Айхавтар хүмүүс чинь албан тушаалаа өгөхдөө хэлэх юмаа хэлдэг юм билээ. Э.Бат-Үүл сая хотын даргын албаа Су.Батболдод өгөхдөө “За хө би чамд 100-гаад тэрбумтай данс хүлээлгэж өглөө шүү” гэж олны нүдэн дээр хэлсэн.

С.Ламбаа Эрүүл мэндийн сайдын албаа өгөхдөө олон улсын хөтөлбөр, хөнгөлөлттэй зээл, тусламжийн тэдэн сая доллар байгаа. Түүнийг шинэ сайд ингэж ашиглах хэрэгтэй дээ гэж зөвлөчихөөд гэр рүүгээ алхсан. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ч гэсэн Энэтхэгээс өгөх нэг тэрбум доллар, Хятадаас өгч буй нэг тэрбум юанийн урт хугацааны хөнгөлөлттэй зээлүүдийн талаар хэлж яриад ажлаа өгсөн байлгүй. Ер нь ажлаа өгсөн бүх л сайд, дарга нар ингэсэн гэж бодож байна. Гэтэл МАН-ынхан ямар санаатай юм мэдэхгүй, юу ч үгүй хувхай хоосон улс орныг хүлээж авсан мэтээр ярьж ард түмний санаа бодлыг үймүүлж эхэллээ. Өмнөх дөрвөн жилд АН-ынхны ард түмний төлөө хийсэн бүгдийг хориглож, цуцалж эхэллээ.

Хамтын тэтгэврийн тухай хуулийг цуцаллаа. Ингэснээрээ 50 тэрбумыг хэмнэх гэнэ. Өнөө албан тушаалын наймаанд ирэх 60 тэрбумд нь хүрэхгүй мөнгө байгаа биз дээ. Хүүхдийн 20 мянгыг зогсоолоо. Баян хоосноор нь ялгаварлаж өгөх гэнэ. Байрны зээлээ яая гэж байгаа багш залуу баяных нь тоонд ороод явах нь тодорхой. Оюутны 70 мянга байхгүй боллоо. Ингэснээр 2016 онд гэхэд 11.7 тэрбумыг хэмнэх гэнэ. МАН-ын залуус казинод тоглохдоо 12 тэрбумыг өлхөн алдчихаад нэг нь даагаад гарчихдаг мөнгө. Оюутны автобусны билетийн тал үнэ байхгүй, МСҮТ-д суралцагчдын тэтгэлгийг зогсоолоо. Уг нь МСҮТ-ийг сэргээсний хүчинд бүгдээрээ дээд боловсролтой болно гэдэг өвчин эдгэж, мэргэжлийн ажиллах хүчинтэй болж байсан улс юмсан. Төрийн албан хаагчдын зургаан сарын тэтгэмж гурван сар боллоо. Эмнэлгийн ажилчдын урамшуулал хойшлогдлоо. Төрийн өндөр албан хаагчид, шүүгчдийн цалин танагдлаа. Эдгээр хасч танасан мөнгө нь нийлээд МАН-ын цагаан байрыг босгосон мөнгөнд хүрэхгүй юм билээ. Цаашлаад хувь хүний орлогын албан татварын хэмжээг нэмлээ. Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авахаар боллоо. Онцгой албан татварын хувь хэмжээг нэмсэн нь суудлын авто машинд гэхэд 3-15 хувиар татвар нэмэгдлээ гэсэн үг. Томоохон амбаартай байхад ч хүндхэн боллоо. 150 метр квадратаас дээш бол бас л татвар төлөх нь. Тэтгэврийн насыг нэмлээ. Нийгмийн даатгалын шимтгэл маань ч таван пунктээр нэмэгдэх нь. Ард түмний халаасыг хоосолж, ёстой нэг модоо барьсан гуйлгачингууд болгох нь.

МАН-ынхан чинь одоо юу болчихоо вэ. Та нарт бараг 100 хувь итгэл хүлээлгэсэн ард түмнийхээ ачийг ингэж хариулж байгаа юм уу. Улс орны эдийн засаг хүндэрлээ гэсэн ганц үгээр ард түмнийг цаашид хэрхэн дарамтлахыг таашгүй байна. Үнэхээр хүнд байгаа юм бол дэд сайдынхаа орон тоог хас. Хийх ажилгүй ийм албан тушаалаар яах гэсэн юм. Гааль, Татвар, МХЕГ-аас эхлээд тэр олон хүчний байгууллагын дэд дарга нарын орон тоог нэмэхээ боль. Монголын нийгэм бол дэлхийд байхгүй тайван амгалан нийгэм. Хэнийгээ мөрдөн мөшгиж, тагнуулдаж, байцааж, хорих гээд байгаа юм бэ.

МАН-ынхны засаглалд гарснаасаа хойш хэлдэг ганц үг нь мөнгө хөрөнгө байхгүй байна. Хийдэг ганц ажил нь тэр газрын даргыг тэгж солилоо, энэ яамны сайдыг ингэж томиллоо. Үүнээс өөрийг хийсэнгүй. Урьд нь байсан АН-ын нөхөд болохоор “Бид тийм сургууль, цэцэрлэг барина. Ийм үйлдвэрийг дэмжинэ, энэ замыг ашиглалтад оруулна. Тэдэн тэрбумын бонд босголоо, үүгээрээ ийм зах зээлээ дэмжинэ. Эдийн засаг дахь мөнгөний эргэлт энэ салбартаа ийм байна. Тэр салбартаа тийм байна” гээд ам уралдан ярьдаг, тэр нь худлаа биш байсан. Тэнд ч сая тоннын цементийн үйлдвэр ашиглалтад орлоо, энд ч тэдэн км-ийн зам нээлтээ хийлээ гээд мэдээ цувдаг байж. Энэ мэдээллүүдтэй нь зэрэгцээд МАН-ынхан “Эндээс нь тэдэн төгрөг иджээ, тэндээс нь тэдэн хувийн авлига авчээ” гээд нийгмийн сэтгэл зүй рүү чихдэг. АН, МАН хоёрын ялгаа энэ л юм байна. АН нь онгироо, бас хийдэг, МАН нь муу санаатай амладаг. АН нь ажил хийснээрээ баалуулж, муулуулж байдаг. МАН нь ажил хийхгүй дүлий дүмбэ царайлж байдгаараа буурьтай, суурьтай харагддаг. Ийм л ялгаатай улс төрийн хүчнүүд юм байна.

Монгол Улс өнөөдөр эдийн засгийн хувьд тийм нөөцгүй, потенциалгүй болчихсон юм уу! Монголбанкны нөөц, өндөр үнэтэй зарах эрдэс баялаг хоёроор эдийн засгаа босгоно гэхээс өөрийг МАН-ынхан олж харахгүй байна гэж үү. Үнэндээ зах зээлийн эдийн засаг гэдэг бол төр мөнгө босгодог юм биш. Иргэд, аж ахуйн нэгж мөнгө босгож зах зээлд эргэлдүүлэхийг хэлдэг юм. Наад зах нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дүүрэн байгаа, багаар тооцоход 500 тэрбум орчим төгрөгийн үнэтэй дутуу баригдсан барилга обьектууд балгас, үхмэл хөрөнгө болоод хэвтэж байна. Хөрөнгө оруулалт байхгүй. Төсвөөс хийгдэх ёстой. Төр мөнгө босгох ёстой гэсэн хаа хаанаа ойлголттой болчихсон. Тэгвэл эдгээр балгасуудаа бүгдийг нь хувийн хэвшлийнхэн, иргэддээ 100 мянган төгрөгөөс дуудаад худалдчих. Хагас их наяд төгрөг иргэд, аж ахуйн нэгжээс орж ирнэ. Төр биш ард түмэн мөнгө босгодог, баялаг бүтээдэг юм гэдэг чинь энэ. Капиталист Герман, социалист Германаа 15-хан жилийн дотор босгоод ирсний нууц юу гээч. Соц Германыхаа өмчийг иргэдэд нь нэг доллараас эхэлж дуудаад өгчихсөнд байдаг юм. Баруун германчуудаас нэг доллар ч гараагүй. Үр дүн нь санаанд багтамгүй гарсан. Өмчтэй болсон иргэд баруун Германы банкуудаас зээл авч эхэлсэн. Зээлээрээ маш их ажлын байр бий болгосон. Хамгийн том үр дүн нь эдгээр хүмүүс маш том татвар төлөгчид болж хувирсан. Тэрнээс манайхан шиг алт зарж олсон банкны нөөц, иргэдээ дарамтлан авч буй эцсийн нэг төгрөгийн татвараараа эдийн засгаа сэргээх гэдэг юм биш. Энэ мэт наад захын санхүүгийн гарцуудыг МАН-ынхан бүгдээрээ тэнэг биш болохоор мэдэж л байгаа. Гэтэл хийхгүй байгаа нь ямар учиртай юм бол!!!

Хоёр үзүүлэлт хэлье. Дэлхийд хамгийн өндөр үнэтэй малын дотор мах манай зах дээр нохойн хоол гээд лангуу дүүрэн хэвтэж байна. Дэлхийд хамгийн өндөр үнэтэй бензинийг монголчууд хэрэглэж байгаа хэрнээ гудамжинд нь машин багталцахгүй байна. Энэ нь тэгээд эдийн засаг нь хямарч, дефольт болж буй улсын шинж тэмдэг мөн үү. Эдийн засаг үнэхээр хямраад сүйд болсон бол өлссөн ард түмэн гудамжинд гараад жагсдаг нь дэлхийн практик. Тэгэхгүй байгаа нь эдийн засаг хямраагүйг хэлж байна.

Тэгээд ямар шалтгаантай юм бэ гэж асуух хүмүүс гарах байх. Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсон шалтгааныг судлаачид дүгнэхдээ “Улстөрчид өөрсдийн нөлөөний компанийнхаа өрийг улсаар төлүүлэх гэж шахалт дарамт үзүүлэхэд нь үгүй гэж хэлснийхээ төлөө огцорсон” гэдэг юм. Үнэхээр тийм бол, төрд гарсан луйварчид компанийнхаа өрийг ард түмнээр төлүүлэх оршлоо хийж “Улс орны эдийн засаг сүйрлээ” гэж байгаа бол ард түмэн харин үүнийх нь эсрэг тэмцэх ёстой. Та нарт сайн санаж сонгосон ард түмнийхээ итгэлийг ингэж гутаан доромжилж болохгүй. Та нарыг сонгосон ард түмний ачийг ингэж хариулж болохгүй.