"Оюутан цэрэг-2016" хөтөлбөрт хамрагдсан 49 их, дээд сургуулийн 741 оюутан өчигдөр Эзэн Чингисийн талбайд эр цэргийн тангараг өргөлөө.

Гурав дахь жилдээ хэрэгжиж буй уг хөтөлбөрт нийт 2500 оюутан хамрагдсан байна. Энэ онд хөтөлбөрт хамрагдахаар 4000 оюутан бүртгүүлснээс 1000 нь цэрэгт хамрагджээ. Тэднээс 741 оюутан Улаанбаатар хот, Батлан хамгаалахын их сургуулийн “Сургалт дадлагын төв”-д, Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хээрийн сургалтын төвд баруун 5 аймгийн 150 оюутан, Дорнод аймаг дахь Зэвсэгт Хүчний 327 дугаар ангийн хээрийн сургалтын төвд 95 оюутан хамрагдсан юм. Өнөөдөр нийслэлийн 741 оюутан тангараг өргөсөн бол Дорнод, Ховд аймгийн алба хаагчид маргааш тангараг өргөх аж.

Энэ үеэр Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, “Оюутан цэрэг” бол иргэн хүнд маш үр өгөөжтэй, сайн хөтөлбөр. Цаашид энэ хөтөлбөрийн цар хүрээ улам өргөжинө. Хамрагдах сургууль, оюутны тоог нэмнэ. Мөн МСҮТ-д суралцагчдыг ч хамруулна. Эрэгтэй хүүхэд бүрийг цэргийн албанд хамруулах чиглэл баримтална. Ийм байдлаар Монгол Улс бодлогоо тодорхойлж байгаа. Эрх зүйн орчин ч энэ чиглэл рүү явж байна. Эрэгтэй хүүхэд бүрээ цэргийн албанд хамруулах төрийнхөө бодлогыг халуун дотноор дэмжихийг эцэг эхчүүдээс хүсье” хэмээв.

Энэ жилийн оюутан цэргүүд цэргийн мэргэжлийн бэлтгэл хичээлээр жагсаалын бэлтгэл, биеийн тамир, холбооны бэлтгэл, инженерийн бэлтгэл, галын бэлтгэл, тактикийн бэлтгэл, цэргийн байр зүй, амьд гарах ухаан зэрэгт суралцсан аж. Мөн байлдааны буудлагатай хээрийн сургууль хийжээ.

Энэ талаар “Оюутан цэрэг” хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч, доктор профессор, гавьяат багш Г. Мягмаржав, “Цэргийн алба хаах 1 жилийн хөтөлбөрийн 75 хувийг түргэвчилсэн сургалтаар дөрвөн сарын хугацаанд эзэмшүүлж байгаа “Оюутан цэрэг” хөтөлбөр гурав дахь удаагаа амжилттай хэрэгжиж өндөрлөлөө. Оюутан цэргүүд эхний хоёр сардаа их дээд сургууль дээр цэргийн ерөнхий бэлтгэл хийсэн. Дараа нь эрүүл мэнд болон бусад шалгалтууд өгч, цэргийн хээрийн бэлтгэлийн сургалтанд хамрагджээ. Хээрийн бэлтгэл сургуулилт нь 560 цаг буюу 12 кредитийн хичээл үзсэн. Эр цэргийн тангараг өргөснөөр оюутнууд нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгт буудагч гэсэн цэргийн үндсэн суурь мэргэжил эзэмшинэ. Үүнээс гадна батлан хамгаалахад бэлтгэлжилтэй дайчилгааны нөөцийн нэгдүгээр зэргийн үүрэгтэй иргэдийн тоо нэмэгдэж байна. Мөн оюутнууд энэхүү хөтөлбөрт хамрагдсанаараа төрийн албанд ажиллах эрхтэй болохоос гадна, эдийн засгийн хувьд ч хэмнэлтэй. Хугацаат цэргийн албан хаагчид 4 сая 800 мянга төгрөгийн зардал гаргадаг бол оюутан цэргүүд 1 сая 300 мянган төгрөг бүхий улсын зардлаар цэргийн алба хааж байна” гэлээ.

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн сургалтын шалгалт, шалгуурыг давж өнөөдөр цэргийн тангараг өргөсөн залуусын 90 гаруй хувь нь онц, сайн, 200 гаруй оюутан “Онц буудагч” дүнтэй төгсчээ. Ингээд “Оюутан цэрэг”-үүдийн сэтгэгдлийг хуваалцлаа.

Оюутан цэрэг Б.Аюуш, Эр хүн болсныхоо хувьд цэргийн алба хааж, тангараг өргөж байгаадаа баяртай байна. 4 сарын хугацаанд хувь хүний төлөвшил тогтож, эр цэрэг болох эхний алхмаа хийсэн гэж бодож байна. Буудагч мэргэжилтэй төгсөж байна.

Ц.Тэлмүүн, Би дөрөвдүгээр рот хоёрдугаар салааны байлдагч. Манай ротын залуусын хувьд дөрвөн сарын хугацаанд зарим нь жин хассан, тамхинаас гарсан гээд олон л өөрчлөлт гарсан. Харин миний хувьд маш их сэтгэлийн хаттай болсноос гадна бие бялдраа хөгжүүлсэн. “Оюутан цэрэг” хөтөлбөр залуусын зан төлөвт эергээр нөлөөлсөн гэж бодож байна. Учир нь бид зөвхөн өөрийгөө боддог байсан бол хүнд, хэцүү нөхцөлд найз нөхөддөө тусладаг болсон.

Б.Билгүүн: “Би АНУ-д суралцдаг. “Оюутан цэрэг”-т тавдугаар ротын дөрөвдүгээр салаанд бэлтгэл сургуулилт хийсэн. Өнөөдөр тангарагаа өргөлөө. Сэтгэгдэл маш өндөр байна. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар иргэнийхээ үүргийг гүйцэтгээд зогсохгүй цэргийн алба хаах мөрөөдлөө биелүүлсэн. Олон зуун жилийн түүхтэй, Хүннү, Чингис хааны үеэс уламжлалтай ардын армид зүтгэнэ гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг. Бид буудлага хийж, базукаар буудаж сурсан. Анх нэг километр гүйгээд бахарддаг байсан бол одоо 30 гаруй километрийн маршид торохгүй гүйдэг болсон. Эр цэргийн алба гэдэг бол тэсвэр тэвчээрийн алба байдаг юм байна.

"Оюутан цэрэг"-ийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа болон МОХ, их дээд сургуулийн захирлууд оролцов.

Эх сурвалж: Монцамэ.мн