2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 260 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 181 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 13 бүртгэгдэж, 17 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 4 хүүхэд өртсөн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал: ЧД-ийн нутаг Хайлаастын зам, Сургалтын төвийн зүүн замд T.Vitiz маркийн авто машины жолооч Э нь явган зорчигч 09 настай эмэгтэй Ш, 07 настай эмэгтэй Н нарыг мөргөж гэмтээсэн. Явган зорчигч нар нь асран хамгаалагчгүй замын хөдөлгөөнд оролцож явсан.

БЗД-ийн нутаг Нарны зам, Ногоон төгөл хотхоны 170-р байрны зүүн замд T.Prius маркийн авто машины жолооч Х нь унадаг дугуй унаж явсан 15 настай эрэгтэй Т-г мөргөж гэмтээсэн.

2016 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 573 бүртгэгдсэн, ослын улмаас 19 хүүхэд амь насаа алдаж, 554 хүүхэд гэмтэл авснаас 113 хүүхэд хүндэвтэр, хүнд гэмтсэн байна. Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүүхдийн 89.4 %-ийг орон нутаг эзэлж байхад гэмтсэн хүүхдийн 66.49-ийг нийслэлд эзэлж байна.

Замын тээврийн осолд өртөж буй хүүхдүүд ихэвчлэн асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслээр буруу тээвэрлэдэг \хамгаалах суудал хамгаалах бүсийг хэрэглэж хэвшихгүй байгаа\ гарц гарамгүй хэсгээр, ойртон ирсэн тээврийн хэрэгслийн урдуур гүйх, зуны улиралд унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцдог зэрэг хүчин зүйлээс шалтгаалан амь нас эрүүл мэндээрээ хохирсоор байна. Үр хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах, аюулгүй замын хөдөлгөөнд оролцуулах тал дээр онцгойлон анхаарах нь эцэг эх асран хамгаалагч та бүхнээс ихээхэн шалтгаалж байна.