Дэлхийг Монголд-Монголыг Дэлхийд уриатай Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн түүхт 95 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Монгол Улсыг гадаадад сурталчлах, дэлхий нийтэд өрнөж буй үйл явдлын мэдээ мэдээллийг дотооддоо түгээх зорилгоор 1921 оны долдугаар сарын 19-нд Монголын Засгийн газрын гишүүдийн зургадугаар хурлаар Дотоод хэргийн яамны харьяанд “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо”-г байгуулсан нь Монгол Улсын хэвлэл мэдээллийн болон сэтгүүл зүйн түүхнээ цоо шинэ хуудас нээсэн нь МОНТА буюу өнөөгийн МОНЦАМЭ агентлаг байгуулагдаж, эдүгээ 95 жилийн сүүдэр зооглон их ойгоо тэмдэглэж байна.

1921 оны гуравдугаар сарын 19-нд МОНЦАМЭ агентлагийн анхны мэдээ “Монголчуудын бослого” мэдээ бичиж, хилийн чанадад цацсан байдаг. Монголчууд эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж, боссон тухай өгүүлэх энэхүү товч мэдээ МОНЦАМЭ агентлагийн төдийгүй манай орны гадаадад мэдээлсэн анхны хэвлэлийн мэдээ болж, тухайн сарынхаа 30-нд ЗХУ-ын "Правда" сонины №68-д хэвлэгдсэн түүхтэй. Энэ үеэс хойш МОНЦАМЭ агентлаг Монголыг олон улсад сурталчлах үүргээ амжилттай биелүүлж, Орос, Хятад, Япон, Англи хэлээр, Босоо монгол бичгээрээ 7 хоног тутам сонин гаргаж, өдөр тутам тогтвортой үйл ажиллагаа явуулж буй мэдээллийн www.montsame.mn цахим хуудсыг ажиллуулж байна.

Мөн улирал тутмын “Mongolia Today” сэтгүүлийг эрхлэн гаргаж буй юм. Мөн өдөр тутам англи, орос хэлээр " МОНЦАМЭ Daily news", "МОНЦАМЭ новости" товхимол ч уншигчдын гарт очиж байна.

МОНЦАМЭ агентлаг 21 аймаг болон Москва, Бээжин хотод байнгын сурвалжлагч томилж, улс орноо гадаадад таниулан үнэн бодит мэдээ мэдээллээр хангах үүргээ нэр төртэй биелүүлж байгаа билээ.

Манай байгууллага Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын мэдээллийн агентлагуудын нэгдсэн төв ОАНА-ын гишүүнээр элсэж, бусад агентлагуудтай тогтмол мэдээлэл солилцдог. Тухайлбал, ОХУ-ын ИТАР-ТАСС, Риа-Новости, Их Британийн Ройтерс, БНХАУ-ын Синьхуа, БНСУ-ын ЁНАП, БНТУ-ын Анадолу, Казахстан улсын Казинформ зэрэг агентлагийг нэрлэж болох юм. Манай агентлаг мэдээллийн агентлагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан мэдээллээ үнэ төлбөргүй солилцон, жил бүр сэтгүүлч, техникийн ажилтнуудаа харилцан солилцож улс орноо гадаадад таниулан сурталчилж байна.

Мөн Монгол Улсад болж буй үйл явдлын тухай мэдээ мэдээллийг өдөр тутам ОАНА-ын мэдээллийн нэгдсэн сан www.oananews.org цахим хуудсанд нийлүүлж ирлээ. Ойн хүрээнд өнөөдөр үе үеийн ахмад буурлууд ажилтан албан хаагчддаа хүндэтгэл үзүүлж хүлээн авалт зохион байгуулахаас гадна энэ сарын 22-нд Эрдэм шинжилгээний хурал болж үе үеийн МОНЦАМЭ-гийн захирлууд илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлнэ.