Гэрэл зургийг www.mpa.mn-c ашиглав

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Монгол Улсын заан Чимэдрэгзэнгийн САНЖААДАМБА улсын арслан Э.Оюунболдоор найм даван, их шөвгийн дөрөвт үлдэж, МОНГОЛ УЛСЫН ГАРЬД цолны болзол хангалаа.

Хүчит бөхийн барилдааны наймын даваанд Улсын аварга С.Мөнхбат цолны эрэмбээр улсын аварга Г.Эрхэмбаярыг амласан. Улсын арслан П.Бүрэнтөгс шинээр Улсын зааны цолны болзол хангасан Улсын начин Р.Пүрэвдагвыг, Улсын арслан Н.Батсуурь мөн шинээр Улсын зааны цолны болзол хангасан Улсын харцага Б.Пүрэвсайханыг амлан авч, Улсын арслан Э.Оюунболд, Улсын заан Ч.Санжаадамба нар тунаж үлдсэн билээ.