Аз нь шовойдоггүй улс олон байна. Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс НӨАТ-ын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Иргэн, аж ахуйн нэгж худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн дүнгийн хоёр хувийг буцаан авч, сард хоёр удаа сугалаанд оролцох боломжтой болсон.

Мөн иргэн бүр худалдан авалтынхаа үнийн дүнгийн 20 хүртэл хувийг буцаан авч, татвар төлснийхөө урамшуулалд сугалаагаар мөнгө хожих боломжийг хуульчилж өгсөн юм. Ингэснээр нэлээдгүй олон хүний "аз" гийсэн. Харин таван удаа азтан болоод 20 сая төгрөгийг нэг хүн хожоод байхад 20 мянган төгрөгийг ганц ч удаа хожоогүй хүмүүс олон байна. Аз нь шовойгоогүй хүмүүс сугалааг худлаа явагддаг байх хэмээн хардаж эхэллээ.

Сугалааны азтангаа долоо хоног бүр тодруулдаг байсан бол журмаа шинэчилж сардаа нэг удаа сугалааны азтанаа тодруулдаг болсон билээ. Энэ онд нийт 18 удаагийн сугалааны тохирол явагдах аж. Үүнээс сүүлийн таван удаагийн сугалаанд иргэд ихээхэн идэвхитэй оролцох болж. Арга ч үгүй биз ээ хүмүүс худалдан авалтаасаа илүү их мөнгө хожоод байхаар баримтаа бүртгүүлж азаа үзэхээс өөр яахав.

Ийнхүү иргэдийн идэвхитэй оролцооны хүчинд татварын орлого 99 хувийн биелэлттэй байгаа ажээ. Хууль хэрэгжсэн өдрөөс өнөөдрийг хүртэл 700 гаруй мянган иргэн нийт 19 сая баримт бүртгүүлжээ.

Аз нь шовойдоггүй улсын жагсаалтыг 400 сая төгрөгийн эзэн болсон хоёр иргэн тэргүүлсэн. Тэднийг супер азтан боллоо гэж орон даяар зарлачихаад дараа нь шагналаа өгөх дээрээ тулахаараа хуурамч баримт бүтгүүлсэн байна хэмээн олонд тунхагласан. Гэтэл өнөөдрийг хүртэл супер азтан тодроогүй л байна. Харин шагналын сан 675.900.000 төгрөг болж өсчээ.