Сүүлийн үед интернет орчинг зөв ашиглаагүйгээсээ болж иргэд хохирох болсон. Он гарсаар Монгол улсын хэмжээнд зургаан удаагийн цахим гэмт хэрэг бүртгэгджээ. Манай улсад Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс энэ төрлийн хэргийг “шийдвэрлэдэг” байна. Тодруулбал, он гарсаар интернет орчинд бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэмт хэрэг 2, интернет орчинд мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэн явуулсан 2, интернет орчинд садар самууныг сурталчилсан 2 нийт 13 холбогдогчтой 6 гэмт хэргийг илрүүлэн шалгасан байна. Тухайлбал:

  • Иргэн У нь фэйсбүүк орчинд бэлгийн гаж урсгалыг сурталчлан садар самуун агууламжтай дүрс бичлэг, зураг зэргийг нийтлэн бусдад тараасан, сурталчилсан, насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн зүй бус үйлдэлд уруу татсан зэрэг гэмт хэрэг үйлдсэнийг,
  • Иргэн Н нь “фэйсбуүк орчинд бүлгэм үүсгэн садар самуун агууламжтай, дүрс бичлэг, зураг зэргийг нийтлэн бусдад тараасан сурталчилсан гэмт хэрэг үйлдсэнийг,
  • Иргэн О, С нар нь интернет орчинд хууль бус мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа зохион байгуулж их хэмжээний орлого олсон,
  • Иргэн С нь интернет орчинд иргэн Э-гийн нэр хүндийг гутаасан мэдээ баримт тараахаар дарамтлан сүрдүүлж 50,000 /тавин мянга/ ам.долларыг нэхэмжлэн шаардсан гэх хэргийг үйлдсэн зэрэг гэмт хэргүүдийг илрүүлэн шалгаад байна.

 

Үүнээс гадна олон улсад үйлдэгдэж буй интернет орчинд үйлдэгдэх санхүүгийн луйврын гэмт хэрэгт манай улсын иргэд өртөх нь буурахгүй байна. Ямар нэг сугалаанд хожсон, өв залгамжлагчаар сонгогдсон, их хэмжээний мөнгөн дүнтэй бэлэг хүлээн авах болсон зэрэг шалтгаанаар иргэдийг хууран мэхэлж гэмт этгээдүүд өөрсдийн дансанд урьдчилгаа болгон бага бус хэмжээний мөнгийг шилжүүлэн авдаг

Мөн таньж мэдэхгүй гадаадын фэйсбүүк хэрэглэгчидтэй найз болж, тэдэнтэй онлайн байдлаар дотно харилцаанд орох, өөрийн хувийн зураг, бичлэгээ гэмт этгээдүүдэд алддаг байна. Үүний улмаас гэмт этгээдүүдийн дарамтад орж мөнгө шилжүүлэх асуудал их гарч байгаад анхаарч үл таних фэйсбүүк хэрэглэгчидтэй харилцахгүй байх, эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийнхээ интернет хэрэглээнд хяналт тавьж тогтмол хугацаанд тэдний интернет харилцааг шалгах байдлаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Мөн гадаад худалдаа эрхэлж буй аж ахуй нэгж байгууллагууд цахим шуудангийн луйврын гэмт хэрэгт өртөж онц их хэмжээний мөнгийг гэмт этгээдүүдийн гарт алдах хэрэг сүүлийн жилүүдэд манай улсад гарсаар байна. Өөрөөр хэлбэл танай байгууллага гадаадын аль нэг байгууллагатай төлбөр тооцооны мэдээллээ цахим шуудангаар солилцдог бол энэ төрлийн гэмт хэрэгт өртөх бодит эрсдэл үүссэн байна гэсэн үг. Тиймээс энэ төрлийн хэргээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Үүний тулд харилцагч байгууллагаас "Манай дансанд аудитын шалгалт орсон гэх аль эсвэл ямар нэг байдлаар төлбөр хүлээн авах боломжгүй байгаа тул энэ дансанд дараагийн төлбөрийг шилжүүлнэ үү" гэх агуулга бүхий шууданг танай байгууллага хүлээн авсан бол дээрх дансны мэдээллийг зайлшгүй утсаар болон бусад аргаар баталгаат сувгаар баталгаажуулах шаардлагатай. Үгүй бол тухайн шууданг гэмт этгээдүүд таны харилцагчийг төлөөлж илгээсэн байх өндөр магадлалтай юм. Энэ төрлийн луйврын гэмт хэрэг Монгол улсын томоохон худалдааны байгууллагууд өртөж байгаа тул төлбөр. тооцооны асуудалдаа анхаарал, сонор сэрэмжтэй хандаж байхыг анхааруулж байна.

Харин Фэйсбүүк хэрэглэгч хэн бүхэн дараах зөвлөмжийг анхаарна уу. Таны анхаарал, болгоомжгүй байдлыг ашиглан таны фэйсбүүк болон бусад хаягт нэвтрэх нэр, нууц үгийг фишинг болон бусад залилан мэхлэх аргуудаар хулгайлан авч гэмт хэрэг үйлдэхдээ ашиглах явдал сүүлийн үед нэмэгдэж байгаа. Тиймээс өөрийн хэрэглэдэг нууц үгийг тогтмол өөрчилж, шаардлагагүй холбоос, файл дээр дарахгүй байх, өөрийн гap утасны дугаар болон төрсөн он, cap, өдрөөрөө нууц үгээ хийхгүй байх зэрэг зөвлөмжүүдийг дагахыг анхааруулж байна.

Хэрэв та дээрх төрлийн гэмт хэргийн хохирогч болсон бол Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандах хэрэгтэй. Мөн фэйсбүүк орчинд олон нийтэд мэдээ, мэдээлэл өгөх, интернет хэрэглэгчдээс гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авах зорилгоор “Цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба” нэртэй фэйсбуүк хуудсыг хөтлөн явуулж байгаа. Тиймээс интернет хэрэглэгч та бүхэн уг хуудсанд нэгдэн орж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахад анхаарна уу.