​Орой ажлаа тараад сайхан амраад авах “гоё” санал байна. Юу гээч. Манай улсын хувьд замын түгжрэлээрээ дэлхийд толгой цохихоор орны тоонд ордог болов. Ядаж байхад автобусны бариулаас зүүгдэж явсаар байж “хөшөө” болох шахна.

Гэхдээ яахав хааяа аз таарч нэг суудалд суугаад жаахан дугжирах гэхээр тохьтой суудал ч байхгүй. Тиймээс автобусанд унтаад явах нөхцөл боломж нь бүрдчихвэл иргэдийнхээ амрах цаг, орчинг бүрдүүлж өгөх юм биш үү гэх бодол төрлөө. Өөрөөр хэлбэл, бүх том оврын нийтийн тээврийн хэрэгслийн суудлыг нь ор болгочихвол өчнөөн хүнийг баярлуулах байх даа. Ёстой найман настай жаалаас наян настай буурай хүртэл уухайн тас хүлээж авах байх. Ер нь энэ саналыг даруйхан Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд хүргүүлнэ ээ. Хотын төвөөс захын хороолол хүртэл явлаа гэж бодоход хугацааг нь тооцоолбол ойролцоогоор хоёр цаг болно. Тэгвэл энэ урт хугацаанд нийтийн тээврээ тохилог ортой болгочихоод үйлчлүүлэгчдээ амраагаад явах нь хамгийн таатай юм байна. Ийм үйлчилгээг нэвтрүүлснээрээ манай улс бараг НҮБ-ын хүний эрхийн төлөөх шагнал хүртэнэ. Хамгийн сүүлд гэхэд нийслэлийн хэмжээнд нийт 373 мянга 139 автомашин хөдөлгөөнд оролцож байна гэсэн сайхан мэдээ дуулдлаа. Түүнчлэн он гарснаас хойш эхний найман сарын байдлаар нийслэлд 28 мянга 628 автомашин замын хөдөлгөөнд оролцохоор бүртгэгдээд байгаа гэсэн. Нийслэлийн зам илүү нарийн болохын зэрэгцээ хөдөлгөөнд оролцож буй автомашины тоо нэмэгдэж байгаа нь хүмүүсийн ачааллыг багасгахаас гадна амрах боломжийг ч олгох боломжтой. Бас нэг зүйл нь нийслэлийн автомашины хөдөлгөөнийг сааруулж, замын түгжрэлийг багасгах үүднээс дугаарын хязгаарлалтыг хийж байгаа.

Ер нь дугаарын хязгаарлалт хийх шаардлагагүй, харин ч замаа илүү нарийн болгочихвол сайхан юм биш үү. Энэ нь замын түгжрэлийн хажуугаар ажлаа тараад ядарсан хүмүүст нэг сайхан амарч авах боломжийг олгож байгаа. Их хотын энэ замын түгжрэл иргэдийн амралтын цагийг уртасгаж өгсөөр байвал, ядаргаанд орох хэрэг алга.

 

Э.Баясгалан