ЕАШТ Португалийн хөлбөмбөгийн шигшээ багийн ялалт байгууллаа. Тэд өнөө өглөө нутгийн эзэд болох Францын шигшээ багийг нэмэлт цагт Эдерийн хийсэн цорын ганц гоолын ачаар буулган авч түүхэндээ анх удаа Европын аварга хэмээх эрхэм цолыг хүртлээ.

Тэмцээний найм дахь минутад Пойеттэй мөргөлдөж баруун гуяныхаа бүдүүн булчинд гэмтэл авсан Роналду хэсэг хазагнаж алхасан ч гэлээ тоглолтыг үргэжлүүлэх боломжгүй нь ойлгомжтой болж 25 дахь минутад талбайг орхисон.

Лидерээ алдсан ч гэлээ португальчууд ухаалаг хамгаалсаар үндсэн цагийг дуусгаж Сантушын оронд сэлгээгээр гарсан Эдер нэмэлт цагийн хоёрдугаар үед гуч орчим метрээс хүчтэй цохиж гоол оруулснаас багаа аваргын тавцан руу хөтөллөө. Роналду “би 2004 оноос хойш энэ мөчийг мөрөөдлөө. Дасгалжуулагчийн маань гаргасан тактик тун сайн ажиллаа. Миний амьдрал, хөлбөмбөгчийн замналын маань хамгийн сайхан мөч маань өнөөдөр тохиох хувьтэй байжээ” хэмээв.