Бяцхан түүх сөхье…

Энэ удаагийн УИХ-ын болон Аймаг, нийслэлийн сонгуулиар Монголын ард түмэн МАН-д итгэл үзүүлж, үнэмлэхүй суудал олголоо. Ийм цаг үед МАН-ын дарга М.Энхболд болон намын удирдлагууд намынхаа өнгөрсөн 15 жил доторх түүхийг давтаж болохгүй. 2000 онд АН ялагдаж, МАН УИХ-ын 76 суудлаас 72 суудлыгн авч үнэмлэхүй олонх болсон үедээ Н.Энхбаяр гэдэг “хэмжээгүй эрхт эзэн”-ийг өөрсдөө ч мэдэлгүй төрүүлчихсэн байдаг. Н.Энхбаяр Монгол төрийн хамгийн өндөр албан тушаал болох УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг хашиж байсан цорын ганц хүн. Тэрбээр “цагтаа цалгиж, цалингаа аваад наргиж явсан” нэгэн. Харамсалтай нь буруу “наргичихсан” гэдэг.

Монголчууд бид аливааг амархан мартах ард түмэн юм. Монголын төрийг 2000-2008 он хүртэл МАН /хуучнаар МАХН/ удирдаж байх цаг үед Намбарын Энхбаяр гэдэг хүн бараг л “хэмжээгүй эрхт хаан” байлаа. Тэрбээр бүр 2000 оноос эхлэн засаг төрийн бодлогыг ганцаар тодорхойлж, улс төрд хэнийг оруулах, хэнийг унагах, хэнийг сайд, дэд сайд болгохыг шууд ба шууд бусаар мэддэг байсан гэдэг. 2000 онд МАН засгийн эрхийг авсны дараачаас Н.Энхбаярын “засаглал” эхэлсэн гэж болно. Тэрээр бизнесийн салбар болон гадаад дотоодод их дээд сургууль төгсөж ирсэн залуусыг өөрийн үзэмж болон хөрөнгө бэлний чинээгээр нь ангилж, төрийн өндөр албан тушаалуудыг тэдэнтэй “наймаалцаж” эхэлсэн гэдэг. Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа 2002 оны 3 сарын 21-ний өдөр өөрийн сонгогдсон Баянгол дүүргийн иргэдтэй уулзах үеэрээ “миний өрөөнд 500 сая төгрөг өгье гэсэн хүн орж ирснийг би хөөж гаргасан” хэмээн ам алдсан байдаг. Хожим нь үүнийгээ тайлбарлахдаа: “Би бухимдаад тэгээд хэлчихсэн юм” гэж мэлзсэн байдаг. Ер нь сайд, дэд сайдын суудал 500 саяас 1 тэрбум төгрөгийн ханштай гэх зэрэг яриа эндээс үүдэлтэй байдаг. /Өдрийн сонин, 2002 оны 3 сарын 29, №077/

Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа өөрийн багт олон залуусыг татан оруулж ирсэн байдаг. Эдгээр хүмүүсийн тоонд МАН-аас өнөөгийн УИХ-ын гишүүн С.Баяр, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил, Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар, Я.Содбаатар, Д.Зоригт нар бол АН-аас Н.Энхбаярын дэмжлэгээр улс төрд орсон хүмүүс бол Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Х.Баттулга, Л.Гансүх нар болон Н.Энхбаяртай далдуур үгсэн хуйвалдаж, бизнесийн эрх ашигаа нэгтгэж ирсэн Алтангадас фракц, Н.Алтанхуяг нарын нэрийг дурьдаж болно.

Эдгээр улс төрчид өдгөө олны талархалыг хүлээсэн туршлагатай улс төрчид гэгдэж байгаа ч үнэндээ нам дамжсан бизнесийн бүлэглэл, хувийн эрх ашгийн төлөөх фракц төдийхөнөөс хэтрэхгүй гэж хэлж болох. Тэдэнд улс орны төлөөх хоёргүй сэтгэлээр ажиллах чин эрмэлзлэл, шударга үнэнч зарчим, эх оронч сэтгэлгээ гэж юу л байх аж.

Н.Энхбаяр Ерөнхий сайд байхад эдгээр хүмүүс яамдуудад сайд, дэд сайдын үүрэгт ажил хашиж байсан. Тэдний зарим нь сайдын суудлыг Н.Энхбаяраас “наймаалцаж” авсан гэдэг яриа ч ард олны дунд гарч байсан цаг үеийг бид одоо таг мартжээ.

Н.Энхбаяр бүхнийг мэдэн “дураараа дургиж байхад” түүний бодлогыг эсэргүүцэн улс төрд хүчтэй дуугарсан ганц хүн бол УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх юм. Гэвч У.Хүрэлсүх гишүүн ингэснийхээ төлөө “фургон” автомашины хэрэг болох 11 сая төгрөгийн хэргээс болж золтой л шоронд оролгүй салж байсан удаатай.

 

“Хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа” гэдэг…

Ардчилалыг “булшилж”, авилгалын “загалмайлсан эцэг”-ээр “тодорч” явсан Н.Энхбаяр авилга, албан тушаалын гэмт хэргээсээ болж яллагдан аавын хаалга татаж байсныг бид мэднэ. Тэгвэл Н.Энхбаяр гэдэг хүн ганцаараа энэ бүхнийг хийгээгүй нь хэн бүхэнд ойлгомжтой. Тэрээр улс төрд, намуудад “шургуулсан” өөрийн талын хүмүүсээр дамжуулан дээрх бусармаг үйлдлээ хэрэгжүүлсэн байдаг. “Муу зүйл модон улаатай” гэж монголчууд ярьдаг. Төрийн эрх мэдлийг хувьдаа ашиг хонжоо олох арга хэрэгсэл болгон урвуулан ашиглаж, авилга, хахуулийн хэргийг аалзны тор мэт сүлжээ болгож, монголын төрийг “хордуулсан” Н.Энхбаяраас улбаатай эдгээр эрхмүүдийн “хорт” үйл хэрэг өнөө цагт балараагүйгээр үл барам харин ч бадамлан асах шинжтэй боллоо. Ингэж түүний гар хөл болж байсан хүмүүс МАН-ын далбаан дор 2016 оны сонгуулиар засгийн эрхэнд “хүч түрэн” орж ирлээ. Гэхдээ Н.Энхбаярын оролцоогүйгээр.
Үнэндээ тэд бол Н.Энхбаярыг туг барьж явахад нь хажууд нь байж, түүнийг “тахин шүтэхээс холгүй” хамгийн их дэврээсэн хүмүүс. Харин Н.Энхбаярыг “тугал хариулж ”явахад нь түүнээс нүүр буруулж, аль болох танихгүй, холбоо хамаарал байгаагүй мэт дүр эсгэн “нүүрээ нуусан” хүмүүс. Ёстой нөгөө “хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа” гэж үүнийг л хэлэх биз. Н.Энхбаяр яагаад улс төрөөс үхэн хатан зууралддагийн нууц ч үүнтэй холбоотой. Учир нь түүний нэгэн адил төрийн хөрөнгийг идэж уусан “тэжээврүүд” улс төрд үнэлэгдэж, түмэнд хүндлэгдэж байхад тэднийг өсгөж өдий зэрэгт хүргэсэн хүн улс төрөөс хол байна гэдэгт Н.Энхбаяр одоо болтол итгэж чадахгүй байгаа юм.

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Энхбаяр Ерөнхийлөгч болж чадалгүй Ц.Элбэгдоржид ялагдсныг заримдаа “монгол түмний аз” гэж боддог. Хэрвээ тиймгүйсэн бол хүзүүндээ прокурорын байгууллагатай, баруун мутартаа Ерөнхийлөгчийн эрх мэдэл, зүүн мутартаа Ерөнхий прокурорын байгууллага болон АТГ-ыг атгасан Н.Энхбаяр 1937 оны хэлмэгдүүлэлтийг дахин эхлүүлж, өөртөө таалагдаагүй хэнийг ч “аавынх” руу илгээхэд бэлэн болсон байсан гэдэг. Дээр нь Монголын төрд авлига, хээл хахууль улам гаарч, шударга ёс уланд гишгэгдэж, ганц хүний засаглал төрд гаарах байсан биз. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ямарч байсан төрд шургалсан авлигын хэрэгтнүүдтэй хатуу чанга тэмцэх бодлого барьсны хүчинд төрийн өндөр албан тушаалыг улайм цайм наймаалцдаг байдал арилсан гэж хэлж болно.

 

Н.Энхбаяртангуудын балаг

Нэгэн цагт мандаж явсан Н.Энхбаярын байгуулсан МАХН 2012 оны сонгуулиар “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл” сонгуульд оролцон суудал авснаар олонхи болж чадаагүй АН-тай хамтран засаг байгуулж ажиллав. Энэ үед гэмт хэрэгтэн болж яллагдсан Н.Энхбаяр өнгөрсөн 4 жилд МАХН-ын засгийн газрын гишүүдийн зөвхөн өөрийгөө суллуулах, ялгүй болгохын төлөө командлан “ажиллуулав”. Солонгос улсад эмчлүүлж байгаа нэртэй тэрээр БНСУ-аас МАХН-ын засгийн газрын гишүүдийг шууд удирдсан гэж хэлж болох. МАН-ын гишүүдийг Засгийн газраас хөөсөн түрүү жилийн зуны үйл явдлыг АН-дахь өөрийн “тэжээврүүдээрээ” дамжуулан амжилттай гүйцэтгэв. Дараа нь улс орноо хөгжүүлж “өшөөгөө” авахаар ирсэн гэх Н.Энхбаяр Шийдлийн засгийн газрыг огцруулахаар “шантаажилж”, өөрийгөө ялгүй болгох шийдвэр гаргуулахаар улайран зүтгэв. Адаг сүүлд нь төрийн ордон дахь Шадар сайдын өрөөг эзэгнэн, шадар сайдыг хурлын зааландаа нүүлгэн байж сонгуульд орох хор найруулав. Гэвч Монголчууд түүний бусармаг үйлдэлд хангалттай хариу барьж чадсан нь сонгуулийн үр дүн байлаа. Ингээд хамгийн шүүмжлэгдсэн, намаас хөөх тухай ярьж байсан, оймсонд хавчуулагдаж гишүүн болж байсан гэх О.Баасанхүү 2016 онд сонгуулиар Н.Энхбаярын байгуулсан МАХН-д ганц суудал авч ирлээ. Одоо харин Н.Энхбаярын монголын төрд нөлөөлөх хорт нөлөө харьцангуй бага боллоо гэж тайвширч болох ч Н.Энхбаярын заасан замаар замнагч, түүний “өсгөсөн тэжээврүүд”-ийн хор арилаагүй байна.

Монголчууд бидэнд өвөг дээдсээс өвлүүлэн үлдээсэн Таван толгой, Оюу толгойн баялагийг улс орны эрх ашигт хор хохиролтой байдлаар байгуулсан булхайтай гэрээний эзэд болох С.Баяр, Д.Зоригт, Н.Алтанхуяг, С.Баярцогт нар, Ерөнхий сайдын албан тушаалыг С.Баяраас бие өвдлөө гэдэг шалтгаанаас нь хамааран наймаалцан авсан, мөн Чингис зочид буудлын хувьчлалын Н.Энхбаяртай үгсэн “хямд үнээр” авсан гэх Сү.Батболд, 7 сарын 1-ны үйл явдлын үеэр цэрэг цагдаагийн байгууллагад галт сумаар гар нүцгэн иргэдийн эсрэг буудах тушаал өгсөн гэж яригддаг Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил, гадаад дотоодын олон компанид хувь эзэмшдэг Д.Цогтбаатар нарт 2016 оны УИХ-ын сонгуулиар байгуулагдсан Засгийн газарт сайд болох эрх байгаа гэж үү.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын хувьд Хууль зүйн сайдад нэр горилох бүү хэл УИХ-ын чуулганы Хууль зүйн байнгын хороог удирдах ёс суртахууны эрх байхгүй.

Тэд МАН дотор фракц үүсгэн М.Энхболдыг шахамдуулж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Мэргэжлийн Засгийн газарт сайдын суудал горилж байна.

Сү.Батболд тэргүүтэй дээрх нөхдүүд энэ удаагийн сонгуулиар өөрсдийн эртэй сайндаа биш, МАН-ын рейтинг сонгогчдын дунд өндөр байсантай холбоотойгоор дахин сонгогдож УИХ-ын гишүүн болсон гэдгээ мартах учиргүй. Тэд Монгол төрийн “хайр хишиг”-ийг харамгүй хүртсэн хүмүүс. Гэсэн атлаа дахин сайд дарга болохоор улайран зүтгэхийн цаана юу нуугдана вэ?

Түүнчлэн олон хүмүүс энэ засгийн газарт С.Баяр сайдаар ажиллах байх гэж харж байгаа. Гэвч С.Баярын хувьд улс төрд дахин ороход нэлээд хүндрэлтэй болсон сурагтай. Учир нь түүнийг улс төрд хошуу дүрвэл С.Батболдын фракцынхан Эрдэнэт үйлдвэртэй холбоотой “Жастын Ш.Батхүү” –ийн гэх 140 сая ам.долларын хэргийг сөхнө хэмээн “сүрдүүлж” байх магадлалтай. С.Баяр Ерөнхий сайд байхдаа Засгийн газрын нэрийн өмнөөс хуурамч баримт бичигт баталгаа гаргаж, Өмнөд африкийн “Стандарт” банкнаас 140 сая зээл авахад “гар бие оролцсон” гэдэг.

 

М.Энхболдод алдах эрх байхгүй

Ямартай ч УИХ-ын энэ удаагийн сонгуулиар хүссэн хүсээгүй УИХ-ын 65 суудал авсан намын дарга та. Танай намд, танд Монголын ард түмэн итгэл үзүүллээ. Хүнд хэцүү цаг үед улс орноо удирдах нөхцөл байдал МАН-д тулж ирлээ. Ийм цаг үед сонгуулийн мөрийн хөтөлбөртөө амласан Мэргэжлийн засгийн газар байгуулах ажлаа хэрэгжүүлэхдээ аль болох “давхар дээл”-ээс татгалзахыг хүсэх байна. Дээр нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2020 оны УИХ-ын сонгуульд амжилттай оролцохын тулд МАН-ын дарга М.Энхболд танд алдах эрх байхгүй. Та тойрон хүрээлэгчдийнхээ хэтэрхий их бялдуучлал, даргаа даргаа гэсэн нүсэр зусардалтанд автан бусдыг үгээр үг хийж, төрийн ажлыг явуулахдаа тулбал Н.Энхбаярын түүхийг давтаж болзошгүй. Мөн дээр нь төрд ажиллахдаа алдаа гаргасан хүмүүст дахин итгэл бүү үзүүл. Тэд фракц байна уу, хүчтэй байна уу хамаагүй.

Монголын ард түмэн МАН-аас улс орноо удирдаж, хөгжилд дэвшилд хүргэх зөв бодлогыг хүсэж байгаа болохоос хувийн эрх ашгаа улс орны эрх ашгаас дээгүүрт тавьсан улс төр, бизнесийн бүлэглэлийн явцуу эрх ашгийг хүлээгээгүй гэдгийг эрхбиш та анзаарч байгаа биз ээ. Увайгүй нэгэнд эрх өгөн өндөрт гаргаснаар улс орны хөгжил дэвшил ухран зогссон түүхийг бид мартах учиргүй.

 

А.Тамир