Монголын сайтын холбоонд 103 сайт нэгдэж, Удирдах зөвлөлийн 21 гишүүнээ сонголоо    

Монголын сайтуудын нэгдсэн чуулган өчигдөр боллоо. Монголын сайтуудын нэгдсэн чуулганыг зохион байгуулах болсон шалтгаан нь Харилцаа холбооны зохицуулах газраас Мэдээллийн сайтууд дахь сэтгэгдлийн харилцааг зохицуулах журмыг өнөөдөр батлахтай холбоотой.

Өөрөөр хэлбэл, Харилцаа, холбооны зохицуулах хорооныхон дээрх журмыг зарим сайтын удирдлагуудтай тохиролцон яаралтай батлах гэж байсныг чуулган зохион  байгуулагчид түр хойшлуулах хүсэлт гаргасан. Гэвч тэдэнд маш богино хугацаа өгсөн учраас ийнхүү яаралтай чуулсан юм.

     Монголын сайтуудын нэгдсэн чуулганд Харилцаа, холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын газрын дарга У.Тамир хүрэлцэн ирж, дээрх төслийн талаар танилцуулж сонирхсон асуултад нь хариуллаа. Мөн төлөөлөгчдийн зүгээс гаргасан саналуудыг удирдлагууддаа уламжилж, Мэдээллийн сайтууд дахь сэтгэгдлийн харилцааг зохицуулах журмын төсөлд тусгах боломжтойг албан ёсоор дуулгасан юм. Оюуны өмчийн газрын төлөөллүүд ч бас холбогдох хууль тогтоомж, оюуны өмчийн талаар мэдээлэл хийв.       

Чуулганд нийт 89 сайтын удирдлага, сэтгүүлчид, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд оролцож, салбартаа тулгамдаж буй олон асуудлыг хэлэлцэв. Өөрөөр хэлбэл, Харилцаа, холбооны зохицуулах газраас батлах гэж буй Сэтгэгдлийн харилцааг зохицуулах журмын төсөл, зохиогчийн эрхийн асуудал, сэтгүүлчдийн оюуны бүтээлийг хамгаалах буюу мэдээний хулгайтай тэмцэх, Монголын сайтуудыг нэгтгэсэн төрийн бус байгууллага байгуулах талаар хамтдаа ярилцаж шийдвэрлэлээ. Чуулганд нийт 89 сайтын удирдлага, сэтгүүлчид, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд оролцож, салбарынхаа хөгжлийн төлөө хамтран ажиллахаар болж, Монголын сайтын холбооны бодлого, үйл ажиллагааг шинэчилж, өргөн хүрээнд ажиллахаар болов. Тус холбоонд өмнө нь 37 сайт нэгдэж байсан бол энэ удаад 66 сайт нэмэгдэн ажиллахаар болж, Удирдах зөвлөлийн гишүүдээ сонгосон юм.

Монголын сайтын холбооны удирдлагын багийг ерөнхийлөгч, таван дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн 21 гишүүнтэйгээр бүрдүүлсэн бөгөөд төлөөлөгчдийн дунд санал хураалтыг ардчилсан зарчмаар нээлттэй явууллаа. Төлөөлөгчдийн олонхийн саналаар MASS.MN сайтын ерөнхий захирал Ж.Жаргалсайханыг Монголын сайтын холбооны ерөнхийлөгчөөр сонгож, Сургалт, хөгжлийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Д.Баясгалан, Санхүү, гишүүнчлэл хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Э.Болортулга, Маркетинг, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгчөөр Б.Мөнхдөл, Хууль, ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Б.Цоожчулуунцэцэг, Мэдээллийн технологи хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Ж.Нямбаярыг сонголоо.

Мөн Хяналтын зөвлөлийг таван хүний бүрэлдэхүүнтэй ажиллуулахаар болж, тэргүүнээр нь zone.mn сайтын эрхлэгч Х.Мандахбаярыг сонгов. Эгнээндээ мэдээллийн болон бусад төрлийн сайтуудыг нэгтгэсэн Монголын сайтын холбоо нь их хурлаа хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар тогтсон юм.

Монголын сайтын холбоонд 103 сайт нэгдэж, Удирдах зөвлөлийн 21 гишүүнээ сонголоо
Монголын сайтын холбоонд 103 сайт нэгдэж, Удирдах зөвлөлийн 21 гишүүнээ сонголоо
Монголын сайтын холбоонд 103 сайт нэгдэж, Удирдах зөвлөлийн 21 гишүүнээ сонголоо