Бүтэн дөрвөн жил шахуу амь ороогүй хувьцаа энэ сонгуулийн өмнөхөн амьтай болсон. Засгийн газраас 1072 хувьцаатай иргэдээс 30 хувийг нь буюу 300 мянган төгрөгөөр худалдаж авах шийдвэрийг гаргасан билээ. Сонгуулийн өмнөх хоёр долоо хоногт зуу, зуун мянгаар хуваагдаж хувьцаагаа худалдсан иргэдийн дансанд орсон юм. Тэгвэл гуравдугаар ээлж буюу сүүлийн 100 мянган төгрөгийг өгөхгүй байгаа нь иргэдийн гайхашралыг барж байна.

Учир нь сонгуулийн шоу биш хэмээн тодотгож байсан 1072 хувьцаа жинхэнэ утгаараа улс төржилт болчих уу гэлтэй. Арилжааны банкуудаас 100 мянган төгрөгөө хэзээ орохыг тодруулахад "Санхүүжилт орж ирээгүй байна" гэсэн хариуг өгөв.

Гэтэл хувьцаагаа хэдийд ч зарж болно хэмээсэн Засгийн газрын шийдвэрт итгэсэн иргэд хувьцаагаа зарах хүсэлтээ хүргүүлсэн ч мөн л эхний 100 мянган төгрөг нь ч ороогүй байгаа юм. Уг нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн шийдвэрт “Хувьцааны мөнгө олгох үйл явц байнга үргэлжлэх тул хэзээ ч хүсэлт гаргаж болно" гэсэн.

Хувьцаагаа зарах хүсэлтэй иргэдийг өнгөрөгч сарын 13-наас эхлэн арилжааны банкуудаар бүртгэж эхэлсэн юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг эзэмшиж байгаа “Сайн хувьцаа” арга хэмжээний дагуу хувьцаагаа худалдах эрхтэй нэг сая 650 мянган иргэн бий гэж тооцоолсон. Хамгийн сүүлийн мэдээллээр 650 мянган иргэн хувьцааныхаа 30 хувь буюу 322 хувьцааг Засгийн газарт худалдах санал гаргажээ. Гэхдээ энэ мэдээллээс хойш хүсэлт гаргасан иргэний тоо нэмэгдсэн байна.

Иргэдээс хувьцааны мөнгөө юунд зарцуулж байгаа талаар тодруулахад, тэдний ихэнх нь амьдралаа залгуулж, өр зээлээ төлж байна хэмээн хариулсан удаатай. Тухайлбал, Банкны зээлэндээ сард 400 гаруй мянган төгрөгийг төлдөг өрх айлын эхнэр нөхөр, насанд хүрсэн хүүхэдтэйгээ хувьцааны мөнгөө авахад нэг удаагийн мөнгө нь 300 мянган төгрөг болно гэж тооцоолоход ямартай хоёр сарынхаа зээлд санаа зоволтгүйгээр төлчихөж байгаа юм.

Харин архинд толгойгоо мэдүүлэгчдийн хувьд нэг шөнийн дотор хэдэн шил үнэтэй архинд өгөөд дуусгаж байхад залуу гэр бүлүүд хүүхдийн хадгаламжинд, нөгөө хэсэг хүүхдийнхээ сүү, живхэнд зарцуулаад амьжиргаандаа зохистой зарцуулжээ. Өдгөө хэзээ санхүүжилт орж ирэх нь тодорхой бус байгаа ч иргэд үлдэгдэл 100 мянган төгрөгөө хүлээсээр. "Чиний дансанд мөнгө чинь орсон байна уу" хэмээн биенээсээ асуусаар сууна.