дахин төлөвлөлтийн ажил удааширсантай холбоотой асуудал үүгээр дуусахгүй. Хамгийн сүүлд гэхэд Сүхбаатар дүүргийн X хороонд нийтийн байрны оршин суугчид нурсан балгас дунд амьдарч байгаа талаар мэдээлж буй. Тус байрыг ашиглалтын шаардлага хангахгүй хэмээн тогтоосны дагуу “Гэзгийн худаг” гэх компани шинээр орон сууц барихаар болсон байна. Улмаар өнгөрсөн жил 28 айл байраа чөлөөлсөн бол зарим айл очих газаргүй тул байрандаа үлджээ. Нүүсэн айлууд компаниас шаардсаны дагуу цонх, хаалга, халаалт зэргээ сугалж авсан нь өнөөдөр хүн амьдрах аргагүй болсон. Гэтэл барилгын компани ажлаа эхлүүлээгүйн дээр эрхээ “Өндөр заяа” гэх компанид шилжүүлэх болсноор асуудал сунжирч 200 орчим иргэн орон гэргүй болох дээрээ тулаад байна.

Г.РЭНЧИНДАВАА: ГАЗРЫГ МААНЬ ОРОН СУУЦ БОЛГОНО ГЭЖ АВААГҮЙ БОЛ БИД ИНГЭТЛЭЭ ТУЙЛДАХГҮЙ
Үүнээс гадна Баянзүрх дүүргийн XIV хорооны хоёрдугаар хэсгийн 125 өрхийн 700 гаруй иргэний нэг нь ч өнөөдөр орон сууцанд орж чадаагүй сууна. Тэдний хамгийн эхнийх нь 2013 оны тавдугаар сарын сүүлчээс газраа чөлөөлж өгчээ. Уг газарт “Моннис урбан девелопмент” компани орон сууц барихаар ажлаа эхлүүлсэн ч гурван жилийн хугацаанд 4-5 давхарт хүрээд ажил нь зогсчихоод байгаа аж. Уг газарт амьдардаг байсан иргэдийн төлөөллүүд хотын удирдлага, Дахин төлөвлөлт хариуцсан албаныхантай уулзаж, гурван жил түрээсийн байраар амьдрах хэцүү байгаагаа, төсөл хэрэгжүүлэгч компани нь түрээсийн мөнгөө сар сард нь олгохгүй байгаа, хэзээ энэ төсөл хэвийн үргэлжлэх вэ гэх мэтэд хариулт авахыг оролдсон ч тусыг эс олсон талаараа манай редакцид удаа дараа мэдээлж байсан юм. Тэдний нэг Баянзүрх дүүргийн XIV хорооны хоёрдугаар хэсэгт газрын гэрчилгээ эзэмшигч Г.Ренчиндаваа “Төрд итгэж газраа чөлөөлснөөрөө бид хохирч байна. Дахин төлөвлөлтөд газраа өгсөн зарим иргэн орон сууцанд

Миний мэдэхийн орон сууц хүлээж байсан гурван ч хүн нас барчихлаа. Одоо хэд хэдэн хуний бие тааруу байгаа. Хэд хэдэн өрх айлд амьдарч байна. Газрыг нь булаасан иргэдээ үхэж дуусахыг нь хүлээгээд байгаа юм биш биз дээ, Үүл дарга аа гэж асуумаар байна. Үүнээс гадна одоо хотын Иргэдийн хурлын гишүүд солигдоно. Тэд хэдийгээр шинэ баг байх ч олон зуун иргэдийнхээ амьдралтай холбоотой Дахин төлөвлөлтийн төслөө үргэлжлүүлэн хэрэгжүүлж, даруйхан биднийг орох оронтой болгож өгөөсэй гэж хүсье.

ороод тохь тухтай амьдарч байна. Энэ нь тухайн газрыг барилгажуулахаар тендер авсан компаниасаа шалтгаалж байх шиг. “Моннис урбан девелопмент” уг нь үндэсний хэмжээний том компани. Гэтэл яагаад хоёр жил гаруйн хугацаанд юу ч хийсэнгүй вэ. Үүний ард маш олон иргэн сэтгэл санаа, эдийн засгийн хохирол амсаж байна. Манай гэр бүлийн хувьд 0.88 га газраа нэг өрөө, хоёр өрөө гэсэн хоёр байраар өгөхөөр гэрээ байгуулсан. Өнөөдөр гэрээний хугацаа нь дуусчихсан. Үүнийг яах ёстой вэ гэхээр “Та нарын гэрээ хүчинтэй байгаа” гэх юм. Нэг өдөр “Та нарын гэрээний хугацаа дууссан учраас газар чинь манай компанийн өмч” гэж болохоор нөхцөл үүсчихээд байна. Дээр нь түрээсийн мөнгөө өгөхгүйгээс өрнөөс өрийн хооронд амьдардаг боллоо. Газрыг маань орон сууц болгож өгнө гэж аваагүй бол бид ингэж хоолгүй хонох дээрээ тултлаа туйлдахгүй байсан. Бид Баянзүрх дүүргээс нэр дэвшсэн Ж.Батзандан, Д.Ганхуяг зэрэг гишүүнд хандаж үзсэн. Бидэнд “Ямар нэг хариу заавал авч өгнө” гэсэн боловч нөгөө компанийнхан нь өгөхгүй байх шиг байна. Дарга, томчуудад бидний энэ зовлон асуудал биш байж мэднэ. Ажилгүй, тогтмол орлогогүй бидэнд хамгийн бэрхшээлтэй, хүнд асуудал энэ л боллоо. Бид “Моннис” компанийн захирал Чулуунбаатар, Дүгэрээ гэх хүмүүстэй уулзаж, учир байдлыг нь сонсмоор байна. Тулгамдаад байгаа асуудлаа ч ярьмаар байна.

Бидний олонх нь дахин төлөвлөлт урагшлахгүй байгаагаас үүдэж, өмнөх хурлынхныг солихыг, өөрсдийнхөө төлөө ажиллаж, бүтээж чадах залуусыг сонгохыг хүссэн. Одоо энэ төслийг хэл ам бололгүй, тэдний хийж байсан зүйл гэсэн сэтгэлээр хандалгүй үргэлжлүүлээрэй” гэв.

Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор батлагдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн 24 байршил 75 хэсэгчилсэн талбайгаас 21 байршлын 57 хэсэгчилсэн талбайд үндэсний 39 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Одоогийн байдлаар төсөл хэрэгжүүлэгчид дахин төлөвлөлтийн 1351 нэгжталбар бүхий 78.3 га газрыг чөлөөлөөд байгаа. Бүтээн байгуулалтын ажил эхэлсэн хоёр жилийн хугацаанд нийт 6999 айлын орон сууцны барилга угсралтыг эхлүүлсэнээс, өнгөрсөн онд нийт 588 айлын орон сууц ашиглалтад оруулсан. Энэ онд шинээр 1500 орчим айлын орон сууцыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байснаас 400 орчмыг нь оруулаад байгаа. Дахин төлөвлөлтийн зарим хэсэг ийн урагшилж байгаа ч саар тал байна. Гэхдээ холбогдох албан тушаалтнууд үүнийг юман чинээнд бодохгүй, анхаарал тавихгүй, асуудлыг шийдэхгүй байгаа нь ийнхүү иргэдийг бухимдахад хүргэж байна.

Дахин төлөвлөлтийн хүрээнд өдгөө 2000 гаруй өрх дулаан, тохилог орон сууцанд ороод байгаа юм.
Эцэст нь, “Моннис урбан девелопмент” компанийн гүйцэтгэх захирал Чулуунбаатар болон холбогдох албан тушаалтнуудаас барилгын ажил ямар учраас зогссон болон иргэдэд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодруулахыг оролдсон ч мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

 

Б.ЭНХМАРТ

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/