ЧД-ийн АН-ын бүлгийн гишүүд болон иргэд тус дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-эрдэнийг огцрохыг шаардан дүүргийн Засаг даргын тамгын газрын байранд цуглаад байна. Тэд Д.Бат-Эрдэнийг огцруулахаар өмнө нь хэд хэдэн удаа жагсаж байсан юм.

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ нь өнгөрсөн зургадугаар сард өөрийн өрөөг төсвийн 70 гаруй сая төгрөгөөр тохижуулж,  59 сая төгрөгөөр хувьдаа машин авч унасан гэдэг. Тэрээр ажлынхаа өрөөнд засвар хийлгэхдээ засварын тендерийг будилаантуулж, зургадугаар сард хийчихсэн засварынхаа тендерийг долдугаар сард хуурамчаар зарласан хэмээн иргэд ярьж байна.

Үүнийг тус дүүргийн иргэд болон АН-ын бүлгийн гишүүд эсэргүүцэж, өөрөөс нь тайлбар авахаар дүүргийн Засаг даргын тамгын газарт цуглаад байгаа нь энэ аж. Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийн хууль бус тендерийн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд саяхан засвар хийх тендерийг гуравдугаар сард хийсэн гэсэн хуурамч албан бичиг үйлдсэн гэх мэдээллийг дээрх хүмүүс өгч байлаа. Мөн АТГ-т шалгуулна гэдгээ иргэд хэлж байна.