Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадмыг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Монгол Улсын аж үйлдвэр, соёл, урлаг, боловсрол, эрүүл мэнд, барилга, батлан хамгаалах, хууль эрх зүй болон бусад салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг Төрийн дээд цол, одон, медалиар шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нар өнөөдөр гардуулан өгсөн юм.

Тэднээс урлагийн ертөнцөд гурван гавьяат нэмэгдлээ. Тодруулбал, Монгол кино нэгтгэлийн ахмад ажилтан, дуу оруулагч Төрмөнхийн Карма, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Лхагвын Дэмидбаатар, Шилдэг өнгө продакшны жүжигчин Осорын Бат-Өлзий нарыг МУГЖ цолоор шагнасан юм.

Эрхэм жүжигчдээ уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.