Монгол поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлагийн гаргасан уран бүтээл болгон нь сонсогчдоос өндөр үнэлгээг авдаг. Байгуулагдаад долоон жилийн нүүр үзэж байгаа хамтлагийнхны хөдөлмөр зүтгэлийг төрөөс үнэлж Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнав.

Шагналыг өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Соёлын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр гардуулж, БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулах газрын мэргэжилтэн, Үндэсний их баяр наадмын Соёл урлагийн салбар хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жанцансамбуу байлцлаа.

2012 онд "Удиртгал" нэртэй анхны бие даасан цомог, 2013 онд "Төгсгөлгүй эхлэл" тоглоллолтоо 100% амьд оркестртой амилуулж, 2014 онд Их эзэн Чингис хааны талбайд тоглолтоо амжилттай зохион байгуулж өнгөрөгч нэгдүгээр сард "Надад үлдсэн найз" мюзикл зэрэг олон бүтээлээрээ олны талархлыг хүлээгээд байсан тус хамтлагийнхнаас МУСТА цол тэмдгээр энгэрээ мялаасны дараа уулзлаа.

“Увертюра” хамтлагийн ахлагч, МУСТА Г.Пүрэвдагва: Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын өмнө Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасандаа туйлын их талархалтай байна. Хамтлаг маань байгуулагдаад долоон жил болж байна. Байгуулагдсан цагаасаа эхлэн бид Монголын яруу найрагч, хөгжмийн зохиолчдын бүтээл болон ардын дууг поп опера чиглэлээр дуулах зорилготой байгуулагдсан. Зорилгодоо багагүй хэмжээнд хүрсэн гэж харж байна. Долоон жилийн хугацаанд нилээн хэдэн уран бүтээл хийлээ. Тэр дундаа 2013 онд анхны бие даасан тоглолтыг хийсэн. Үүний дараа DVD хэвлүүлэхийн зэрэгцээ хөдөө орон нутагт тоглож, Монгол улсын Ерөнхийлөгчийн айлчлалаар хамт явсан. 2016 оны хавар бид “Надад үлдсэн найз” мюзиклийг хийлээ. Юуны өмнө Уран бүтээл хийхэд хамгийн их туслалцаа үзүүлсэн, хамтлагийг байгуулахад нөлөө оруулсан “Анир” студийн продюсер, МУСТА Б.Алтанхуяг ахдаа маш их баярлалаа. Хоёрт, манай хамтлагийн нэрийг өгсөн, ХБК-ийн багш СТА Б.Сүхээ найруулагчдаа их баярлалаа. Монгол улсын гавьяат жүжигчин, төрийн шагналт Д.Сосорбарам ахдаа баярлалаа гэж хэлмээр байна. Биднийг өдий зэрэгтэй явахад ойлгож, тусалж дэмждэг гэр бүл, ижий аав нартаа баярлалаа гэж хэлье. Хүндэтгэлийг бид алдахгүй улам хичээж ажиллах болно. Шинэ уран бүтээлүүдээрээ үзэгч олондоо бэлэг барина

 

“Увертюра” хамтлагийн дуучин, МУСТА Г.Пүрэвдагва А.Шинэбаяр: Хийсэн бүтээснийхээ төлөө тууштай зүтгэж явсныхаа үр шимийг хүртэж байгаадаа баяртай байна. Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан хэмээх энэ эрхэм хүндтэй цолыг авахад “Увертюра” хамтлагийнхантай ойр байсан, хамтарч ажилласан бүх хүнд баярлалаа. Үзэгч, сонсогчдодоо баярлалаа, бүгдэд нь баярлалаа. “Анир” студийн захирал, “Увертюра” хамтлагийн продюссер, МУСТА Б.Алтанхуяг ахдаа маш их баярлалаа. ХБК-ийн багш СТА Б.Сүхээ, Монгол улсын гавьяат жүжигчин, төрийн шагналт Д.Сосорбарам ахдаа маш их баярлалаа. Маш олон хүнд баярлалаа гэж хэлмээр байна. Итгэл урмыгтань алдахгүй хичээж ажиллах болноо.

“Увертюра” хамтлагийн дуучин, МУСТА Л.Ренчинням: Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг авсандаа баяртай байна. Залуу хүмүүс өшөө ихийг хийх урам дэм болж байна гэж бодож байна. Олон сайхан уран бүтээл хийхээр зорьж байгаа. Зорьж байгаа бүхнээ хийх ташуур авлаа. Багш нартаа, Анир студийн хамт олондоо, хамтарч ажилладаг бүх байгууллагуудаа, Төрийн банкийн хамт олон, гэр бүл, нутаг орныхондоо баярлалаа. Цаашид хичээх болно.

 

“Увертюра” хамтлагийн дуучин, МУСТА Ж.Ганбаатар: Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын өмнө төрдөө үнэлүүлж Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг авсандаа маш их баяртай байна. Цаашдаа хамтлаг маань олон зүйл хийхээр төлөвлөөд байгаа. Ази, дэлхийн хэмжээнд хүсэл зорилгоо биелүүлэхийн төлөө ажиллаж, улам илүү хичээх болно. МУСТА Б.Алтанхуяг ахдаа болон дэмжсэн бүх хүнд баярлалаа.